| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0054/э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 67
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, иргэний нэхэмжлэгч Г.А, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овогт Д-ын Н-т холбогдох 1935004500041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн С ургийн овогт Д-ын Н, 1982 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 1-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Н нь Магнай трейд группын МТ чингэлтэй ХХК-ний Увс аймагт байрлах ШТС-67 салбарын түгээгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгөөс буюу шатах, тослох материалын үнээс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 575’600 төгрөг, 8 дугаар сарын 05-ны өдөр 576’300 төгрөг нийт 1’151’900 төгрөг завшсан гэх гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004500041 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ын “...Д.Н нь өөрөө дур мэдэж 2019 оны 8 дугаар сарын 02, 05-ны өдрүүдэд нийт 1’151’900 төгрөгийн шатахууныг бусдад зээлээр дур мэдэн өгсөн. Мөн өмнө нь 2019 оны 7 дугаар сард ШТС-67 шатахуун түгээх станцын эрхлэгч Г.А-ын зөвшөөрлөөр бусдад 257’400 төгрөгийн шатах тослох материал өгч үлдэгдэл 198’000 төгрөгийн шатах тослох материалын төлбөрийг хийгээгүй байсан. ...Д.Н нь Г.А-оос зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн бусдад 1’151’900 төгрөгийн шатах, тослох материал өгсөн байсан. Анхан шатны баримтууд Увс аймагт байхгүй Улаанбаатар хотод төв салбарт байгаа. ...Манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Учир нь манай компанид хохирол учраагүй Д.Н-ийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг ШТС-67 шатахуун станцын эрхлэгч Г.А хувиасаа төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
2. Иргэний нэхэмжлэгч Г.А-ын “...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манай Магнай трейд Чингэлтэй ХХК-ий Увс салбарын дарга С.Уа над руу залгаад танай ШТС-67 шатахуун түгээх станцаас Д.Н-ийн ээлжтэй өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 575’600 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 576’300 төгрөг нийт 1’151’900 төгрөгийн дутагдал гаргасан байна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажилд очоод Д.Н-ийг дуудаж уулзаад та компани шатахууны мөнгөнөөс дутаасан байна гэж хэлэхэд Д.Н нь дутааснаа хүлээн зөвшөөрч би одоо боломжгүй байна боломжоороо төлнө гэж хэлсэн. ...Магнай трейд группээс над руу залгаад дутагдуулсан мөнгөө хурдан хийлгэ гэдэг шаардлагыг өдөр бүр тавьсан учир би сүүлдээ тэр мөнгийг Д.Н бол өөрөө хийхгүй юм байна гэж үзээд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Нийн 2019 оны 7 дугаар сард дутагдуулсан 198’000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дутагдуулсан 576’600 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дутагдуулсан 576’300 төгрөг нийт 1’349’900 төгрөгийг би хувиасаа компани данс руу хийж компанийг хохиролгүй болгосон...
...2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шатах тослох материалын орлогоос дутаасан 197’966 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь тодорхой санахгүй байна миний хаан банкны данс руу хүний данснаас шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58, 59-60 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Э-ий “...Тэгээд шалгалтын явцад 576’300 төгрөг дутсан мөн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн борлуулалтын орлогын бэлэн мөнгөнөөс 575’600 төгрөг дутсан нийт 1’151’900 төгрөг дутсан зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлүүд нь Д.Н гэх түгээгчийн ээлжийн үед дутсан мөнгө болж таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
4. Гэрч Д.А-гийн “...Бид хоёрын дунд ямар нэгэн өглөг авлагын асуудал байхгүй. Б.Н-т дуков өгөөгүй, би Д.Н-ээс ямар нэг зүйл аваагүй, бас өгөөгүй. Бид хоёрын дунд ямар ч өглөг авлагын асуудал байгаагүй. ...Би Д.Н-ээс огт шатах тослох материал аваагүй. Надад бензин хийх машин ч байхгүй. Тэр худлаа хэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,
5. Увс Финанс-Аудит ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “2019 оны 7-р сарын 18-ны өдөр, 08-р сарын 02, 05-ны өдрүүдэд дутагдал гаргасныг хавсралтаар харуулав. Нийт 1’349’894 төгрөгийн дутагдал гаргасан” гэх 441 дугаартай дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Д.Н-ийн яллагдагчаар өгсөн “...ШТС-67 дугаар салбарт ажиллаж байхдаа 198’000 төгрөгийн шатах тослох материалыг өөрөө автомашиндаа хийж авсан. ...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би мөн тухайн ШТС-67 дугаар салбарт түгээгчээр ажиллаж байсан бөгөөд 575’600 төгрөгийг тухайн өдрийн шатах тослох материалыг зарж борлуулсан орлогоос авч өөрийнхөө хувийн хэрэгцээнд гэртээ хүнсний хэрэглээнд зарцуулсан. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мөн би МТ-ийн ШТС-67 дугаар салбарт түгээгчээр ажиллаж байхдаа шатах тослох материалын орлогоос 576’300 төгрөгийг хувьдаа авч өөрийн хувийн хэрэглээнд зарцуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Н нь Магнай трейд группийн МТ чингэлтэй ХХК-ний Увс аймагт байрлах ШТС-67 салбарын түгээгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгөөс буюу шатах, тослох материалын үнээс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 575’600 төгрөг, 8 дугаар сарын 05-ны өдөр 576’300 төгрөг нийт 1’151’900 төгрөг хувьдаа авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Д.Н бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Н нь “Магнай трейд” группийн “МТ Чингэлтэй” ХХК-ий Увс аймгийн төвд байрлах ШТС-67 шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байхдаа өөрийн ээлжтэй өдрөө зарж борлуулсан шатах тослох материалыг үнийг гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцаж байжээ.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Н нь өөрийн хариуцсан шатах, тослох материалыг худалдан борлуулсны үнийг өөрөө хувьдаа авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1’151’900 /нэг сая нэг зуун тавин нэг мянга есөн зуу/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учирсан байна. Иргэний нэхэмжлэгч Г.А нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ын “...Манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Учир нь манай компанид хохирол учраагүй Д.Н-ийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг ШТС-67 шатахуун түгээх станцын эрхлэгч Г.А хувиасаа төлж барагдуулсан учраас манайд хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н иргэний нэхэмжлэгчид 500’000 төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Г.А-ын “...Д.Н надад 500’000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Одоо 651’900 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нээс 651’900 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.А-д олгох үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ц.Я /хх-ийн 71-72 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 117 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээ, М.Ану, М.Анхбаяр, М.Ц, М.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-иийн 118-121 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1’151’900 төгрөгийг албадан гаргуулж, үүнээс 651’900 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.А-д олгож, үлдэх 500’000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна. Тодруулбал шүүгдэгч Д.Н-ээс нийт 1’151’900 төгрөгийг гаргуулна.
Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ургийн овогт Д-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Н-ээс 1’151’900 төгрөгийг албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Н-ээс 651’900 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.А-д олгосугай.
6. Ялтан Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА