Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1264

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

улсын яллагч Т.Б,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0382 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Н.Г, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд, төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин, уулын тракторын жолооч мэргэжилтэй, “ДБ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Толгойтын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар НЬ0000000 урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Н.Г нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын ... тоот хашаанд Д.Н-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, баруун бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо ... тоотод үйл ажиллагаа явуулдаг гагнуурын цех дээр ажлаа хийж байхад 00-00 УНГ улсын дугаартай Toyota Corolla маркийн автомашин хаалга таглаад тавьчихаар нь би жолооч дээр нь очоод та энд машинаа тавьж болохгүй би ажлаа хийх боломжгүй болчхоод байна. Бас машин чинь зурагдчихна гэж хэлсэн чинь би хаана тавихаа чамаар заалгахгүй гэж хэлээд машинаа унтраагаад машинаасаа буугаад яваад өгсөн. Тэгээд 40 орчим минутын дараа машины эзэн манай ажлын хашаан дотор орж ирээд над руу дайраад хэл амаар доромжлоод намайг заамдаад хоолой боогоод нүүр рүү тохойгоороо 2-3 удаа цохисон бас шатны бариул дээр шахаж боосон...Хоолой багалзуурдаад шатны бариулыг мөргүүлээд баруун гараас базаж мушгиад зуухны буланд шахад хэвлийнд цус хуралт гэмтлийг учруулсан...Гомдолтой байна эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

2. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр...манай цехийн урд нэг ахимаг насны ах машинаа байрлуулан тавьж орхиод явах гэхэд нөхөр Н тэр хүнд хандан та энд машинаа байрлуулж болохгүй Энд машин байрлуулах юм бол гагнуурын оч үсэрч машин чинь муухай болгох магадлалтай гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө ах машинаа хаана тавих нь та нарт хамаагүй энэ чинь олон нийтийн газар гэж хэлээд...1 дүгээр хорооны эмнэлэг рүү зам хөндлөн гараад орчихсон...гэртээ ороод ус аваад гарах хооронд нөгөө ах хашаанд ороод ирсэн Н-той барьцалдаж авсан байдалтай зогсож байсан. ...Тэгэхэд нөгөө ах Н-н цамцны энгэрээс зууралдсан чигтээ цех рүү орж ирээд явах гээд байсан...Цамцных нь энгэрээс зуурсан шанаа хэсэгт нь 2-3 удаа цохиж харагдсан...Хүзүүнд нь улайлт үүссэн, хөдлөх үед нь зовууртай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40), 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт

“...Хэсэгт газрын үзлэгт: ...Хүзүүний урд хэсэгт 2.5х1см, баруун бугалгын дунд дотор хэсэгт 0.5х0.5см, хэвлийн баруун хэсэгт 2.5х1см, 0.5х0.5см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

2019.07.03-ын Лазер Мед эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээнд: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэжээ...ДҮГНЭЛТ

1. Д.Н-н биед тархи доргилт, хүзүү, баруун бугалга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

4. Шүүгдэгч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хөнгөлөлттэй эм олгодог Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эм авах гэхэд очиход хөнгөлөлтийн кодыг нь буруу бичсэн байна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны өрхийн эмнэлгээс кодыг зөв бичүүлж авахаар очсон. Тэгэхэд хорооны хажууд машин байрлуулах зай байхгүй байсан болохоор би замын зүүн талд төв зам дагуу машинаа байрлуулан тавьсан чинь хажуугийн гагнуурын газрын залуу намайг машинаа холдуулахыг шаардсан. Тэгэхээр нь би тухайн залууд ах нь удахгүй хурдхан орчхоод гараад ирье гэж хэлээд өрхийн эмнэлэг рүү зам хөндлөн гараад гүйхэд араас хөөе “лалар аа” машинаа холдуул гээд орилохоор нь би “эмнэлэг орчоод гараад ирье” гэж хэлээд цааш явсан. Тэгээд эмийнхээ кодыг бичүүлээд 2-3 минут болоод гарч ирсэн. Би тэр залууг “намайг машинаа холдуул лалраа” гэж хэлэхээр нь би өөрийнхөө аав шиг настай хүнийг янз бүрээр дууддаг гэж бодоод уур хүрээд гагнуурын цех рүү орсон...би жижиг хаалгаар нь явж ороод нөгөө залууд хандан чи яахаараа хүнийг лалраар дууддаг юм бэ гэж хэлэхэд та өөрөө машинаа холдуулахгүй, хүний ажил хийлгэхгүй машинаа ав гэх мэтээр хэдэрлээд бид бие биеэ муу үгээр хэлж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг миний 2 хүүхэдтэй адилхан залуу байж миний өөдөөс хэрэлдээд элдэв янзаар хэлээд байхаар нь улам уур хүрч энэ нийтийн эзэмшлийн талбай учир би машинаа хаана байрлуулж тавих нь миний дур гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу энэ ойр орчмыг би эзэмшдэг юм гэж хэлээд хэрэлдээд байхаар нь би яаруу ажилтай байна гэж хэлээд явах гэхэд нөгөө залуу би цагдаа дуудсан байгаа явуулахгүй гээд байсан...тэгээд миний урдаас намайг тэврээд цагдаа иртэл явуулахгүй гэхээр нь би гарыг нь тавиулж холдуулах гээд бид хоёр ноцолдож эхэлсэн. Тэгээд намайг тавихгүй ...миний амьсгаа давчдаад байсан учир би гэдэс, хавирга хэсэг рүү нь гараараа түлхэж, тохойгоороо хоолой хэсэг рүү нь шахаж тавиулсан. ...би тухайн хүний хүзүүнд учирсан гэмтлийг тохойгоороо түлхэж, баруун бугалгад учирсан гэмтлийг гараараа базаж, хэвлий гэдэс хэсэг рүү нь гараараа түлхэж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83),

- Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 15, 26),  

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55, 51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72), гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа (хавтаст хэргийн 58),  хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 56,), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75), хохирлыг төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 106) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын ... тоот хашаанд, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн Д.Н-г хоолойг боож, цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, баруун бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо ... тоотод үйл ажиллагаа явуулдаг гагнуурын цех дээр ажлаа хийж байхад 00-00 УНГ улсын дугаартай Toyota Corolla маркийн автомашин хаалга таглаад тавьчихаар нь би жолооч дээр нь очоод та энд машинаа тавьж болохгүй би ажлаа хийх боломжгүй болчхоод байна. Бас машин чинь зурагдчихна гэж хэлсэн чинь би хаана тавихаа чамаар заалгахгүй гэж хэлээд машинаа унтраагаад машинаасаа буугаад яваад өгсөн. Тэгээд 40 орчим минутын дараа машины эзэн манай ажлын хашаан дотор орж ирээд над руу дайраад хэл амаар доромжлоод намайг заамдаад хоолой боогоод нүүр рүү тохойгоороо 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө ах...1 дүгээр хорооны эмнэлэг рүү зам хөндлөн гараад орчихсон...гэртээ ороод ус аваад гарах хооронд нөгөө ах хашаанд ороод ирсэн Н-той барьцалдаж авсан байдалтай зогсож байсан. ...Тэгээд ... Н-н...цамцных нь энгэрээс зуурсан шанаа хэсэгт нь 2-3 удаа цохиж харагдсан...Хүзүүнд нь улайлт үүссэн, хөдлөх үед нь зовууртай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40), 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  .... дугаар дүгнэлт “...1. Д.Н-н биед тархи доргилт, хүзүү, баруун бугалга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

- Шүүгдэгч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хөнгөлөлттэй эм олгодог Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эм авах гэхэд очиход хөнгөлөлтийн кодыг нь буруу бичсэн байна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны өрхийн эмнэлгээс кодыг зөв бичүүлж авахаар очсон. Тэгээд хорооны хажууд машин байрлуулах зай байхгүй байсан болохоор би замын зүүн талд төв зам дагуу машинаа байрлуулан тавиад өрхийн эмнэлэг рүү зам хөндлөн гараад гүйхэд араас гагнуурын газрын залуу “хөөе лалар аа” машинаа холдуул гээд орилоод байсан. Тэгээд эмийнхээ кодыг бичүүлээд 2-3 минут болоод гарч ирээд ...би өөрийнхөө аав шиг настай хүнийг янз бүрээр дууддаг гэж бодоод уур хүрээд гагнуурын цех рүү орсон...би жижиг хаалгаар нь явж ороод нөгөө залууд хандан чи яахаараа хүнийг лалраар дууддаг юм бэ гэж хэлээд маргалдаад ... миний урдаас намайг тэврээд цагдаа иртэл явуулахгүй гэхээр нь би гарыг нь тавиулж холдуулах гээд бид хоёр ноцолдож эхэлсэн. Тэгээд намайг тавихгүй ...миний амьсгаа давчдаад байсан учир би гэдэс, хавирга хэсэг рүү нь гараараа түлхэж, тохойгоороо хоолой хэсэг рүү нь шахаж тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.Г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогчийн зүй бус үйлдэл, үг хэллэгийн улмаас түүнтэй маргалдан улмаар түүнийг цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г нь хохирогч Д.Н-н нүүрэн тус газар тохойгоороо цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Н.Г-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н нь эмчилгээний зардалд баримтаар 240.750 (хавтаст хэргийн 15) төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.Г нь төлж барагдуулсан болох нь (хавтаст хэргийн 106) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Г-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс болсон, тэрээр тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Г торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг түүний ар гэрийн хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0382 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Н.Г-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ