Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1186

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д

улсын яллагч М.С (томилолтоор),

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Т. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0194 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт Т. Б, Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эрүүл мэндийн статистикч мэргэжилтэй, Цэргийн төв эмнэлгийн Статистик мэдээлэл арга зүйн тасагт цахим бүртгэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Орчлон хорооллын .. дугаар байр .. тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЕП0000000.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Т.Б нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Орчлон хорооллын .. дугаар байрны .. тоотод байрлах гэрийнхээ үүдэнд иргэн С.Л-г түлхсэний улмаас хохирогч нь хананд толгойгоо цохиж, С.Л-н биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БАИ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Орчлон” хорооллын .. дугаартай байрнуудын ашиглалтыг хариуцан ажилладаг. Тэгтэл .. дугаар байрны .. тоотын оршин суугч нь ус, дулаан ашиглалтын төлбөр төлөхгүй. Шаардлага тавихаар шүүхдээд ав гээд байдаг. Бид хуулийн дагуу сар болгон өр, төлбөр төлөх талаар мэдээлэл хүргүүлж, утсанд нь мессеж бичиж, мэдэгдэл удаа дараа тараасан. ...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хагас сайн өдөр би өөрийн биеэр очиж уулзахад 30 орчим насны эмэгтэй гарч ирээд “мэдэж байгаа ээж, аавтайгаа холбогдоод хэлнэ” гэхээр нь би “миний дэргэд ярьчих” гээд хэлтэл чи зайлаа гээд энгэрээс хоёр гараараа зуураад түлхсэн... Би ус, дулаан ашигласны төлбөрөө төл гэж шаардлага тавьсан чинь нэрийг нь мэдэхгүй эмэгтэй заамдаж байгаад түлхэж би хана савж унаад газар ойчсон...Гомдолтой байна. Эмчилгээ хийлгэмээр байна эмнэлгийг зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Натур эмнэлэгт КТГ-т 2 удаа харуулсан, дараа нь бариачид бариулсан нийт эмчилгээний зардал 260.000 төгрөгийн зардал гарсан. ...Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

2. Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.Л-тай нэг компанид ажилладаг. ...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр менежер надтай хамт ...Орчлон хорооллын .. дугаар байрны .. тоотод амьдрах айлын хүнтэй уулзаж ус, дулааны мөнгөө хугацаанд нь төлөх талаар...уулзаж байгаад сүүлдээ тэр айлын эмэгтэй хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл тэр айлын эмэгтэй манай менежерийн цээж хэсэгт хүчтэй түлхэх үед менежер хана савж газар жингээрээ унасан. Тэгээд тэр эмэгтэй хаалгаа хаачихсан. Тэр айл ус, дулааны төлбөрөө өгөхгүй жил гаран болж байгаа би урьд нь 4-5 удаа очиж мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4104 дугаар дүгнэлт

“...Зулайн баруун доод хэсэгт овойж хавдсан, нуруу, зүүн гар, хөлөөр өвчин эмзэглэл ихтэй.

2019.04.01-ний өдөр Натур эмнэлгийн Толгойн КТГ-д: ...Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан бага зэргийн хавантай, ...хамрын таславч зүүн тийш хуучин мурийлттай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. С.Л-н биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

4. Шүүгдэгч Т.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буюу бямба гарагт хүү Б-ний хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Орчлон хорооллын .. дугаар байрны .. тоотод гэртээ амарч байтал 12 цагийн орчим хаалга тогшсон. Тэгэхээр нь “хэн бэ? гэхэд орон сууцны байцаагч байна” гэхээр нь хаалгаа онгойлготол бас нэг хүнтэй манай гэр лүү дайраад гэрт орж ирэх гээд байсан. Яах гэж байгаа юм гэтэл байрны мөнгөө төлөөгүй байна...гэхээр нь би төлөхгүй биш төлнө...гэтэл ороод ус хаана гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36)

- Хохирлын 249.200 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 11),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 43), Цэргийн төв эмнэлгийн ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 44) хохирлын төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 94) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Орчлон хорооллын .. дугаар байрны .. тоотод гэрийнхээ үүдэнд, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр иргэн С.Л-г түлхсэний улмаас хохирогч нь хананд толгойгоо цохиж, түүний биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хохирогч С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Орчлон” хорооллын .. дугаар байрны .. тоотын оршин суугчтай ...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хагас сайн өдөр би өөрийн биеэр очиж уулзахад 30 орчим насны эмэгтэй гарч ирээд “мэдэж байгаа ээж, аавтайгаа холбогдоод хэлнэ” гэхээр нь би “миний дэргэд ярьчих” гээд хэлтэл чи зайлаа гээд энгэрээс хоёр гараараа зуураад түлхсэн... би хана савж унаад газар ойчсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр менежер надтай хамт ...Орчлон хорооллын ... дугаар байрны .. тоотод амьдрах айлын хүнтэй уулзаж ус, дулааны мөнгөө хугацаанд нь төлөх талаар...уулзаж байгаад сүүлдээ тэр айлын эмэгтэй хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл тэр айлын эмэгтэй манай менежерийн цээж хэсэгт хүчтэй түлхэх үед менежер хана савж газар жингээрээ унасан. Тэгээд тэр эмэгтэй хаалгаа хаачихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4104 дугаар дүгнэлт “...1. С.Л-н биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26) нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “ус дулааны мөнгө нэхэж, ус хаах гэлээ” гэх сэдэлтээр, хохирогч С.Л-г түлхсэний улмаас хохирогч нь хана мөргөж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б нь хохирогч С.Л-г түлхсэний улмаас хана мөргөсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хана мөргөснөөс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Т.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л нь эмчилгээний зардалд баримтаар 249.200 (хавтаст хэргийн 11) төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан болох нь (хавтаст хэргийн 94) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгч Т.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0194 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Т. Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ