Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 6951

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 7 тоотод оршин суух Мэргэн овогт Өгөөдэйн Гантөмөр /Регистрийн дугаар ЧН82022615/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Уламбаярын Халиун /Регистрийн дугаар ЦБ73121461/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ө.Гантөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40д-65 тоотод оршин суух Уламбаяр овогтой Халиунд холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хариуцагч У.Халиун нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тус хороны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдоод байгаа, мөн гар утас нь /91901214/ холбогдох боломжгүй сураггүй байгаа гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2016/22876 тоот шүүгчийн захирамж гарсан. Иймд Уламбаяр овогтой Халиуныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Ө.Гантөмөр нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Уламбаярын Халиун /Регистрийн дугаар ЦБ73121461/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Ө.Гантөмөр нь газар худалдан авсны төлбөр болох 6,500,000 төгрөгийг У.Халиунаас гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2016/22876 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Иймд, У.Халиуныг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

Хүсэлт гаргагч Ө.Гантөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 40д-65 тоотод оршин суух хаягтай Уламбаярын Халиун /Регистрийн дугаар ЦБ73121461/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР