Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 33

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгч Б.С , А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005910003 дугаартай, 163/2020/0033/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар /тэнсэж хянан харгалзсан/ тус тус шийтгүүлсэн, Б овогт А.Б.

Монгол улсын иргэн, малчин, ам бүл 4, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, А овогт Б.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С , А.Б  нарыг бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутаг “Ө” гэх газраас Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн Л.Г ын 4 тооны үхрийг хулгайлж 4100000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 1915005910003 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.С  нь Улаанбаатар хотоос Булган аймгийн Гурванбулаг суманд ирж 2019 оны 12 дугаар сарын 02-ныы өдөр А.Б той уулзаж “мөнгөний хэрэг байгаа” талаараа ярилцаад Б.С , А.Б  нар нь гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутаг “Ө” гэх газраас Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн Л.Г ын 4 тооны үхрийг “Kia Bongo 3” загварын **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4100000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь “...уг 4 тооны үхэр махалсан гэх газар нь ...Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсгийн 408 тоот км шонгоос баруун хойд зүгт 22 км зайд Өвөрхангай аймгийн “Зүүнбаян цагаан” сумын 3 дугаар багийн нутаг “Харын ар” гэх газар байлаа. ...Малын саравчны дотор талын зүүн урд булангийн хэсэг газрын гадаргуу цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба уг газарт малын цус булсан гэж заасныг фото зургийн аргаар бэхжүүлэв. Мөн малын саравчны дээвэр дээр 60x1.40 см хэмжээтэй модон тавиур байсан бөгөөд гадаргуу нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг тавиур дээр малын мах тавьж байсан гэснийг Б.С оор заалгуулж фото зургийн аргаар бэхжүүлэв. Малын саравчны зүүн урд талд 110 м зайд 60х23 см хэмжээтэй саарал өнгийн тал хуванцар сав байх ба дотор тал нь мөн улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. ...Малын толгой, шир, шийр, сэвс болон мал гаргасан хутга зэргийг заалгуулан үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд уг малын саравчнаас зүүн урд зүгт 17 км зайд малын шир, сэвс зэрэг байв. Малын толгой, шийр, хутга олдоогүй болно” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-21 тал/,

иргэний нэхмжлэгч Г.Э гийн өгсөн: “Kia Bongo 3” загварын **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “Нэт капитал лизинг” ХХК-ний өмчлөлд байдаг. Энэ тээврийн хэрэгслийг, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 8500000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай А овогтой Б  гэх хүн лизингээр фидуцийн гэрээ байгуулж худалдан авсан ...сар бүр мөнгөө төлөөд явж байгаа. ...Өөрийн компаний өмчлөлд байгаа “Kia Bongo 3” загварын **-**УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Г ын өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 6-ны өдрийн хооронд Булган аймгийн ...ийн нутаг “Ө” гэх газраас 4 тооны үхэр хулгайд алдсан юм. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөө манай үхэр гэрийнхээ гаднаас бэлчээртээ явахдаа бүрэн байсан ба маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн үед үхрээ бүртгээд үзтэл манай үхэрнээс нийт 4 тооны үхэр байхгүй байсан юм. Тэгээд дутсан 4 тооны үхрээ одоог болтол гэрийнхээ ойр хавиар хайгаад олохгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Булган аймгийн Гурванбулаг сумын малын ченж Б.Т  гэдэг хүнээс миний данс руу 2800000 төгрөг орсон байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Б.С , А.Б  нар миний 5546103770 дугаарын дансанд 1300000 төгрөг шилжүүлсэн юм. Б.С , А.Б  нар миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-38-42 тал/,

гэрч Б.Т ийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Б.С , Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн иргэн А.Б  нараас 4 тооны үхрийн мах 1 тооны үхрийн шир худалдан авсан ба уг 4 тооны үхэр нь нийт 559 кг болсон юм. Тэгээд уг 4 тооны үхрийн махны үнийг 1 кг нь 5000 /таван мянга/ төгрөгөөр бодож нийт 2795000 төгрөгөөр авсан юм. Мөн 1 тооны үхрийн ширийг нь 5000 /таван мянга/ төгрөгөөр авсан юм. ...2800000 төгрөгийг Лхасүрэнгийн Г  гэх хүний 5546103770 тоот дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,

алдагдсан малд зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн: “эвэртэй шар тарлан зүсмийн эр үхэр 850000 төгрөг, мухар хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1200000 төгрөг, мухар шар тарлан халзан зүсмийн нас гүйцсэн эр үхэр 1200000 төгрөг, мухар хүрэн зүсмийн цавь цагаан шүдлэн насны эр үхэр 850000 төгрөг” гэх дүгнэлт /хх-47 тал/,

тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19456 дугаартай: “Нэт капитал лизинг” ХХК-ийн эзэмшлийн “Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгсэл 9500000 төгрөг” гэх дүгнэлт /хх-55-59 тал/,

шүүгдэгч А.Б ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр урьд өмнө надтай хамт Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байсан манай таньдаг дүү болох С Булган аймгийн Гурванбулаг суманд гэртээ байсан.Тухайн өдөр би сумын төвд дэлгүүрийн гадаа С той таараад бид 2 ганц нэг пиво уусан юм.Тэгээд сууж байхад С  надад мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн ба бид хоёр манай гэр лүү сумын төвөөс миний эзэмшлийн **-** УБГ дугаартай “Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Манай гэрт очоод бид хоёр мал  хулгай хийхээр манай гэрээс хойшоо явган  явсан. Явж байх замд буюу Булган  аймгийн ... “Ө” гэх газарт байсан 50 гаран тооны үхрээс 2 тооны шар тарлан шүдлэн үхэр, 1 тооны шүдлэн эр үхэр, 1 тооны бүдүүн эр үхэр, нийт 4 тооны үхрийг тууж яваад эзгүй байсан айлын саравчинд хашиж орхиод С  бид хоёр буцаад манай гэрт ирсэн. Гэрт ирж байж байгаад шөнийн 03 цагийн үед миний машиныг асаагаад хашиж орхисон 4 тооны үхрээ машин дээрээ ачаад Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан юм.Тэгээд өдөр нь ойр хавьд хүн харж байгаад эзгүй өвөлжөө байхаар нь 4 тооны үхрээ буулгаж нядлаад буцаад махыг нь машин дээрээ ачаад буцаад Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явж байгаад замдаа баригдаж саатуулагдсан..." гэх мэдүүлэг /хх-74-76 хуудас/,

Шүүгдэгч Б.С ийн яллагдагчаар өгсөн: “...Б  ахын гэрт нь очиж байж байгаад бид хоёр мал хулгай хийхээр явган явцгаасан. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд явж байхад замд нэлээд олон тооны үхэр таарахаар нь 4 тооны үхэр тууж яваад эзэнгүй байсан хаваржаан дээр хашиж орхиод буцаад Б  ахын гэр лүү явсан. Тэгээд тэдний гэрт очоод Б  ахын машиныг аваад хашиж орхисон үхрээ очиж машин дээрээ ачаад зарж борлуулахаар Өвөрхангай сумын Хархорин сум руу явж байгаад замдаа төөрсөн.Тэгээд өглөө болохоор нь эзэнгүй хаваржаа хайж олоод машин дээр ачсан 4 тооны үхрээ буулгаад махалж янзлаад махыг нь машин дээр ачаад Хархорин сум руу зарж борлуулахаар тээвэрлэж яваад замдаа баригдаж саатуулагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-78-81 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

“Мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Б.С , А.Б  нар нь шөнийн цагаар тээврийн хэрэгсэл ашиглан өөрөөр хэлбэл сумын төвөөс хулгай хийх зорилгоор тээврийн хэрэгсэлтэй гарч ойролцоо айлын гадна тавьж орхисон, бусдын 4 тооны үхрийг бэлчээрээс барьж хашчихаад буцаж тээврийн хэрэгслээ авч үхрийг тээвэрлэж айлын эзэнгүй хашаа, саравч хайж олоод өөрийн өмчийн адил захиран зарцуулж буй хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Г т 4100000 төгрөгийн хохирол учирч, хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж, гэм хорыг арилгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амжиргааны түвшингээс доогуур орлоготой амьдардаг, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг шүүгдэгч А.Б ийн 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.С ийн 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-92-93 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-94-112 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-126-128 тал/, Засаг даргын тодорхойлолт /хх86-87 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоосон байна.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нар хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УБГ улсын дугаартай, “Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Б  нь “Нэт капитал лизинг” ХХК-ний лизингээр фидуцийн гэрээ байгуулж худалдан авсан, тээврийн хэрэгсэл уг компаний өмчлөлд байгаа болох нь иргэний нэхэмжлэгч Г.Э , шүүгдэгч А.Б  нарын өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-26 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг “Нэт капитал лизинг” ХХК-ийн өмчлөлд үлдээж, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19456 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 9500000 төгрөгийг шүүгдэгч А.Б оос гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Б , А овогт Б.С  нарыг Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Б.С , А.Б  нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.С , А.Б  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.С , А.Б  нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан **-** УБГ улсын дугаартай “Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг “Нэт капитал лизинг” ХХК-ийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 9500000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Б оос гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД