Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1294

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д,

улсын яллагч Х.А,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0573 00000  дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г.М, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Консулын .. дугаар гудамжны ... тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Алтан-Овоон .. дүгээр гудамжны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар СЭ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Алтан-Овоо ... тоот гэртээ гэр бүлийн харилцаатай Б.У-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд шарх, зүүн дээд 3-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.М-той 2015 онд танилцаж 2016 оноос гэр бүлийн харилцаатай болж эхэлсэн. Бид хоёр 2016 оны 10 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Алтан-Овоо .. тоот манай ахын хашаанд нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй бөгөөд би хоёр хүүхэдтэй юм. ...2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө Г.М гэрээсээ гараад явсан байсан. Тэр үед манай бага хүүхэд салхин цэцэг туссан би ажилдаа яваагүй Г.М-г хүлээж байгаад ажилдаа өдөр 11 цагийн үед хүүхдээ дагуулаад явсан. Тэгтэл Г.М архи уусан байдалтай гэр рүүгээ явж байсан. Би хажуугаар нь гараад ажил дээрээ очиж байж байгаад 12 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн гадна хаалганы бариул хугарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би арай гэж хаалгаа гаднаас нь түлхүүрээр нь онгойлгоод гэртээ орсон. Г.М түлхүүр байхгүй гэртээ орж чадаагүй хашаанд машин дотроо унтаж байсан...би Г.М-г сэрээгээд... “хаалганы бариул хугалчихлаа” гээд уурласан. Тэгтэл Г.М утсаа надаас асуусан аа ширээ нь дээр цэнэглэж байсан утсыг авч шидээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон чинь миний зүүн нүдний зовхи язраад цус гарсан. ...Г.М миний нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа гараараа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- “...Г.М нь миний зүүн нүдэнд нэг удаа гараараа цохиж зүүн нүдэнд учирсан гэмтлийг учруулсан. Дараа нь дахин гараараа цохиж миний зүүн дээд 3-р шүдний эмтрэл гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ... Зүүн нүдний доод зовхи хаван хавдартай хөхөлбөр өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй, зүүн доод зовхи гадна байрлалд 1.6х0.2см өнгөц шархтай, цус гарсан байдалтай, зүүн дээд 3-р  шүдний палан эмтэрсэн, эмзэглэлтэй, ирмэг хурц тэмтрэгдэнэ...ДҮГНЭЛТ

1. Б.У-н биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд шарх, зүүн дээд 3-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30)

3. Шинжээч эмч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.У-т учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд үүссэн шарх нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн шүдний эвдрэл гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Иргэн Б.У-н гэмтэл нь хэрэг болсон үед үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

4. Шүүгдэгч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө гэрээсээ гараад найзтайгаа Бөмбөгөр дээр нэг шил архи хувааж уучхаад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Алтан-Овоон .. тоотод байх гэр рүүгээ явсан. Гэртээ очоод хаалганыхаа бариулаас татахад бариул хугарчихсан тэгэхээр нь эхнэрээ иртэл хашаан дотроо машиндаа ороод унтчихсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад эхнэр Б.У ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ орсон. Гэртээ ороод гал тогооныхоо өрөөнд сууж байсан чинь эхнэр “хүүхэд салхин цэцэг тусчихсан байна. Эмнэлэг орж үзүүлмээр байхад чи архи уучихлаа, дээрээс нь хаалганы бариул хугаллаа” гээд над руу уурлахаар нь босож ирээд эхнэрийнхээ цээж рүү цохих гэхэд эхнэр У огцом тонгойгоод нүүрэн тус газраа цохиулчихсан. У-н хацраас цус гарахад нь сандраад эмнэлэг явах гээд машиндаа суугаад гудмаар уруудаж байхад өөдөөс цагдаагийн машин гарч ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-68),

5. Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 74, 76), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 77),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 36-37, 38-46),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 50), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 53),  хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 52, 54),  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Яллагдагч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Алтан-Овоон .. дүгээр гудамжны .. тоот гэртээ, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Б.У-н зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд шарх, зүүн дээд 3-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.М-той 2015 онд танилцаж 2016 оноос гэр бүлийн харилцаатай болж эхэлсэн. Бид хоёр 2016 оны 10 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Алтан-Овоо .. тоот манай ахын хашаанд нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 29-ний ...12 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн гадна хаалганы бариул хугарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би арай гэж хаалгаа гаднаас нь түлхүүрээр нь онгойлгоод гэртээ орсон. Г.М түлхүүр байхгүй гэртээ орж чадаагүй хашаанд машин дотроо унтаж байсан...би Г.М-г сэрээгээд... “хаалганы бариул хугалчихлаа” гээд уурласан. Тэгтэл Г.М утсаа надаас асуусан аа ширээ нь дээр цэнэглэж байсан утсыг авч шидээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон чинь миний зүүн нүдний зовхи язраад цус гарсан. ...Г.М миний нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа гараараа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- “...Г.М нь миний зүүн нүдэнд нэг удаа гараараа цохиж зүүн нүдэнд учирсан гэмтлийг учруулсан. Дараа нь дахин гараараа цохиж миний зүүн дээд 3-р шүдний эмтрэл гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Б.У-н биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд шарх, зүүн дээд 3-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30)

- Шинжээч эмч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.У-т учирсан гэмтэл нь нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд үүссэн шарх нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн шүдний эвдрэл гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Иргэн Б.У-н гэмтэл нь хэрэг болсон үед үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- Шүүгдэгч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Өдөр 12 цаг өнгөрч байхад эхнэр Б.У ирсэн. ...Гэртээ ороод гал тогооныхоо өрөөнд сууж байсан чинь эхнэр “хүүхэд салхин цэцэг тусчихсан байна. Эмнэлэг орж үзүүлмээр байхад чи архи уучихлаа, дээрээс нь хаалганы бариул хугаллаа” гээд над руу уурлахаар нь босож ирээд эхнэрийнхээ цээж рүү цохих гэхэд эхнэр У огцом тонгойгоод нүүрэн тус газраа цохиулчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-68) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хамтран амьдрагч, хохирогч Б.У-г цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М нь хохирогч ...Б.У-н нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, шинжээч эмч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “хамтран амьдрагч...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Тодруулбал Г.М нь хохирогч Б.У нар нь 2016 оноос эхлэн хамтран амьдарсан болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Г.М гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.У нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Г.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.М, хохирогч Б.У нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.М-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0573 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.М-н Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.М 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ