Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2017/00001

 

*******ийн нэхэмжлэлтэй, Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгт

холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 138/ШШ2016/01285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие тус цэцэрлэгт 2013 оны 9 сарын 9-нд ахлах тогоочоор ажилд орж, 2016 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Цэцэрлэгийн ахлах тогоочийн орон тоо нь байнгын ажлын байр бөгөөд одоо уг орон тоонд өөр хүн авч ажиллуулж байгаа болно. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил, дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Ажлаас халсан тушаалд 2016 оны 8 сарын 25-ны өдрөөс тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан үндэслэлээр халсан байна. Ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ хийчихээд түүнийгээ үндэслэн хөдөлмөрийн  гэрээ сунгахгүй эрх мэдлээ ашиглан ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 2016 оны 5 сарын 27-нд тайлангийн хурал дээр цэцэрлэгийн эрхлэгчийг хүүхдийн хоолны мөнгөөр гэртээ байнга хоол хийлгэдэг, мөн бөхийн өргөөний засварчдын хоолыг хүртэл хүүхдийн хоолны зардлаас гаргадаг талаар шүүмжилсэн. Гэтэл одоо намайг ажлаас халсан явдал нь тэр шүүмжлэлтэй холбоотой гэж бодож байна. 2016 оны 8 сарын 25-нд ажилд орох байсан боловч ажил явдал гараад Улаанбаатар хотод явж байсан. Тэгээд 9 цагийн үед эрхлэгч рүү утсаар холбогдоод ажил явдал гараад хоног хураах ажилтай байна, 1 дэх өдөр ажилдаа очно гээд  нэг хоногийн чөлөө өгөхийг хүссэн. Гэтэл эрхлэгч “чи надтай нэг баг болон ажиллаж чадаагүй учир чамайг туслах тогооч болгоно” гэж хэлсэн. Тэр үед сэтгэл санаа тайван бус тэгээд утсаар ярих зохимжгүй гээд өнгөрсөн. Тэгээд ажилдаа иртэл ажлаас халсан тухай тушаал өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалинг 8 дугаар сард ажиллаагүй учир 8 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон байсан. Одоо ажлаас халсан тушаал нь 2016 оны 8 сарын 25-ны өдөр гарсан учир уг өдрөөс тооцон гаргахад татгалзахгүй. Иймээс намайг хуучин ажилд минь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 1477888 төгрөгийг гаргуулан өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “10 дугаар цэцэрлэг нь хөдөлмөрийн гэрээ дахин сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажилтантай хугацаагүй гэрээ байгуулна гэж заасан байдаг. Гэтэл уг байгууллага нь бүх ажилтантайгаа нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажилладаг юм байна.  Гэрээг хугацаатай байгуулдаг шалтгаан нь ажлын үр дүнг дүгнэх зорилготой гэж тайлбарладаг. Гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна.  Улсын дээд шүүхийн тогтоолд ямар нөхцөлд хугацаатай гэрээ байгуулах талаар тодорхой заасан. Хугацаатай гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцлийг тодорхой зааж өгсөн байх ёстой. Гэтэл 10 дугаар цэцэрлэг нь хөдөлмөрийн гэрээнд шалтгаан нөхцлийг тусгасан зүйл байхгүй байна. Байгууллагын дарга ажлаас халах шаардлага бий болсон тохиолдолд хөдөлмөрийн хуулинд нийцүүлэн халах ёстой. Ийм учраас *******ийг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн 12 сарын цалингийн дундажийг байгууллагаас гаргаж авсан цалингийн дундажаас нэг өдрийн ажлын цалинг тооцон ажилгүй байсан нийт 64 хоногт ажлын нэг өдрийн цалин болох 23090 төгрөгөөр үржүүлж гаргасан байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин 1477888 төгрөгийг гаргуулан өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэжээ.

 Хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийг төлөөлөн ******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэн Б/21 тоот тушаалаар тус цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байсан *******ийг ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаагийн  учир нь аймгийн цэцэрлэг нь Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 07 сарын 16-ны өдрийн 156 тоот тушаалд Орон тооны жишиг тогтоох аргачлал, орон тооны норматив батлах тухай тушаалд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.8-д заасан болон тушаалын 3-рт аймгийн хүүхдийн цэцэрлэгийн норм нормативийг тогтоосон байгаа. 10-н бүлэгтэй цэцэрлэгт тогоочийн байнгын орон тоо нь 3 байна гэж заасан байгаа. *******ийг ажилд авах үед 10 дугаар  цэцэрлэг нь 280 хүүхэд авах ёстойгоос 360 хүүхэд болж хүүхдийн тоо ихсээд тэр утгаараа дөрөв дэх орон тоог байнгын бус хугацаатай гэрээ байгуулж, дотооддоо зохион байгуулалт хийж авсан байгаа. Үүнийг байнгын ажлын байр гэж тайлбарлах үндэслэлгүй юм. Дээд шүүхийн тогтоолын  тайлбарт ажилтан, ажил олгогчийн санаачлагаар гэрээг хугацаатай хийж болохоор тодорхой заасан байгаа. Тэгэхээр ажил олгогч өөрөө санаачлаад ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой тогоочийн орон тоог нэмэгдүүлж ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэр ахлах тогоочийн орон тоо бий болгосон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 138/ШШ2016/01285 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын *******ийг Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгээс  ажилгүй байсан  хугацааны олговор 1441369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36519 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын болон бусад шимтгэлүүдийг төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрээр шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож,

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Тэмдэгтийн  хураамжийн тухай  хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 38012 төгрөг гаргуулж төсвийн орлого болгож,

            Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч түүний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол  гаргах  эрхтэйг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 сарын 25-ны өдрийн Б/21 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд иргэн ******* гомдол гаргасан бөгөөд уг гомдолд иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 138/ШШ2016/001285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч байгууллагын хөдөлмөрийн харилцааны асуудлыг дотоод журмаараа хуульд нийцүүлэн нийт ажилтны хурлаар хэлэлцүүлэн баталсан байх бөгөөд уг журамд ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсаар байтал анхан шатны шүүх илтэд нэг талыг барьж /иргэн өөрөөр хүсээгүй байтал өмнөөс нь ажилгүй байсан хугацаа, нэмэлт боломжуудыг нь шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгөх замаар/ шийдвэрээ гаргалаа. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дээр 2016 оны 9 сарын 25-ны өдрөөс 11 сарын 18 өдрийг хүртэл ажлын 61 хоног байна гэж зөрүүтэй бичсэн, тооцооллыг илтэд алдаатай хийсэн гэх мэт урдаас гаргачихсан шийдвэр байсан сэтгэгдлийг төрүүлж байна. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тооцооллын алдаа гаргасан тул тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ. 

                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн захиргаанд холбогдуулан хуучин ажилд / ахлах тогоочийн ажилд/ эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1477888 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Ажил олгогч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 09 сарын 09-ний өдрийн 30 дугаар тушаалаар ажилтан Ц.*******ийг 2013 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд авч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгууллан  ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 4, 6-7,22 дахь талууд /

            Ажил олгогч 2016 оны 08 сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаараа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна. / хх-ийн 5 дахь тал/

            Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд ахлах тогоочийн ажил нь батлагдсан орон тоотой, цалингийн төсөвтэй, ажлын өдөр нь хуульд зааснаар явагддаг / өдрийн ажлын цагийн үргэлжлэл 8 цаг, долоо хоногийн ажлын цаг 40 цаг / байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй байна. / хх-ийн 6-7 дахь талууд /

            Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй ажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар талууд тохиролцвол байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болох тухай зохицуулалт байгаа боловч ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болох юм.Ийм нөхцөлд тухайн шаардлага, шалтгаан, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байх шаардлагатай.  

            Гэтэл ажил олгогч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэг нь ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ямар нэгэн тодорхой үндэслэл, шаардлагын талаар тохиролцоогүй атлаа байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг зөрчжээ.

            Иймд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь иргэний хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл ажил олгогч нь  хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа / дуусгавар болгохдоо / үндэслэлээ тодорхой заагаагүй, хөдөлмөрийн болон холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж ажилтан *******ийг  Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулж ажилтанд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад зохих журмаар төлүүлж, бичилт хийлгүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй боловч энэ нь ажилтны нэхэмжлэлийн шаардлагатай зайлшгүй холбогдон гарах үр дагавар тул анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн энэ талаар  талууд ямар нэгэн гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам “-ын 7-д зааснаар ажилтан *******ийн ажилгүй байсан хугацааны олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох байтал анхан шатны шүүх ажилтны 12 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон нь буруу боловч энэ талаар талууд гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “ 1 “-д ажилтан *******ийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаа “ 2016 оны 08 сарын 25 “ байхад “ 2016 оны 09 сарын 25-ны өдрөөс ... “ гэж ташаа бичсэнийг зөвтгөж ойлговол зохино. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй боловч дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

Иймд  хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ний өдрийн 138/ШШ2016/01285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2 Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

                  

                   ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧ                                                                   Я.АЛТАННАВЧ   

                                                                                             З.ЭНХЦЭЦЭГ