| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/07068/и |
| Дугаар | 7068 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 7068
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, Зээлийн 27-р гудамжны 33 тоотод оршин суух Шариваан овогт Болдбаатарын Оюун-Эрдэнэ /РД:ВТ89090207/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Эрдэм хотхон 10Б байр, 37 тоотод оршин суух Боржигон овогт Баттөмөрийн Аззаяа/РД:МЯ81031108/-д холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 06-нд 3,000,000 төгрөгийг Б.Аззаяад шилжүүлж зээлдүүлсэн. Уг зээлээ 6 сарын хугацаанд сарын 5 хувийн хүүтэй эргэн төлөлт хийхээр ярилцсан бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй. Б.Аззаяа нь дээрх мөнгийг одоо хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Аззаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Аззаяа миний бие нь нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнээс 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээлсэн мөнгөө 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Б.Аззаяад холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Аззаяа нь Б.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Аззаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Аззаяад холбогдох “3,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Аззаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг 2017.01.03-ны өдөр нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Аззаяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 31,475 төгрөгийг, хариуцагч Б.Аззаяагаас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР