| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06989/и |
| Дугаар | 6989 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 6989
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, 5-18 тоотод оршин суух /РД:ЧМ77083012/ Энхбаатарын Дүүрэнбилэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,14-р хороо, 14-р хороолол, 88A байр, 24 тоотод оршин суух /РД:УШ90033032/ Боржигин овогт Мөнхнасангийн Ариунболд,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,14-р хороо, 14-р хороолол, 88A байр, 24 тоотод оршин суух /РД:АИ87010805/ Идэв овогт Ганзоригийн Гантуяа нарт холбогдох
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Ариунболд, Г.Гантуяа нар нь миний TOYOTA Crown 6110 УНН тээврийн хэрэгслийг барьцаалж “Бичил глобус групп” ХХК-тай 2016.01.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,900,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийг М.Ариунболд, Г.Гантуяа нарт өгсөн. М.Ариунболд, Г.Гантуяа нар нь зээлийг нэг сарын дотор төлж барагдуулан миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч өгөхөөр тохиролцсон боловч ор сураггүй алга болсон. Миний бие нь томилолтоор ажиллаж байгаад ирэхэд 08-р сарын 31-ээс хойш зээл болон зээлийн хүүг төлж барагдуулаагүй тул “Бичил глобус групп” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу миний машиныг худалдан борлуулсан байсан. Энэ талаар М.Ариунболд, Г.Гантуяа нарт мэдэгдэхэд надад миний машины үнэ болон төлж байсан хүүний төлбөртөө нийт 12,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, дээрх төлбөрийг 2016.11.05-нд төлж барагдуулахаар тохиролцон тайлбар бичгээр хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагч М.Ариунболд, Г.Гантуяа нараас 12,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Дүүрэнбилэгийн нэхэмжилж байгаа 12,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг нь хариуцагч М.Ариунболд, Г.Гантуяа нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ариунболд нь Э.Дүүрэнбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг нь М.Ариунболдын хариу тайлбартай танилцаад хариуцагч Г.Гантуяаг хариуцагчаар татахаас татгалзаж, М.Ариунболдын гаргасан хариу тайлбарын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, М.Ариунболд, Г.Гантуяа нарт холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.Ариунболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг 2016 оны 12 сарын 15-ны өдөр, үлдэх 6,000,000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний өдөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, М.Ариунболдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Г.Гантуяаг хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийн 103,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 103,475 төгрөгийг, хариуцагч М.Ариунболдоос 103,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР