Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0351

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.Б, Г.О, С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсгийн 21.2.3, 21.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/753 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн засаг дарга Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25, 26, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл, мөн Нийслэлийн газрын албатай 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 жилийн хугацаатай байгуулсан хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.1, 6.2 дахь заалтуудыг илтэд зөрчиж, дарамт үзүүлсэн сөрөг үйлчлэл бүхий хууль бус 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/753 дугаар захирамж  /гэнэтийн шийдвэр/ гаргасан нь хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулж байгаа “И” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болно. Түүнчлэн Нийслэлийн засаг дарга 2018 оны А/753 дугаар захирамжийг гаргахдаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй, мэдэгдэх болон сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй учраас уг захирамж нь зорилготойгоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон байдаг. Нийслэлийн засаг дарга 2018 оны А/753 дугаар захирамжийг хууль бусаар гаргаж “И” ХХК-ийн эзэмшил газраас 7500 м.кв газрыг Нийслэлийн боловсролын газар шилжүүлж, хүчин төгөлдөр байгаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчиж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухай жилийн төлөвлөгөөний дагуу олгоогүй, Нийслэлийн газрын албаны дэргэдэх “газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл” гэсэн хуульд заасан нэршилгүй, тусгайлсан хуулиар бүрэн эрх олгоогүй, хуулийн хэм хэмжээнээс давсан “зөвлөмж, дүгнэлт” гэдгийг захирамжийнхаа үндэслэл болгосон нь нэхэмжлэл болон гомдолд дурдсан хуулиудаас гадна дур зоргын үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. 2018 оны А/753 дугаар захирамжид хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн зэрэг нь буруу болсон. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн засаг даргын 2018 оны А/753 дугаар захирамжийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “И” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Улсын төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургуулийн барилга барих зориулалтаар Нийслэлийн боловсролын газарт эзэмшүүлсэн нь .... нийцсэн гэж үзлээ гэдэгт Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 зөрчсөн мөн Боловсролын яамнаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуулийн санал өгөөгүй талаар албан бичиг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд, харин Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 12.1.1.55-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 6.600.000.000 төгрөг төсөвлөгдсөн байх бөгөөд Неман констракшн ХХК тендэрт ялж гэрээ хийсэн байх боловч Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хууль нь 2018 оны 01 сарын 01 нээс дагаж мөрдөж байгаа тул улсын төсвийн хөрөнгөөр сургууль барихаар эзэмшүүлсэн гэдэг нь хуулийн батлагдсан цаг хугацаа болон бусад баримтаар үгүйсгэгдэж байна. “И” ХХК-ийн эзэмшил газраас 7500 м.кв газрыг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.3, 21.2.4-т заасантай нийцсэн гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ шүүх тайлбарлаж дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хэргийн оролцогчдийн маргаж буй үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх тухай Монгол улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/753 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/753 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 154 дүгээр тогтоолыг тус тус баримтлан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 919 дүгээр захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийн 14513 гэснийг 7013 гэж өөрчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн боловсруулсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч баталсан байх ба тус төлөвлөгөөнд 2500 хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль, 1500 гаруй хүүхэд хүмүүжих цэцэрлэг байхаар тусгагдсан, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 453 дугаар захирамжаар “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан орон сууцны Олимп хотхон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 25.0 га газрыг Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184 дүгээр захирамжаар дээрх Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газраас 50081 м.кв газрыг “И” ХХК-нд 5 жилийн хугацаатай ашиглуулахаар, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжаар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан,  

Энэхүү “И” ХХК-ийн эзэмшилд байсан 50081 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамжаар нэр бүхий иргэд, хуулийн этгээдэд хуваан эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ “И” ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалтаар 14513 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэнийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 919 дүгээр захирамжаар 7013 гэж өөрчилсөн, дээрх нэхэмжлэгчийн эзэмшил газраас хассан 7500 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Нийслэлийн боловсролын газарт төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон үйл баримт тогтоогдож байна.

         Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.3. “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”, 21.2.4.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж заасан байхад хариуцагч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2500 хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль, 1500 гаруй хүүхэд хүмүүжих цэцэрлэг байхаар тусгагдсаныг хэрэгжүүлж ажиллаагүй, төлөвлөгөө батлагдсанаас хойш 14 жилийн хугацаа өнгөрч байхад уг хотхонд сургууль цэцэрлэг баригдаагүй,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын сургууль нэн шаардлагатай байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогджээ.

         Харин Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх” гэж заасан эрхээ хариуцагч Нийслэлийн засаг дарга хэрэгжүүлж Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зохих ёсоор биелүүлэхээр нэхэмжлэгчид олгосон газрын хэмжээг багасган 7013 болгож өөрчлөн алдаагаа залруулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно...” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх хангагдсан гэж үзэхээр байна.

        Нэхэмжлэгч “И” ХХК нь сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөж эскиз зураг төслөө батлуулсан гэж тайлбарласан ч Монгол Улсын Үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохоор заасан тул Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн гэж үзэх боломжгүй.

         Иймд маргаан бүхий актыг зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй гэж үзэхгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

         Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5-д зааснаар нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцлах боломжтой бөгөөд  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 919 дүгээр захирамж нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн боловч энэ маргааны тухайд Газрын тухай хуулийг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ.

        Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байх ба хариуцагч нь Олимп хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, сургууль барих газрын асуудлыг шийдвэрлэлгүйгээр бүхэлд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн алдаагаа залруулахдаа дээрх хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой байжээ.

         Иймд нэхэмжлэгч талын “А/753 дугаар захирамжид хэрэглэх ёсгүй Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5-д заасныг хэрэглэсэн” гэх гомдол үндэстэй байх боловч энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Учир нь маргаан бүхий захиргааны актад хэрэглэх ёстой Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримтлаагүй ч  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг баримталсан нь зөв, түүнчлэн Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх сурч боловсрох үндсэн эрхийг хангахад чиглэсэн шинжээрээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” төрөөс газрын талаар баримтлах зарчимтай нийцсэн гэж үзлээ.

         Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсгийн 21.2.3, 21.2.4-д” гэснийг “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.Батбаатар     

      ШҮҮГЧ                                                                    Э.Лхагвасүрэн  

      ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН