Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 7064

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 70-р байрны, 54 тоотод оршин суух Чадраагийн Батбаярт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 609,697,113.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Чадраа, хамтран зээлдэгч Ч.Батбаяр нь манай банкнаас зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлдэгчтэй байгуулсан 77 тоот зээлийн гэрээний хугацаа 2016.04.16-ны өдөр, ЗГ-127 тоот зээлийн гэрээний хугацаа 2015.12.25-ны өдөр тус тус дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа бол зээлдэгч Ч.Батбаяраас 77 тоот болон ЗГ-127 тоот зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох нийт 609,697,113.37 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлогоос үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.                    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож  “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Ч.Батбаярт холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 609,697,113.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, Эвлэрийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 11,097,113.37 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 598,600,000 төгрөгийг 12 сарын хугацааны дотор гэрээнд заасны дагуу төлж барагдуулахаар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-8 тоот хаягт байрших 196 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд нэмэлтээр бүртгүүлэхээр, эвлэрийн гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиололд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон байна.

Зохигчид эвлэрсэн нь хуульд нийцсэн, хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Капитал банк” ХХК нь 609,697,113.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 11,097,113.37 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Батбаяр нь үлдэх 598,600,000 төгрөгийг 2017.01.30-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр / Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж “Маршал хотхон” 103 дугаар байрны 3 тоот, гэрчилгээний дугаар 000183350, улсын бүртгэлийн Ү-2206020583  дугаартай, 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 112 байр, 16 тоот, гэрчилгээний дугаар 000372185, улсын бүртгэлийн Ү-22060372424 дугаартай 4 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13 дугаар хороолол /13370/, Энхтайваны өргон чөлөө 70 дугаар байрны 54 тоот, гэрчилгээний дугаар 000068457, улсын бүртгэлийн Ү-2204024830 дугаартай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-8 тоот хаягт байрших, гэрчилгээний дугаар 000454217, улсын бүртгэлийн Ү-2204075957 дугаартай үл хөдлөх хөрөнгө/ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,206,436 төгрөгийн тал хувь болох 1,603,218 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, тал хувь болох 1,603,218 төгрөгийг хариуцагч Ч.Батбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч” Капитал банк” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Батбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР