Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1231

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

улсын яллагч Н.У

Иргэний нэхэмжлэгч М.Д, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч Х.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2156)

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Д

Шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ш.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903007790000 дугаартай 2 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ш.У, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Түргэн суманд төрсөн, эрэгтэй, 61 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүү, охин нарын хамт Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар МТ00000000.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ш.У нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 361-ийн гармаас Партизан явах замд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 21 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн “Кia Frontier” маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Г.Д-н хүрэн хазан зүсмийн үнээг мөргөж, улмаар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Б.Г жолоотой “Toyota Prius”  маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж,

өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч 3 настай, эрэгтэй Г.М-ий эрүүл мэндэд хүнд, 7 настай, эрэгтэй У.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,

“Toyota Prius”  маркийн тээврийн хэрэгслийн жолооч 34 настай эрэгтэй Б.Г, зорчигч 3 настай, эрэгтэй Г.Г, 9 настай эмэгтэй Г.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Приус” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.432.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар мэдүүлэхдээ:

1.Шүүгдэгч Ш.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

2.Иргэний нэхэмжлэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Миний хувьд машины зардал болон бусад зардал 7.028.000 төгрөг нэхэмжилж байна. Бусад зардалд журмын хашаа, ачлагын мөнгө орж байгаа...” гэв

3. Иргэний нэхэмжлэгч М.Д мэдүүлэхдээ: “...Энэ ослын улмаас миний болон хоёр хүүхдийн эмчилгээний зардалд нийт 394.500 төгрөгийн зардал гарсан. Тиймээс 394.500 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

4.Иргэний хариуцагч Г.Д мэдүүлэхдээ: “...Миний үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээ нь хямдхан байна. Зам тээврийн осол гардаг өдөр гэгээтэй харж болохуйц байсан. Манайх засмал замын хажууд байдаг. Өдөр түс тас гэх чимээ гарсан. Чимээ гарсны дараа нэг машин зогсож байсан. Тэгээд манай үхэр 400-500 кг жинтэй том үхэр бөгөөд тийм том үхрийг хийстэл нь мөргөсөн байсан. Өдрийн цагаар амьтны мал дайрна гэдэг хүнд хэрэг...” гэв

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 13-22),

2.Шүүгдэгч Ш.У-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 30-ны орой 20 цаг 10 минутын орчим би өөрийн эзэмшлийн хар хөх өнгийн “Kia Frontier” маркийн 00-00 УНГ улсын дугаартай ачааны машиныг жолоодон кабиндаа хүү У.Г, зээ хүү Г.М, зээ охин Г.Н нарын хамт...Партизаны сангийн аж ахуйн наахан талд байдаг 2 хөгшнийдөө очиж 3 хүүхдээ салхинд гаргах гээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг 361 дүгээр гармаас Партизан явах замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байтал 1-2 метрийн зайнд миний баруун гар талаас буюу урдаасаа хойшоогоо чиглэлтэй алаг өнгийн үхэр гэнэт зам дээр гарч ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормосоо гишгэж зүүн гар тал руугаа дарсан боловч машиныхаа баруун урд булангаар тэр үхрийн толгой цээж тал руу нь мөргөж, улмаар эсрэг урсгал руу орж өөдөөс ирсэн 1 машинтай мөргөлдсөн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 216-219),

2. Насанд хүрээгүй хохирогч У.Г төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл (1 хавтаст хэргийн 69, 70), өвчний түүх (1 хавтаст хэргийн 71-72),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн хөлийн гадна шагай хэсэгт 2х1см, 0 .5х0.3см төвдөө хүрэн бор өнгийн жижиг тав бүхий захаараа цайвар цагаан өнгийн нөсөө үүсгэн эдгэж буй зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.07.01-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: Бүх биеийн доргилт, тархи доргилт, зүүн шагайн үений гадна хавчаарын хугарал байж болзошгүй гэжээ.

2019.07.01-ний өдрийн ГССҮТ-н ЭХО-д: ...Хэвлийн хөндийд сул шингэн тодорхойлогдохгүй.

2019.07.23-ны зүүн шилбэ, шагайн 2 байрлалын рентген /СD-1ш/-р: Зүүн шагайн гадна хашлага яс хугарсан /эпифизиолиз/....гэжээ...ДҮГНЭЛТ

1. У.Г-н биед зүүн шагайн гадна хашлага ясны далд хугарал, зүүн хөлийн гадна шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 119),

- Насанд хүрээгүй хохирогч У.Г-н хууль ёсны төлөөлөгч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү У.Г-н эрүүл мэндэд ослын улмаас зүүн хөлийн гадна арьс хэсэг зулгарсан, мөн зүүн хөл нь хугарсан байсан. Өөр гэмтэл шарх учирсан зүйл байхгүй...одоо миний хүү У.Г-н эрүүл мэнд нь хэвийн болсон байгаа...миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 74-75),

3. Насанд хүрээгүй хохирогч Г.М-н төрсний гэрчилгээний хуулбар, насан тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 79-80), өвчний түүхийн хуулбар (1 хавтаст хэргийн 90-97),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун чихний өмнөд дээд гадаргуу шанаа хэсэгт 3см урд хөндлөн байрлалтай мэс заслын 3 оёдлын ором бүхий шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.06.03-ны өдрийн ГССҮТ-н Толгойн КТГ-т: ...Дух ясны баруун урд хэсэгт баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугаралтай ба титэм заадасны баруун талаас дух яс руу үргэлжилсэн жижиг хугаралтай. Мөн баруун чамархай ясанд шугаман хугаралтай. Хугарлын харалдаа гавлын хөндийд баруун дух хэсгээр хийн бөмбөлгүүд тодорхойлогдоно. ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай...баруун зулай чамархай дэлбэнгийн субарахнойдан зайнуудад цус харвалттай... зүүн нүдний эргэн тойрны болон зөөлөн эдэд хаван хавдартай. Баруун чамархай хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай хийтэй...гэжээ.

2019.07.05-ны өдрийн ГССҮТ-н давтан КТГ-д: Баруун талын дух болон чамархай ясанд шугаман хугаралтай, баруун чамархайн тархины эдэд кортикал давхаргад 1.0х0.6см хэмжээтэй тархины эдийн няцралын голомттой. Баруун нүдний ухархайн дээд хана хугаралтай. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан бага зэргийн хавантай субарахнойдол зайнуудын цус харвалт шимэгдсэн...ДҮГНЭЛТ

1. Г.М-н биед дух яснаас баруун ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, титэм заадасны баруун талаас дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархай дэлбэнгийн субарахнойдал зайн цус харвалт, баруун чамархай хуйх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шанаа хэсгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 115),

4. Насанд хүрээгүй хохирогч Г.Н-н төрсний гэрчилгээний хуулбар, насан тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 81-82),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Бид ил харагдах гэмтэлгүй.

2019.07.01-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: Бүх биеийн доргилт, тархи доргилт гэжээ.

2019.07.03-ны өдрийн ГССҮТ-н Толгойн КТГ-т: ...Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Г.Н-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 117),

- Насанд хүрээгүй хохирогч Г.М, Г.Н нарын хууль ёсны төлөөлөгч У.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Г.Н-н баруун гар талын хацар хөхөрсөн байсан. Мөн хүү Г.М-н толгой нь хагарсан, гавлын яс цуурсан, баруун шанаа хэсгийн язарсан шархтай байсан...Г.М нь гэмтлийн эмнэлэгт ослоос хойш 4-5 хоног хэвтээд эмнэлгээс гарсан...Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 84-85),

5. Иргэний нэхэмжлэгч Б.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар, (1 хавтаст хэргийн 40), 00-00 УБЯ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 41), хохирлын талаарх баримтууд (1 хавтаст хэргийн 42-48),

- Иргэний нэхэмжлэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд бид өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius” 20 маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр М.Д, хүү Г.Г, охин Г.Н нарын хамт Партизаны ногоон толгой орчхоод...харих гээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг 361 дүгээр гармаас Партизаны замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд урдаасаа хойшоогоо чиглэлтэй 10-2 метрийн зайнд нэг үхэр зам дээр гарч ирж байгаа харагдсан. Тэгтэл ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явсан машин нь тухайн үхрийг мөргөж, улмаар миний явж байсан эгнээ рүү урсгал сөрөөд яах ийхийн зуургүй орж ирээд тухайн машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-35),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун өвдөгний гадна хэсэгт 3х1см, зүүн өвдөгт 0.3х0.2см 2 ширхэг хүрэн бор өнгийн тав бүхий зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.07.02-ны өдрийн Лазар мед эмнэлгийн Толгойн КТГ-д: ...Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...тархины эдийн дунд зэргийн хаван гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Г-н биед тархи доргилт, баруун зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 128),

- ” Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6251 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайланд....Тоёота Приус 20 маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд...шууд зардал...5.362.000 төгрөг...шууд бус зардалд 1.070.000 төгрөг...үнэлгээгээр тогтоогдсон 6.432.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 130-131),

- Иргэний нэхэмжлэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр миний бие Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 дугаар давхарт байрлах Лазер мед эмнэлэг дээр толгойны томографын шинжилгээ хийлгэхэд 100.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Петростар ХХК-иар хүний машин авч явахдаа 10.000 төгрөгт бензин хийсэн, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг журмын хашаанаас ачиж авч яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг Цамбагарав худалдааны төвийн урд байрлах Авто Хүч ХХК-нд явах эд ангийн үнэлгээ, хийлгэхэд ачигч машинаар зөөвөрлөхөд 120.000 төгрөг, ...2019 оны 7 дугаар сарын 2, 6, 29, 24, 26 өдрүүдэд МТ шатахуун  түгээх станцад хүний машин гуйж авч явахдаа нийт 106.000 төгрөгт бензин хийсэн, мөн өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 6.432.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 6000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийнхөө машины гадна талын үнэлгээ хийлгэхэд 200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан...миний эрүүл мэндэд учирсан хохирол, өөрийн машины эвдрэл хохирлын үнэлгээ, бусад гаргасан зардал бүгд нийлээд 7.028.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37),

6. Иргэний нэхэмжлэгч М.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 65), хохирлын талаарх баримтууд (1 хавтаст хэргийн 65-67),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун гуяны ар доод гадаргууд 4х4 см бүдэг хөх өнгийн цус хуралттай. Бид өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.07.02-ны өдрийн Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ-д: ...гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. ...тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн...гэжээ...ДҮГНЭЛТ

1. М.Д-н биед баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 124),

7. Ганбаатарын Н-н нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 60-61),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...Ганбаатарын Н-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 122),

8. Г.Г-н нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 58-59),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...Г.Г-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 126),

9. Иргэний нэхэмжлэгч М.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр миний бие Г-н хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 дугаар давхарт байрлах Лазер мед эмнэлэг дээр томографын шинжилгээ хийлгэхэд 100.000 төгрөг, мөн хүү Г-г 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр...Лазер мед эмнэлэг дээр толгой болон аарцгийн зураг тус тус авхуулахад 220.000 төгрөг, бид хоёрын эмчилгээний зардалд нийт 74.500 төгрөг тус тус зарцуулсан...миний бие хоёр хүүхдийн хамт эмчилгээнд нийт баримттай 394.500 төгрөгийн зардал гараад байгаа боовч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 56-57),

10. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд яг зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна...Миний бие 2 жилийн өмнө 2 тугалтай үнээ, нэг тугалгүй үнээг хувь хүнээс худалдаж авч байсан. Энэ үхрүүдийн нэг нь зам тээврийн ослын улмаас мөргүүлж үхсэн...хүрэн халзан өнгийн, баруун чихэндээ шар өнгийн пайзан дээр МН625261001612 гэсэн дугаартай, гэдсээрээ цагаан өнгөтэй, удахгүй тугаллах гэж байсан амьжиргааны маань ганц сайн сүүтэй үнээ байсан... би гомдолтой байна. Үнэлгээгээр хохирлоо нэхэмжлэх болно...би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах боломж бололцоо байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101)

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-н 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1118 дугаар дүгнэлтэд “...Казакийн улаан толгойт үйлдвэр, хээлтэй, нас гүйцсэн, хүрэн халзан зүсмийн үхэр 1.500.000 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 206-209),

11. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар дүгнэлт

1. Kia Pronter маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Шар овогт Уртнасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Toyota Prius маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Үхрийн эзэн болох Г овогт Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.8. Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцох, замаар мал туухад дараах зүйлийн хориглоно: Д/ зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхих -гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Kia Pronter маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын 20.8 метр, баруун гар талын 14.3 метр тус тус мөрийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаж тэмдэглэсэн байгаа нь жолооч Ш.У-г зогсоох арга хэмжээ авсан байх үндэслэлтэй байна.

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабараторын шинжээч С.Д-н гаргасан ... дугаартай дүгнэлтэнд: ...тоормосны гишгүүр  шахагдаж гацсан байх тул ажиллагааг шалгах боломжгүй нь хурдыг тодорхойлох боломжгүй байна.

5. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 196-197),

12. Иргэний нэхэмжлэгч Б.Г-н согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 28-29), ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны хуудас Шуурхай удирдлагын хэлтэс-102-ын PCKF19356395 дугаар хуудас (1хавтаст хэргийн 23),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 1, 2, 3), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 245), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 30-31), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2 хавтаст хэргийн 4), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8770 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 112-113), өвчний түүх (1 хавтаст хэргийн 221-244) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.У-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Ш.У нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 361-ийн гармаас Партизан явах замд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 21 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн “Кia Frontier” маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа

Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Г.Д-н хүрэн халзан зүсмийн үнээг мөргөж, улмаар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Б.Г жолоотой “Toyota Prius”  маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж,

- Өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Г.М-н эрүүл мэндэд хүнд, У.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол,

- “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г, зорчигч Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн, “Toyota Prius” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 6.432.000 төгрөгийн шууд хохирол, 596.000 төгрөгийн хор уршиг, иргэний нэхэмжлэгч М.Д-д 394.500 төгрөгийн хор уршиг, иргэний нэхэмжлэгч Г.Д-т 1.500.000 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан болох нь 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 13-22),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 13-22),

- Шүүгдэгч Ш.У-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 30-ны орой 20 цаг 10 минутын орчим би өөрийн эзэмшлийн хар хөх өнгийн “Kia Frontier” маркийн 00-00 УНГ улсын дугаартай ачааны машиныг жолоодон кабиндаа хүү У.Г, зээ хүү Г.М, зээ охин Г.Н нарын хамт...Партизаны сангийн аж ахуйн наахан талд байдаг 2 хөгшнийдөө очиж 3 хүүхдээ салхинд гаргах гээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг 361 дүгээр гармаас Партизан явах замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байтал 1-2 метрийн зайнд миний баруун гар талаас буюу урдаасаа хойшоогоо чиглэлтэй алаг өнгийн үхэр гэнэт зам дээр гарч ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормосоо гишгэж зүүн гар тал руугаа дарсан боловч машиныхаа баруун урд булангаар тэр үхрийн толгой цээж тал руу нь мөргөж, улмаар эсрэг урсгал руу орж өөдөөс ирсэн 1 машинтай мөргөлдсөн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 216-219),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .. дугаар дүгнэлт “...1. У.Г-н биед зүүн шагайн гадна хашлага ясны далд хугарал, зүүн хөлийн гадна шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 119),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...1. Г.М-н биед дух яснаас баруун ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, титэм заадасны баруун талаас дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархай дэлбэнгийн субарахнойдал зайн цус харвалт, баруун чамархай хуйх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шанаа хэсгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 115),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .. дугаар дүгнэлт “...1. Г.Н-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 117),

- Иргэний нэхэмжлэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд бид өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius” 20 маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр М.Д, хүү Г.Г, охин Г.Н нарын хамт Партизаны ногоон толгой орчхоод...харих гээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг 361 дүгээр гармаас Партизаны замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд урдаасаа хойшоогоо чиглэлтэй 10-2 метрийн зайнд нэг үхэр зам дээр гарч ирж байгаа харагдсан. Тэгтэл ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явсан машин нь тухайн үхрийг мөргөж, улмаар миний явж байсан эгнээ рүү урсгал сөрөөд яах ийхийн зуургүй орж ирээд тухайн машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-35),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...1. Б.Г-н биед тархи доргилт, баруун зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 128),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...1. М.Д-н биед баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 124),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...Г.Н-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 122),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...Г.Г-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 126),

- ” Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн... дугаартай авто машин техникийн үнэлгээний тайланд....Тоёота Приус 20 маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд...шууд зардал...5.362.000 төгрөг...шууд бус зардалд 1.070.000 төгрөг...үнэлгээгээр тогтоогдсон 6.432.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 130-131),

- Иргэний нэхэмжлэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний эрүүл мэндэд учирсан хохирол, өөрийн машины эвдрэл хохирлын үнэлгээ, бусад гаргасан зардал бүгд нийлээд 7.028.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37),

- Иргэний нэхэмжлэгч М.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие хоёр хүүхдийн хамт эмчилгээнд нийт баримттай 394.500 төгрөгийн з-ардал гараад байгаа боовч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 56-57),

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэлгээгээр хохирлоо нэхэмжлэх болно...би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах боломж бололцоо байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101)

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-н 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1118 дугаар дүгнэлтэд “...Казакийн улаан толгойт үйлдвэр, хээлтэй, нас гүйцсэн, хүрэн халзан зүсмийн үхэр 1.500.000 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 206-209),

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 328 дугаар дүгнэлт “...1. Kia Pronter маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш овогт У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...3. Үхрийн эзэн болох Г овогт Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.8. Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцох, замаар мал туухад дараах зүйлийн хориглоно: Д/ зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхих -гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 196-197) зэрэг нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нь болгоомжгүйгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн нь Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Г.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх боловч Г.М нь шүүгдэгчийн зээ хүү. Нөгөө талаар Г.М-н хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогч Г.М-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв. Харин иргэний нэхэмжлэгч М.Д 394.500 төгрөгийн хохирол (хавтаст хэргийн 65, 66, 67), иргэний нэхэмжлэгч Б.Г-н 7.028.000 төгрөгийн хохирол, хор уршиг (хавтаст хэргийн 42-47) буюу нийт 7.722.500 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ш.У-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол, хор уршигт нийт 7.422.500 төгрөгийг дөрөв сарын хугацаанд гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Д-д 394.500 төгрөг олгож иргэний нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийн хөнгөн гэмтэлтэй холбоотой хор уршгийг жич нэхэмжлэх зүйтэй бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Г-т 7.028.000 төгрөгийн олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Харин иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Д-т 1.500.000 төгрөгийн хор уршиг учирсан байх боловч тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн дээрх үндэслэлээр иргэний хариуцагчийн хувиар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь хууль ёсонд нийцнэ гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Ш.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг сонслоо иргэний нэхэмжлэгч нарын зүгээс шүүгдэгчид заавал хорих ял оногдуулах шаардлагаа гэж үзэж байна. Харин иргэний нэхэмжлэгч нарын зүгээс хохирол хор уршгийг барагдуулж авах хүсэлттэй байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгч Ш.У-д улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс хүлээн авах боломжтой хэдий ч Ш.У-н холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тэрээр тухайн зам тээврийн хэрэг учралаас болж хүнд гэмтэл авсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүний биеийн байдал дээрдээгүй буюу тэргэнцэртэй хөлийн хугарал гэмтэл бүрэн эдгэрээгүй, насны хувьд өндөр настай зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлэх боловч хэрэг учрал болсон цаг хугацаа өнгөрснөөс хойш иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг өөрийн боломжит хэмжээгээр төлөөгүй зэргийг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хохирол төлөгдөж дуусах хүртэл хугацаанд авах нь Эрүүгийн хариуцлагын зорилго буюу гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэв.

Эрүүгийн 1903 0077 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.

Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш.У-г

- Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-с 7.422.500 (долоон сая дөрвөн зуун хори хоёр мянга таван зуун) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 4 (дөрөв) сарын хугацаанд гаргуулж хохирогч М.Д-д 394.500 (гурван зуун ерөн дөвөр мянган таван зуу) төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 7.028.000 (долоон сая хорин найман мянган) төгрөгийг тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүргийг хохирол, хор уршиг төлөх хүртэл хугацаанд хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Ш.У-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Г.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г нарт шүүгдэгч нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч М.Д нь насанд хүрээгүй хохирогчийн хөнгөн гэмтэлтэй холбоотой хохирол хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ