| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1275/Э |
| Дугаар | 1277 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1277
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д,
улсын яллагч Г.Э,
шүүгдэгч У.Ч, түүний өмгөөлөгч Б.Т (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Э овогт У.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1902 0079 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э овогт У.Ч, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох Механик тээврийн сургуулийн .. дугаар курст механик инженер мэргэжлээр суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УП0000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Яллагдагч У.Ч нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын .. дүгээр гудамжны .. тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй уут, савнуудын хамт нийт 463 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын ... тоот...Ч нь миний оршин суудаг газар хар тамхи, хууль бус зүйлс байгаа гэж хэлээд өөрийн оршин суух газрын...гараашны дээд дээврийн зүүн хойд буланг дээш сөхөж өвс мэт зүйлийг гялгар уутанд хийж албаны...жин дээр жинлэж үзэхэд 14.2 грамм зааж байсныг ...Ч-н зааж гаргаж өгснөөр уг байшингийн зүүн хойд буланд байрлах...төмөр поошигноос гадна тал нь бохирлогдсон дотроо өвс мэт зүйлтэй 2 ширхэг ундааны сав гаргаж өгснийг 2 гэж дугаарлан албаны жин дээр тус бүр жинлэж үзэхэд “А” гэж тэмдэглэсэн нь 84.9 грамм, “В” гэж тэмдэглэсэн нь 105.6 грамм байсныг...төмөр хаалгатай гарааш дотор орж зүүн хананы модны ар хэсгээс гялгар ууттай нойтон өвс мэт зүйл гаргаж ирснийг 4 гэж дугаарлан жинлэж үзэхэд 258.1 грамм байсныг...Ч-н зааж өгсөн хэсэг болох өвлийн байшин руу орж том өрөөний ертөнцийн зүгээр баруун урд хэсгийн шилэн хаалгатай модон тавилга дээр байрлах бурхны хэрэгслийн хойд талын модон усан онгоц дээр байх Матерёшка дотор хийсэн ногоон өнгийн нунтаг зүйл байсныг 3 гэж дугаарлан зиплок уутанд хийж жинлэж үзэхэд 0.9 грамм байсныг... гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-15),
2. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийн дээж авсан тэмдэглэл “...У.Ч-г Хар тамхитай тэмцэх гарын 00 өрөөнд дагуулан орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /OPI TML COC KET THC LSD MOP MDMA MET AMP/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ирлүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup” тест ашиглах талаар танилцуулж...зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад...1,2,3,6,7,8,9,1, дугаар баганад 2 улаан зураас тодорч Сөрөг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглээгүй, 5 дугаар баганад 1 улаан зураас тодорч Эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21),
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 5515 дугаар дүгнэлтэд:
“...Шинжилгээнд гялгар уутанд хийсэн... “...У.Ч УП000000 2019.09.30” гэж хаягласан 100 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байна. ...Ирүүлсэн шээсийг шинжилгээний дээж болгон авч шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох стандарт ажлын зааврын дагуу шинжилгээг хийхэд “Ч 0000000 2019.09.30” гэж хаягласан шээсэнд шээснээс тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна....ДҮГНЭЛТ
1.Шинжилгээнд “ Ч УП000000 2019.0.30” гэж хаягласан 100 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Ч УП0000000 2019.09.30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-40),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 5524 дугаартай дүгнэлтэд
“...Шинжилгээнд ............ /Зураг №1-4, А-А В-В/
“Шинжилгээнд 1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 15 грамм, А гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 85 грамм, В гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл 107 грамм, 3 гэж дугаарласан жижиг гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл 1.0573 грамм, 4 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл 255 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
Бэлтгэсэн дээжээ Agilent Technologies GC 7820G 5977E MSD хийн хроматографи масс спектрометр багажийг ашиглан шинжилгээ хийхэд дараах үр дүн гарч байна. Үүнд:
- “1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 15 грамм, А гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 85 грамм, В гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл 107 грамм, 3 гэж дугаарласан жижиг гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл 1.0573 грамм, 4 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл 255 грамм зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна... ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 15 грамм, А гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 85 грамм, В гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл 107 грамм, 3 гэж дугаарласан жижиг гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл 1.0573 грамм, 4 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл 255 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, А гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, В гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан жижиг гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.
3. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-43),
5. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1267 дугаар дүгнэлтэд
“... Болсон хэргийн талаар: 9 дүгээр сарын 30-нд над руу цэргийн комиссоос ярьж байна хүрээд ир гэсэн. Тэгээд очсон хар тамхитай тэмцэх газраас явж байна одоо гэрт чинь очиж нэгжлэг хийнэ гэсэн. Тэгээд манай гэрээс ууттай өвс олсон. Миний шээснээс илэрсэн. 21-р хорооллын тэнд явж байгаад цүнх олоод тэгээд тэр чигт нь аваад явсан. Тэгээд гэртээ ирээд онгойлгосон чинь 1 ууттай юм савтай юм байсан. Би гарааш даа хийсэн байж байгаад би 1 удаа цаасанд ороогоод татсан гэнэ. Тэгсэн нойр хүрээд нозоорсон. Тэр үед хууль бус мус гэж бодогдоогүй сонирхоод татсан. Ахиж татаагүй. Ээж аав байгаад байсан болохоор хаяж чадаагүй. Тэгээд байгаад байсан гэнэ...ДҮГНЭЛТ
1. У овогт Ч нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. 3. У.Ч нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. У.Ч нь мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. У.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019.9-р сараас 2019.10.04-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байна.
6. У.Ч нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. У.Ч нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. У.Ч нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81),
6. Шүүгдэгч У.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хичээлээ тараад автобусанд суугаад “Чингис-Соосэ” гэсэн буудал дээр буучхаад цаашаа өөр автобусны буудлаас дамжиж суух гээд алхаад явж байтал гудамжинд хөх өнгийн үүргэвч хэвтэж байхаар нь аваад гэртээ харьсан. Эхэндээ би тэр үүргэвчинд юу байгааг мэдээгүй бөгөөд гэртээ очоод онгойлгоод үзтэл дотор нь ууттай, хуванцар савтай ургамал байсан. Би дотроо хүмүүсийн яриад байдаг нөгөө мансууруулах ургамал юм болов уу гэж бодсон. Тухайн үед яаж хэрэглэхээ мэдэхгүй байсан болохоор тэр дор нь хэрэглэж үзээгүй 3 хоногийн дараа сонирхож үзэхээр дэвтрийн цаас урж байгаад нөгөө өвснөөсөө ороож татаж хэрэглэсэн. 4-5 удаа сортол хоолой гашуун оргиод, нойр хүрээд байсан болохоор хаяна гэж бодоод унтаад өгсөн. ...Овор хэмжээ ихтэй болохоор нэг дор байлгавал гэрийнхэн маань мэдчих байх гэж бодоод аавын машины гараашинд салгаад хийчихсэн. ...Тухайн өвс гэх зүйлийг хэн нэгэнд өгөөгүй, зарж борлуулах санаа зорилго байгаагүй, өөр төрлийн мансууруулах бодис хийж мэдэхгүй болохоор тэгж чадахгүй...Би каннабис өвс гэх зүйлийг хүмүүсийн ам дамжсан яриа болон мэдээллийн хэрэгслээс харж байсан гэхээс бодитоор нь харж хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55)
7. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 30), шүүгдэгчийн нас тоолсон тухай мөрдөгдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 26), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 75, 74), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73), суурь боловсролын гэрчилгээний хуулбарын (хавтаст хэргийн 76) Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 98) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Ч-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч У.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч У.Ч нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын ..дүгээр гудамжны ...тоотод, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, Каннабис /өвс/ буюу байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий 463 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын ... тоот...Ч нь миний оршин суудаг газар хар тамхи, хууль бус зүйлс байгаа гэж хэлээд өөрийн оршин суух газрын...гараашны дээд дээврийн зүүн хойд булангаас ...14.2 грамм, байшингийн зүүн хойд буланд байрлах...төмөр поошигноос гадна тал нь бохирлогдсон дотроо өвс мэт зүйлтэй 2 ширхэг ундааны савны... “А” гэж тэмдэглэсэн нь 84.9 грамм, “В” гэж тэмдэглэсэн нь 105.6 грамм, ...гарааш дотор орж зүүн хананы модны ар хэсгээс ...258.1 грамм, ...өвлийн байшин...н ...баруун урд хэсгийн шилэн хаалгатай модон тавилга дээр байрлах бурхны хэрэгслийн хойд талын модон усан онгоц дээр байх Матерёшка дотроос ...0.9 грамм байсныг... гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-15),
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 30),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 5524 дугаартай дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 15 грамм, А гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 85 грамм, В гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл 107 грамм, 3 гэж дугаарласан жижиг гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл 1.0573 грамм, 4 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл 255 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 1, ...А.., В..., 3..., 4 гэж дугаарласан эд зүйлүүдээс ...ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. 3. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-43),
- Шүүгдэгч У.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хичээлээ тараад автобусанд суугаад “Чингис-Соосэ” гэсэн буудал дээр буучхаад цаашаа өөр автобусны буудлаас дамжиж суух гээд алхаад явж байтал гудамжинд хөх өнгийн үүргэвч хэвтэж байхаар нь аваад гэртээ харьсан. ...Үүргэвчээ ...онгойлгоод үзтэл дотор нь ууттай, хуванцар савтай ургамал байсан. ...Тэгээд би... 3 хоногийн дараа сонирхож үзэхээр дэвтрийн цаас урж байгаад нөгөө өвснөөсөө ороож татаж хэрэглэсэн. 4-5 удаа сортол хоолой гашуун оргиод, нойр хүрээд байсан. Үүргэвчин дотор байсан зүйл...овор хэмжээ ихтэй болохоор нэг дор байлгавал гэрийнхэн маань мэдчих байх гэж бодоод аавын машины гараашинд салгаад хийчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55)
- Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийн дээж авсан тэмдэглэл “...У.Ч-г ...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /OPI TML COC KET THC LSD MOP MDMA MET AMP/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ирлүүлэх ...“Multi-Drug Screen Test Cup” нэртэй...зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад...5 дугаар баганад 1 улаан зураас тодорч Эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 5515 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Ч УП0000000 2019.09.30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. 3. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-40) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч У.Ч нь 2019 оны 9 дүгээр сарын 23-аас 30-ны өдрүүдэд 1999 оны Конвенцид нэгдэн орох тухай Монгол Улсын хуулийн буюу 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг бодис болох “Олон Улсын бүртгэгдээгүй нэр: “Dronabinol*”, бүртгэгдээгүй бусад нэр: “delta-9-tetrahydro-каннабинол”, химийн нэр: “(6a R,10a R)-6a,7,8,10a-tetrahydro-6,6,9-trimethyl-3-pentyl-6 H- dibenzo[ b,d]pyran-1-ol”.” гэх нэршилтэй хүний сэтгэцэд нөлөөлөн мансууруулах үйлчилгээтэй Каннабис ургамал буюу тетра-гидра-каннабинолын THC гэдэг идэвхит молекул агуулдаг өвсийг худалдаалах зорилгогүйгээр, шууд санаатай үйлдлээр гэртээ хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Нөгөө талаар шүүгдэгч нь каннабис ургамалыг идэвхитэй үйлдлээр худалдан борлуулах санаа зорилго агуулаагүй, түүнчлэн дээрх байгалийн ургамлыг түүгээгүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ худалдаалах зорилгогүй агуулаагүй гэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч У.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Каннабис ургамал буюу тетра-гидра-каннабинолын THC гэдэг идэвхит молекул агуулдаг “delta-9-tetrahydro-каннабинол” нь хүний эрүүл мэнд, сайн сайханд ноцтой аюул занал учруулж нийгэм улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас Монгол Улс 1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дээрх конвенцид нэгдэн орж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн зааж гэмт хэрэг байхаар тусгажээ. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь улсын хууль ёсны эдийн засгийг сулруулж, тогтвортой байдал, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул учруулдгаараа гэмт хэргийн хор хохирол, хор уршгийг тооцоолох боломжгүй юм.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
- Улсын яллагчаас шүүгдэгч У.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцэхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй У.Чинзориг нь “ШУТИС” сургуульд суралцаж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан улсын яллагчийн дүгнэлтийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан, тэрээр одоо Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд суралцдаг зэргийг харгалзан, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, түүний насны байдлыг харгалзан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнсэж хянан харгалзсан хугацаагаар авч шийдвэрлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг ухамсарлуулахад ач холбогдолтой гэж үзэв.
Харин улсын яллагчийн дүгнэлт болох 1 жил 6 сарын хорих ялыг шүүгдэгчид оногдуулах боломжгүй өөрөөр хэлбэл шүүгдэгчид дээрх ялыг оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 8 сар болгон хөнгөрүүлэх хуулийн зохицуулалттай, түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт болох 8 сарын хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх агуулгатай дүгнэлт нь шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Тодруулбал гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай шүүхээр шийтгүүлэх үедээ 18 настай шүүгдэгчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтыг аль алиныг хэрэглэж болох боловч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанартай тохирохгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн 1902007900000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээн хадгалж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа гялгар ууттай жин 463грамм өвс мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э овогт У.Ч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан У.Ч мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 (тав) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч У.Ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “зан үйлээ засах сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг түүнийг тэнссэн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг У.Ч анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх гарын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай жин 463 грамм өвсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар Тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ