| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1276/Э |
| Дугаар | 1278 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1278
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д,
улсын яллагч Р.О
шүүгдэгч, хохирогч Д.Г
шүүгдэгч Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д.Г, Б овогт Х.Л тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0011 0000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Д.Г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ӨТШ” ХХК-нд засалчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо Төв түүхий эдийн .. дугаар байрны... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УП00000000, урьд
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүнд ялд хөнгөн ялыг заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны дүгээр сарын 21-ний өдрийн ... дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан.
2. Б овогт Х.Л, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эмээлт” түүхий эд, мах борлуулах цэцэг дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Дэнжийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УС0000000, урьд
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ...дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
- Яллагдагч Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01-02 цагийн хороонд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” бааранд үйлчлүүлж байхдаа “өөрийн ширээн дээр байсан архийг авч уулаа” гэж хажуу ширээнд үйлчлүүлж байсан иргэн Х.Л-тай маргалдан ширээн дээр байсан пивоны шилээр Б.Б-н толгойн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.
Яллагдагч Х.Л нь Д.Г-г “хамт явсан Б.Б-н толгойг пивоны шилээр цохиж гэмтээсэн” гэх шалтгаанаар гэдэс нь тус газар нь гараараа цохиж, доошоо тонгойход нь нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөх хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Х.Л мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Шүүгдэгч/хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” бааранд эхнэр Д, найз Б нарын хамт жаахан халамцуу орцгоогоод нэг ширээнд суугаад хоёр шилтэй пиво, нэг шил 0.5 граммтай архи захиалаад архи, пивоо уугаад бүжиглэж байсан. ...Тэгээд Б бүжгийн талбайд бүжиглээд би ширээн дээрээ сууж байгаад жаахан унтаад сэрэхэд ...ширээн ...дээр байсан архи байхгүй болсон байсан. Тэгтэл эхнэр баарны зөөгчийг дуудаад манай ширээний архи алга болсон байна гэхэд зөөгч нь “энэ ширээ архи захиалаагүй, энэ ширээнд архи чинь байна” гээд хажуугийн ширээнд байсан архийг аваад манай ширээн дээр тавьсан. ...Тэгэхэд Х.Л-н хажууд нь сууж байсан шар дуу цараатай өндөрдүү залуу миний хажууд ирээд миний цээж рүү гараараа нэг удаа цохиод зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү хоёр удаа өшиглөхөд уг залууг баарны хамгаалагч ирээд салгасан. Тэгсэн чинь Х.Л-н ширээнд байсан яг ямар залуу байсныг нь санахгүй байна нэг залуу миний цамцны малгайнаас бариад авахаар нь би цамцаа тайлаад ширээн дээр байсан пивоны шилийг аваад Х.Л болон хамт сууж байсан хүмүүс рүү чигтэй шидээд гүйгээд баарнаас гарахад миний хойноос нэг залуу гүйж гарч ирээд намайг барьж авсан. Тэгээд баарны гадна байж байхад Х.Л гэгч залуу гарч ирээд миний элэг рүү гараараа хоёр удаа цохиод би доошоо тонгойход баруун талын нүд рүү нэг юмаар цохисон ба би яг юугаар буюу хөл, гар болон өөр ямар нэгэн зүйлийн яг алинаар нь цохисныг мэдээгүй, ...миний шидсэн пивоны шил Х.Л гэгч залуутай хамт явсан нэг залуугийн буюу дээр ярьсан Х.Л-н хажууд нь сууж байсан шар дуу цараатай, өндөрдүү залуу буюу миний цээж рүү гараараа нэг удаа цохиод зүүн талын хөлийн шилбэний хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн залуугийн толгойг онож хагарсан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун нүдний дээд зовхинд 2.0х1.0см доод зовхинд 2.0х1.2см хүрэн улаан өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралтуудтай. Баруун нүдний алим улайлттай байв.
2018.12.28-ны ГССҮТ-ийн үзлэгт: Тархи доргилт, баруун нүдний зөөлөн эдийн няцрал,
2018.12.31-ний Мөнгөнгүүр эмнэлгийн КТГ-д: ...баруун талын нүдний ухархайн эргэн тойрон хамрын зөөлөн эдэд хавантай байна. Баруун талын нүдний ухархайн дотор ханын аксиал тэнхлэгт 1.5х0.8см хэмжээтэй хугаралтай. гэжээ.
2019.01.02-ны Гэрэл нүдний эмнэлэгт: Онош: баруун нүдний гэмтэл, ухархайн дотор ханы хугарал цус хуралт гэжээ...ДҮГНЭЛТ
1. Д.Г-н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60),
2. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухай өдөр...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд байдаг...бааранд орсон. ...тэр бааранд цуг ажилладаг 5 хүнтэй цуг ороод босоод бүжиглээд буцаад суух гээд ширээ рүү явж байхад Д.Г гэдэг залуу миний толгой руу шилээр цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
- “...Би гомдолтой байна цохиулснаас хойш толгой өвддөг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ....дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Духны зүүн дээд хэсэгт 0.2х1.5см зүүн хацрын төвгөрт 0.4х2см хэмжээтэй арьсны түвшингээс бага зэрэг овойсон гялгар ягаан өнгийн сорвитой.
2018.12.28-ны өдөр ГССҮТ-н толгойн КТГ-д: ...зүүн нүдний ухархайн дотор хана хамар яс хуучин хугаралтай, хамрын таславч муруй, тархины эдэд голомтот эмгэг өөрчлөлтгүй...ДҮГНЭЛТ
1. Б.Б-н биед дух, хацрын сорви бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.5.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),
3. Гэрч Б.Д-н (хохирогч Д.Г-н эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой...01 цагийн үед шинэ жилийн арга хэмжээ дуусаад бид “Рич” нэртэй бааранд орсон. Би уг газар ороод захиалга өгөөд өөрийн нөхрийн ах болох У-д мөнгө өгөх гээд 10 буудал гэх нэртэй газар руу явж...мөнгө өгчхөөд буцаад уг бааранд ирэхэд манай найз Б бүжгийн талбайд бүжиглэж байсан. Би Б-г дагуулаад ширээн дээрээ ирэхэд манай нөхөр сандал налаад унтаж байсан. Тэгтэл манай найз Б “ууя” гэж хэлээд архиа уух гэтэл ширээн дээр архи байгаагүй Б зөөгчийг дуудаад архи хаана байна гэхэд хажуугийн ширээнээс зөөгч архи чинь энэ байна гэж хэлээд авчраад ирэхэд хажуу ширээнээс нэг залуу босож ирээд бид нар руу дайрсан. Тэгтэл зөөгч нь бид гурвыг өөр ширээн дээр суу гээд бид гурав босоод ширээн дээр байсан болон хувцсаа зөөж дуусгачхаад нөхрөө хайхад байгаагүй би гараад харсан чинь манай нөхөр хаалганы ард зогсож байсан. Би очиход нүүрээ дарсан гарын салаагаар нь цус урсаж байсан хажууд нь 6 эрэгтэй 1 эмэгтэй тойроод зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
4. Гэрч Ч.М-н (шүүгдэгч Х.Л-н ажлын газрын хүн) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр...Рич бааранд ороод цуг явсан хүмүүс маань пиво аваад сууцгаасан. ...би архи уудаггүй учир тэд нарыг хараад л зогсож байсан. Тэгсэн чинь манай ажлын газрын хүмүүсийн сууж байсан ширээний баруун урд талын ширээнд сууж байсан танихгүй хүмүүс хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгсэн нэг залуу нь манай хүмүүсийн сууж байсан ширээн дээрээс пивоны шил аваад хойшоо өөрийнхөө ширээн дээр сууж байгаад боссон нэг эрэгтэй лүү шидсэн. ...Тэгсэн дараа нь дахиад нэг пивоны шил аваад дахиад далайгаад шидэх үед нь манай ажлын газрын Б ах ширээнд суух гэж явж таарсан. Нөгөө хүн шилээрээ Б ахын толгойд цохиод шил нь хагарсан. Б ах цохиулаад газар унасан. Би гүйж очоод Б ахыг босгох гэхэд хөдлөхгүй байсан. Тэгээд өргөж босгоод суулгахад духных зүүн талаас цус гарч байсан. Би түүнийг босгож суулгачхаад баарны хамгаалагчид очиж нэг хүн манай ахын толгойг хагалчихлаа гэж хэлсэн. ...Б ахын толгойг хагалдаг залуу баарнаас гараад зугтаж байгаа харагдсан. Би араас нь хөөж гүйж очоод барьж авсан...Энэ үед нөгөө Б ахыг цохидог залуу доошоо тонгойсон зогсож байсан. Хэсэг хугацааны дараа нөгөө Б ахыг зоддог залуу баар руу зугтаад орсон. Тэгээд би бааранд ороход манай ажлын Х.Л...нөгөө зугтаж орсон залуутай маргалдаж байсан. Тэр залуугийн баруун нүд нь хавдчихсан цус гарч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45),
5. Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны орой...Цамбагарав дээр Рич бааранд орж..манайхан сууцгаасан...тэгээд би машинаасаа юм авах гээд...гарчхаад юм аваад буцаад орж ирэхэд манай нөхрийн ажлын газрын нэг залуу ширээний хажууд сандлын завсарт унасан байсныг манай нөхрийн ажлын газрын нэг залуу татаж босгож байсан. ...юу болсон гэхэд хажуу ширээний хүмүүс маргалдаж байгаад нэг нь пивоны шилээр тархийг нь хагалчихлаа гэж хэлсэн. Манай нөхрийн ажлын газрын тэр залуугийн толгойноос нь цус гараад нүүр ам нь нил цус болсон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
6. Шүүгдэгч Д.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр...Рич нэртэй бааранд...орсон. Бид гурав бааранд 0.5 литрийн архи захиалаад уугаад сууж байгаад...хэсэг зуур зүүрмэглээд унтаж байхад манай эхнэр намайг сэрээгээд ширээн дээр байсан юмнууд чинь хаачсан юм бэ гэж асуусан. Би мэдэхгүй зөөгчийг нь дуудаад асуучих гэж хэлсэн. Эхнэр зөөгчийг нь дуудахад нэг эрэгтэй зөөгч залуу ирээд “танай хажуу ширээ архи захиалаагүй. Энэ ширээн дээр сууж байгаа хүмүүс архийг чинь авсан байна гэж хэлээд ширээнээс нь архийг нь аваад манай ширээн дээр тавьсан.” Тэр үед нэг залуу босож ирээд “өө пизда” гэж хараагаад босоод ирэхээр нь би тэр залууд хадаж “чи хүн унтаж байхад архи авчхаад, та нар бааранд орсон юм бол архиа захиалаад уугаач” гэж хэлэхэд намайг шар цараатай залуу заамдаад авахад миний хажуугаас Х.Л, Б.Б хоёр мөн намайг барьж аваад гурван талаас заамдсан. Би тонгойгоод цамцаа хүзүүнээсээ мултлаад хажуугийн ширээн дээр байсан пивоны шилийг аваад тэр хэд рүү чиглүүлж шидээд баарнаас гараад төв зам руу гүйж байхад миний араас нэг залуу ирээд намайг бариад авсан. ...Х.Л миний цээж рүү хэд хэдэн удаа цохиод ...намайг тонгойход миний зүүн нүд рүү хатуу зүйлээр цохисон уу өшиглөсөн уу мэдэхгүй миний нүд манас гээд гал асаад явсан. ...Миний зүүн нүд хавдаад юм харахгүй байхад...түргэний эмч ирж миний нүдийг үзээд нүднээс чинь юм гоожиж байна...гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74),
7. Шүүгдэгч Х.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй бааранд ажлын газрын хүмүүс болох 7-8 залуусын хамт ороод шинэ жилээ тэмдэглээд явж байсан. Бид хэд бааранд орж суугаад 0.75 литрийн хоёр шил архи мөн пивонууд захиалан уугаад бүжиглэх нь бүжиглээд байж байсан. Би баарны бүжгийн талбайд бүжиглэж байхад манай ажлын тогооч охин Б над дээр гүйж ирээд зодоон болоод Б ахыг архины шилээр толгойг нь цохиод хагалсан байна гэж хэлсэн. Би сууж байсан ширээн дээрээ яваад очиход Б ахын толгойноос цус гараад зүүн шанаа руу нь урсаж байсан. ...би баарнаас гараад үүдэнд нь зогсож байхад Б Д.Г гэж залууг урдаас дагуулж ирээд энэ залуу Батзаяа ахын толгойг пивоны шилээр цохиж хагалсан гэж хэлсэн. Би Г дээр очоод чи яаж байгаа юм бэ хүний толгой хагалсан байна гэж хэлээд цээж рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед Д.Г доошоо тонгойхоор нь би нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...Маргааш нь би Б ахыг гэмтлийн эмнэлэгт очиж хагарсан толгойг нь үзүүлж толгойны томографийн зураг авахуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),
8. Шүүгдэгч Х.Л-н үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 89, 90), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 103-105), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 91, 92) хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 58),
- Шүүгдэгч, хохирогч Д.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 95), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 112-127), Өнгөт төгс шийдэл ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 96), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Л, Д.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Л, Д.Г тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Цамбагарав үйлчилгээний төвд байрлах “Рич” бааранд үйлчлүүлж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01-02 цагийн хороонд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, “өөрийн ширээн дээр байсан архийг авлаа” гэж хажуу ширээнд үйлчлүүлж байсан иргэн Б.Б-н толгойн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.
- Шүүгдэгч Х.Л нь хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, Д.Г-г “хамт явсан Б.Б-н толгойг пивоны шилээр цохиж гэмтээсэн” гэх шалтгаанаар гэдэс нь тус газар нь цохиж, доошоо тонгойход нь нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” ...баарны гадна байж байхад Х.Л гэгч залуу гарч ирээд миний элэг рүү гараараа хоёр удаа цохиод би доошоо тонгойход баруун талын нүд рүү нэг юмаар цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Д.Г-н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60),
- Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухай өдөр...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороонд байдаг...бааранд орсон. ...тэр бааранд цуг ажилладаг 5 хүнтэй цуг ороод босоод бүжиглээд буцаад суух гээд ширээ рүү явж байхад Д.Г гэдэг залуу миний толгой руу шилээр цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .... дугаар дүгнэлт “... 1. Б.Б-н биед дух, хацрын сорви бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),
- Гэрч Б.Д-н (хохирогч Д.Г-н эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой...01 цагийн үед шинэ жилийн арга хэмжээ дуусаад бид “Рич” нэртэй бааранд орсон. ...нөхрөө хайхад байгаагүй би гараад харсан чинь манай нөхөр хаалганы ард зогсож байсан. Би очиход нүүрээ дарсан гарын салаагаар нь цус урсаж байсан хажууд нь 6 эрэгтэй 1 эмэгтэй тойроод зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
- Гэрч Ч.М-н (шүүгдэгч Х.Л-н ажлын газрын хүн) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр...Рич бааранд ороод цуг явсан хүмүүс маань пиво аваад сууцгаасан. ...би архи уудаггүй учир тэд нарыг хараад л зогсож байсан. Тэгсэн чинь манай ажлын газрын хүмүүсийн сууж байсан ширээний баруун урд талын ширээнд сууж байсан танихгүй хүмүүс хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгсэн нэг залуу нь манай хүмүүсийн сууж байсан ширээн дээрээс пивоны шил аваад хойшоо өөрийнхөө ширээн дээр сууж байгаад боссон нэг эрэгтэй лүү шидсэн. ...Тэгсэн дараа нь дахиад нэг пивоны шил аваад дахиад далайгаад шидэх үед нь манай ажлын газрын Б ах ширээнд суух гэж явж таарсан. Нөгөө хүн шилээрээ Б ахын толгойд цохиод шил нь хагарсан. ...би бааранд ороход манай ажлын Х.Л...нөгөө зугтаж орсон залуутай маргалдаж байсан. Тэр залуугийн баруун нүд нь хавдчихсан цус гарч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45),
- Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны орой...Цамбагарав дээр Рич бааранд орж..манайхан сууцгаасан...тэгээд би машинаасаа юм авах гээд...гарчхаад юм аваад буцаад орж ирэхэд манай нөхрийн ажлын газрын нэг залуу ширээний хажууд сандлын завсарт унасан байсныг манай нөхрийн ажлын газрын нэг залуу татаж босгож байсан. ...юу болсон гэхэд хажуу ширээний хүмүүс маргалдаж байгаад нэг нь пивоны шилээр тархийг нь хагалчихлаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
- Шүүгдэгч Д.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...би ...хажуугийн ширээн дээр байсан пивоны шилийг аваад тэр хэд рүү чиглүүлж шидээд баарнаас гараад төв зам руу гүйж байхад миний араас нэг залуу ирээд намайг бариад авсан. ...Х.Л миний цээж рүү хэд хэдэн удаа цохиод ...намайг тонгойход миний зүүн нүд рүү хатуу зүйлээр цохисон уу өшиглөсөн уу мэдэхгүй миний нүд манас гээд гал асаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74),
- Шүүгдэгч Х.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би баарны бүжгийн талбайд бүжиглэж байхад манай ажлын тогооч охин Б над дээр гүйж ирээд зодоон болоод Б ахыг архины шилээр толгойг нь цохиод хагалсан байна гэж хэлсэн. Би сууж байсан ширээн дээрээ яваад очиход Б ахын толгойноос цус гараад зүүн шанаа руу нь урсаж байсан. ...би баарнаас гараад үүдэнд нь зогсож байхад Б Д.Г гэж залууг урдаас дагуулж ирээд энэ залуу Б ахын толгойг пивоны шилээр цохиж хагалсан гэж хэлсэн. Би Г дээр очоод чи яаж байгаа юм бэ хүний толгой хагалсан байна гэж хэлээд цээж рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед Д.Г доошоо тонгойхоор нь би нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Г нь пивоны шилээр хохирогч Б.Б-г цохисон, шүүгдэгч Х.Л нь гар болон хөлөөрөө хохирогч Д.Г-г цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдохын зэрэгцээ хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.Л, Д.Г тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Б, Д.Г нар нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарын хувьд тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал тухайн гэмт хэргийн хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд 1.600.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнд энэ тогтоолоор шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч Д.Г-г 600 нэгж, шүүгдэгч Х.Л-н 700 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Л, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Х.Л, Д.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг үндэслэхийн зэрэгцээ шүүгдэгч Д.Г-н хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд саад учруулсныг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүгдэгч Д.Г-н хувьд өөрчлөн, шүүгдэгч Х.Л-н хувьд хэвээр үлдээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908001100000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д.Г, Б овогт Х.Л тус бүрийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Х.Л тус бүрийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Х.Л нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Х.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ