Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 7067

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

          Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө/57 хаягт байрлах Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Проспект интернэшнл” ХХК /Регистрийн дугаар 5214785/ болон түүний захирал Чонот овогт Чинбаатарын Тамир /Регистрийн дугаар ТЖ72101815/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, С.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, С.Удвал нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Тус хэлтэст бүртгэлтэй 5214785 тоот регистрийн дугаартай “Проспект интернэшнл” ХХК нь 2004 оны 07 дугаар сарын 26-нд “Хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, барилгыг дуусгах шатны ажил, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа” гэх үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 41,879,900 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 13,674,000 төгрөг, Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангаар 316,620 төгрөг, нийтдээ 42,210,194 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байна. Татварын албаны бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Ч.Тамир нь тус компанийн 100 хувь үүсгэн байгуулагч бөгөөд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 60 тоот гэсэн хаягт оршин суудаг бүртгэлтэй. “Проспект интернэшнл” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Сант асар” төвийн 505 хаягт бүртгэлтэй. Дээрх хаягуудаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2016/01246 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд “Проспект интернэшнл” ХХК болон тус компанийн захирал Ч.Тамирыг эрэн сурвалжилж өгнө үү” гэв. 

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Проспект интернэшнл” ХХК болон тус компанийн захирал Ч.Тамирыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

 

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2016/01246 дугаартай Шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Проспект интернэшнл” ХХК-д холбогдох 42,221,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг “хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

          Иймд, “Проспект интернэшнл” ХХК болон тус компанийн захирал Ч.Тамирыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Сант асар” төвийн 505 хаягт бүртгэлтэй “Проспект интернэшнл” ХХК /Регистрийн дугаар 5214785/, тус компанийн захирал Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 60 тоот хаягт бүртгэлтэй Чонот овогт Чинбаатарын Тамир /Регистрийн дугаар ТЖ72101815/-ыг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР