| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/07056/и |
| Дугаар | 7056 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 7056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 54 дүгээр байр, 12 тоотод оршин суух Боржгон овогт Нинагийн Чулуунцэцэг /Регистрийн дугаар ШБ67020962/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Чулуунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нина овогтой Чулуунцэцэг миний бие нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн 2 дугаар гуанзанд зөөгчөөр ажилласан. 1990 онд Нийтийн хоолны трест хувьчлагдан ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон бөгөөд Нийтийн хоолны трестэд ажилласан талаар Улсын архиваар шүүлгэхэд орсон, гарсан баримт олдохгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Одоо надад амралтын тушаалаас өөр өгөх ямар ч бичиг баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Нийтийн хоолны трестэд зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Чулуунцэцэг нь Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн 2 дугаар гуанзанд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зөөгчөөр ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын зарим шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Нийслэлийн Архивын газраас түүний ажиллаж байсан байдлыг тогтоох баримт шүүлгэхэд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай Ээлжийн амралтаас хасах тухай гэсэн тушаалаас өөр баримт гарч ирээгүй байх бөгөөд уг тушаалаар Н.Чулуунцэцэг нь Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн 2 дугаар гуанзанд зөөгчөөр ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хэргийн 4 дэх тал/
Хүсэлт гаргагч Н.Чулуунцэцэгийг Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн 2 дугаар гуанзанд ажиллаж байсныг гэрчлэхээр Д.Нэргүй, Д.Алтанцэцэг нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Шүүхэд дуудагдсан гэрч Д.Нэргүй Дашзэвэг овогтой Нэргүй би 1976 оноос 1996 он хүртэл Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестэд ээлжийн ахлагч, ахлах тогоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Нина овогтой Чулуунцэцэг нь 1984 онд 10 жилийн сургууль төгсөөд зөөгчөөр орж, 1989 он хүртэл ажиллаж байсан нь үнэн, гэрч Д.Алтанцэцэг Миний бие Дорж овогтой Алтанцэцэг нь 1984 оноос Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестэд 1990 он хүртэл тогоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Нина овогтой Чулуунцэцэг нь 1984 онд зөөгчөөр орж, бид 1990 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн болохыг баталж байна гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон овогт Нинагийн Чулуунцэцэг /Регистрийн дугаар ШБ67020962/-ийг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн 2 дугаар гуанзанд зөөгчөөр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР