Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1322

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

улсын яллагч Н.У,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0484 00000  дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г.М, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УП0000000, урьд

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 07-ны 261 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, түүний эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосон.

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...дугаар захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан.

 3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн

Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянголын .. дугаар гудамжинд хохирогч Д.М-н нүүрэн тус газарт шилээр цохиж, доод уруул язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын .. дугаар гудамжинд М бид хоёр таараад Б гэх найзындаа нэг шил архитай очиж хамт уусан. Б-н гэрт М янз бүрийн юм яриад согтуурхаад байхаар нь гараад ир гээд дуудаад гарсан чинь араас гарч ирээд нэг юмаар юм уу, гараараа эсэхийг мэдэхгүй байна, саваад уруул хэсэгт цохисон, миний уруулаас цус гарсан, үүдэн хоёр шүдний тал нь хугарсан...одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

2. Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сард...манай энэ хавьд амьдарч байсан М болон Мө хоёр ирж бид нар архи уусан. Тухайн үед 2-3 шил архи уусан...маргааш нь манай эхнэр Мө М-г гэрийн гадаа зодсон гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан учраас болсон үйл явдлыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

3. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ ирсэн байхад гаднаас манай гэрийн орчим амьдардаг байсан М хойд гудамжинд байдаг М-ий хамт нэг шил архитай орж ирээд ууж байгаад архи дуусангуут дахиж нэг шил архи авчирч ууж байхад Эрхмээ орж ирсэн. ...тэгтэл тэр хоёр юунаас болсныг мэдэхгүй гэнэт муудалцаад гарцгаасан удаагүй М намайг цохичихлоо гэж орилохоор нь гэрээсээ гарсан чинь түүний уруул нь сэтэрсэн цус гарсан байж байсан...шүд нь хугарсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Доод уруулын баруун хэсэгт 2.5 см оёо тавигдсан ирмэг тэгш, үүний харалдаа салтсанд оёдол тавигдсан шархтай байв...ДҮГНЭЛТ

1. Д.М-н доод уруулд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хавтаст хэргийн материалаар хийгдсэн нэмэлт шинжилгээний .... дугаар дүгнэлт

1.Хэсэг газрын үзлэгт: ...Доод уруулын баруун хэсэгт 2.5 см оёо тавигдсан ирмэг тэгш, үүний харалдаа салстад оёдол тавигдсан шархтай байв...ДҮГНЭЛТ... Д.М-н доод уруулд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлчлэлээр  үүсгэгдэнэ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”

2. Индранил шүдний эмнэлгийн Амбулаторид хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас ...д 12, 13-р шүдний хугарал гэжээ...ДҮГНЭЛТ

1. Д.М-н баруун дээд, үүдэн нэг хоёр дугаар шүдний хугарал нь хөдөлмөрийн чадварыг 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрх хоёр шүдний хугарлыг мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаа цохиход үүсэж болно.

3. Д.М-н дээд уруулын шарх, үүдэн хоёр шүдний хугарал нь 2019.09.14-ний өдөр үүссэн байж болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),

6. Шүүгдэгч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б-н гэрт М ах Э, Б ах болон эхнэр нь бид нар архи ууж байгаад М өөдөөс томорч аархаад байсан тул бид хоёр муудалцсан. Тэгээд гаръя гэхээр нь эхлээд гараагүй тэгтэл намайг татаад хамт гаргасан. Тэгэхээр нь үүдэнд байсан архины шилээр ам руу нь цохичхоод яваад өгсөн. Тэгээд маргааш нь М ахтай очиж уулзахад 2 шүд хугарсан, уруулан даа оёдол тавиулсан байсан бөгөөд шүдний мөнгө гээд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн... би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49-90, 93-95), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянголын .. дугаар гудамжны .. тоот Г.Б-н хашаанд, 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хохирогч Д.М-н нүүрэн тус газарт шилээр цохиж, доод уруул язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын .. дугаар гудамжинд Мө бид хоёр таараад Б гэх найзындаа нэг шил архитай очиж хамт уусан. Б-н гэрт Мө янз бүрийн юм яриад согтуурхаад байхаар нь гараад ир гээд дуудаад гарсан чинь араас гарч ирээд нэг юмаар юм уу, гараараа эсэхийг мэдэхгүй байна, саваад уруул хэсэгт цохисон, миний уруулаас цус гарсан, үүдэн хоёр шүдний тал нь хугарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 2-3 шил архи уусан...маргааш нь манай эхнэр Мө, М-г гэрийн гадаа зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

- Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М ...Мө ...хоёр юунаас болсныг мэдэхгүй гэнэт муудалцаад гарцгаасан удаагүй Мөнхжаргал намайг цохичихлоо гэж орилохоор нь гэрээсээ гарсан чинь түүний уруул нь сэтэрсэн цус гарсан байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Д.М-н доод уруулд шарх тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хавтаст хэргийн материалаар хийгдсэн нэмэлт шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Д.М-н баруун дээд, үүдэн нэг хоёр дугаар шүдний хугарал нь хөдөлмөрийн чадварыг 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),

- Шүүгдэгч Г.Мө-н мөрдөн байцаалтад өгсөн: “...архи ууж байгаад М өөдөөс томорч аархаад байсан тул бид хоёр муудалцсан. Тэгээд гаръя гэхээр нь эхлээд гараагүй тэгтэл намайг татаад хамт гарсан. Тэгэхээр нь үүдэнд байсан архины шилээр ам руу нь цохичхоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Мө нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр Д.М-г цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Мө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул  шүүгдэгч Г.Мө энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Мө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны .. дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэх.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялаар тогтоож 11 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сараар тогтоох. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Мө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч Г.Мө-г гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу шилийг зэвсгийн чанартай ашигласан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болсон зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.Мө нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаар шүүгчийн захирамжаар 11 сарын хугацаагаар тэнсэгдсэн ялтан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” 1 хоногийн хорих ялаар тооцохоор тус тус хуульчилжээ.

Тиймээс шүүгдэгч Г.Мө-н Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ял дээр, түүнд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож нийт оногдуулсан 480 цаг буюу 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Мө нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны ... сарын ... өдрийн хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ... хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн 1908 0484 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-н биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.М-н эдлэх ялыг 2019 оны 12  дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ