| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/07045/и |
| Дугаар | 7045 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 7045
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монос 14 гудамж, 143 тоотод оршин суух Манхи овогт Гүндэгмаагийн Алтансүхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 66д-130 тоотод оршин суух “Би Өү Жи констракшн ХХК-д /РД:6078729/ холбогдох,
Ажлын үлдэгдэл хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Алтансүх миний бие “Би Өү Жи констракшн” ХХК-ийн захирал Э.Отгонжаргалтай 2016.05.21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан бөгөөд миний бие гэрээнд заасны дагуу орон сууцны 1200 м.кв талбайд дотор ханын шавардлагын болон цонхны дотор амалгааны ажлуудыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бөгөөд ажил эхлэхээс өмнө миний бие тус компаний захирал Э.Отгонжаргалаас урьдчилгаанд 2016.05.24-ний өдөр 40,000 төгрөгийг, ажлыг хийж гүйцэтгэх явцдаа 2016.05.31-ний өдөр 400,000 төгрөгийг, 2016.06.10-ны өдөр 700,000 төгрөгийг нийт 1,140,000 төгрөгийг хөлсөнд авсан бөгөөд одоо дээрх компаниас үлдэгдэл хөлс болох 2,000,000 төгрөгийг авах ёстой юм. Түүнчлэн миний бие тус компанитай анх гэрээг байгуулахад надад гэрээний эх хувийг өгөөгүй бөгөөд хуулбарласан хувийг тухайн үед өгсөн. Тийм учраас “BOG констракшн” ХХК–аас дээрх гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхийн журмаар гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд надад “BOG констракшн” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний ажлын үлдэгдэл хөлс болох 2,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Алтансүхэд ажлын хөлсний үлдэгдэл 2,000,000 төгрөг өгөх нь үнэн. 2017.01.10-нд 500,000 төгрөг, 2017.02.10-нд 500,000, 2017.03.10-нд 500,000, 2017.04.10-нд 500,000 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Алтансүх нь хариуцагч “Бог констракшн” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Бог констракшн” ХХК-ийн нэрийг “Би Өү Жи констракшн” ХХК болгон зөвтгөсөн байна.
Хариуцагч “Би Өү Жи констракшн” ХХК нь Г.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч “Би Өү Жи констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “Би Өү Жи констракшн” ХХК нь холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Би Өү Жи констракшн” ХХК нь нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг 2017.01.10-ны өдөр 500,000 төгрөг, 2017.02.10-ны өдөр 500,000 төгрөг, 2017.03.10-ны өдөр 500,000 төгрөг, 2017.04.10-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, “Би Өү Жи констракшн” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 23,475 төгрөгийг, хариуцагч “Би Өү Жи констракшн” ХХК-иас 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Алтансүхэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР