Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1348

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, Т.А, Л.Б нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

иргэдийн төлөөлөгч Ч.Г,

улсын яллагч Б.У, Х.Н,

шинжээч эмч О.Б,

насанд хүрээгүй гэрч О.Ш, түүний хууль ёсны төлөөлөгч Х.О,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар )

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ю.С (шүүхэд төлөөлөх эрхийн үмэлхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0196 00000 дугаартай, 2 хавтаст хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.О, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хөтлийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧО00000000, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хөтлийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд иргэн Ц.Ө-г зүүн суганы ар хэсэгт хутгалж амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр гэртээ амарч байгаад урагшаа гарч Ө-ы гэрт очсон. Би утасгүй байсан тул утсаар ярих гэсэн. Улмаар байшин руу цуг ороод нэг, нэг орон дээр дээшээ хараад хэвтсэн. Талийгаач утсаараа оролдоод хэвтэж байсан. Би “Шархадны тийшээ яваад приус 20 маркийн автомашин үзье” гэж гуйсан. Гэтэл машин алга өөрөө яваад үзчих гэсэн. Тэгээд би гарах гээд гутлаа өмсөж байхад талийгаач нохойгоо суллана гэж ярьж байсан. Тэдний нохой том биетэй, хүн ойртохын аргагүй нохой байдаг. Би гарч гүйж байгаад шалны алчуур дээр тээглээд хойшоогоо саваад унасан. Тэгтэл тэнэг юм уу, наадахаа янзлаарай гэсэн. Улмаар би замын урагшаа гарч такси барих гэтэл такси зогсохгүй байхаар нь дэлгүүр орж нэг шил архи аваад гэртээ очоод байж байтал хашааны хаалга дугарсан. Би очоод онгойлготол талийгаач байсан. Орж ирээд 2-3 алхаад унасан. Би унангуут нь 2 суган доогуур нь гараа хийсэн. Эхлээд архи уучихсан юм уу, ийм амархан уучихдаг юм уу гэж дотроо бодож байсан. Суган доогуур нь гараа хийгээд өргөтөл зүүн талын гуя халуун оргиод явахаар нь  хартал зүүн талын гуя цус болчихсон байсан. Би “би яачихсан юм бэ” гээд халаасыг нь үзээд гар утсыг нь авсан. Гар утас нь кодтой байхаар нь хашаа даваад урагшаа гүйсэн. Дараа нь хаалгаар нь гараад гэрийн хаалган дээрээ ирсэн. Би эхнэр болон хүүхдүүд нь хэлээд түргэн цагдаа дуудсан...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...Н мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 9-ны өглөө тог тасраад 10 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамт хашаандаа салхилсан. Гадаа байхад О хашаа давж орж ирсэн. Манай нөхөртэй хамт нэг тийшээ явна гээд манай нөхөр дургүйцсэн байдалтай байсан. Дараа нь талийгаач хадам эгч Ө-н гэр рүү орсон. Орохоос нь өмнө О утсаа өгчих гэхээр нь талийгаач “өөрийнхөө утсаар ярь” гээд уурласан. Би гэр рүүгээ ороод цонхоор хартал манай нөхөр нохойгоо сул тавьж байхаар нь О явчихсан байна гэж харсан. Манай нөхөр нохойгоо тавьчихаад хадам эгч Ө-н гэрийн урд байдаг сандал очоод суусан. Би хүүхдээ хөхүүлчихээд хартал талийгаач сууж байсан сандал дээрээ байхгүй байхаар нь Ө-н гэрт орсон байна гэж бодсон. Би Ө-н гэр рүү ортол үүдэнд нь плита хагарсан, гэрийн дотор талын хана хагарчихсан байсан. Тэгээд гараад байж байтал талийгаач хашааны хаалгаар ороод ирсэн. Орж ирэхэд нь би зодоон хийгээд байгаа юм уу гэтэл юм дугаралгүй, нохойгоо очиж уясан. Би гэртээ орж ирээд түмбэнд ус хийгээд гараа угаагаад байж байтал хойноос талийгаач орж ирээд гараа угаасан. Гараа угаасны дараа хөмсөгнийхөө цус болсон хэсгийг арчаад гараад явсан. Би талийгаачийг О-н гэр рүү орсон гэж бодоогүй, Ө-н гэр рүү орсон гэж бодсон. Удалгүй О орж ирээд “утсаа өгчих, түргэн дуудъя” гэсэн. Миний утас цэнэг нь дуусчихсан байсан тул хүүхдийнхээ утасны кодыг гаргаад О-т өгсөн. Намайг хувцасаа өмсөж байх үед О утсаар залгаж мэсний шархтай гээд гэрийн хаягаа хэлээд түргэн тусламж дуудсан. Би гүйгээд хашаа даваад очтол талийгаач толгой нь урагшаа харсан, хол нь хойшоо харчихсан газар хэвтэж байсан. Би талийгаачийн нүүрэнд нь хүрээд “ханиа яачихваа гэтэл сонин дуугарсан, гэдсэнд хүртэл хүйтэн байсан” зүрхэнд нь массаж хийж байтал О орж ирээд хөлийг нь өргөж байсан. Би шархыг нь олоод дараад байж байя  гэж бодоод цус болсон хэсгийг нь сөхөөд үзтэл цус болсон хэсэг нь зүсэгдсэн, өөх нь гарчихсан байсан. Улмаар цагдаа орж ирээд нас барчихсан байна гэсэн удалгүй түргэн тусламж ирээд хашаанаас бид нарыг хашаанаас гаргасан. Одоо өмгөөллийн зардал 1.500.000 төгрөг, бусад зардал оршуулгын зардалтай нийлээд 10.897.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

3. Насанд хүрээгүй гэрч ...Ш мэдүүлэхдээ: “...Би бол харсан зүйл байхгүй, зүгээр л сонссон. Би нохойтойгоо тоглох гэж гараад байшингийн дээвэр дээр байж байсан. Эхлээд хашаа шиг юм дуугарах шиг болоод удалгүй хүн орилсон. Харах гэхээр хашаан дотор байдаг байшин, агуулах хаачихаад байсан. Цаана нь барьж байсан барилга байсан болохоор хүн хөл дээрээ юм унагаасан байх гэж бодсон. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би ээжид хэлсэн. Тэр хүн “яаж байгаа юм бэ” гэж орилсон...” гэв.

4. Шинжээч эмч ...Б мэдүүлэхдээ: “...Идэвхтэй үйлдэл хөдөлгөөнд хугацаа гэж байхгүй, үйлдэл хөдөлгөөнийг идэвхтэй үйлдэг гэдэг. Өөрийн санаа зорилгоор хөдлөх, ганц нэг үг хэлэх, алхах зэргийг хэлнэ. Энэ хөдөлгөөнийг ямар хугацаанд явахыг эсхүл ярихыг идэвхтэй хөдөлгөөн гэсэн зүйл байхгүй ...Идэвхтэй үйлдэл гэдэг нь ухамсартайгаар хөдлөх үйлдлийг хэлнэ...Энд байрлал ялгаа байхгүй. Би ардаас, урдаас гэдгийг тогтоох боломжгүй, хутганы чиглэлийг л тогтоох боломжтой...Шарх биш зулгаралтууд болон өнгөц шарх нь хэрэг гарах үед үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан...Зүсэгдсэн шарх нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүснэ...Зулгаралтыг хэлж байгаа юм шиг байна. Зулгаралт гэдэг нь үрэлзэх гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүсдэг...Амь хохирогчид учирсан гэмтэл нь хамгийн том буюу цээжний хөндий, зүүн талийн уушгийн орой хэсгээр нь нэвт гарч хүний хамгийн том судсыг гэмтээсэн. Онолын хувьд шууд үхчихээгүй учраас тодорхой хэсэг хугацаанд буюу ганц 2 алхах боломжтой. Түүнээс биш хэдэн метр алхах ямар ч боломжгүй, хоромхон хугацаанд хүний цус гадагшилж байгаа учраас удах боломжгүй...мөр судлалын шинжээч мэдэх байх, 1.70 орчим өндөртэй насанд хүрсэн хүний дундаж алхаа бол 50 см орчим байгаа...Алхасан байхыг үгүйсгэхгүй, удаан алхалаа гэхэд 10 сэкунд алхах газар байна...Гэрт нь очоод буцсан гэх тохиолдолд 20 гаран метр явсан байна. Тэгж алхана гэж төсөөлөгдөхгүй байна. Хэдхэн секундэд цус гараад дуусчих болохоор боломжгүй байх...Гадаа хүн хутгалаад хашаа цохиж орж ирээд гэрээс хүн гарч ирэхдээ сонсоод гарч ирнэ. Ийм хугацаанд явах боломжгүй. Цаг хэдхэн секундээр хэмжигдэнэ. Амь хохирогчийн 5 см, өргөн нь 3.5 см орчимтой том судсыг дайрсан. Ийм судасны гуравны нэгийг гэмтэээхээр богино хугацаанд цус биеээс гадагшилна. Тэгэхээр боломжгүй байх...Хүний цус...Цээжний хөндийнд хуримтлагдана...Зүүн талдаа 3-4 дүгээр хавирганы завсар суганы дунд шугамаар баруун тийшээ чиглэсэн. Уушгины оройг нэвчиж, уушгины хананд байгаа гол судсыг гэмтээсэн...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагч: 1 дүгээр хавтаст хэргээс 4, 27-35, 57-62, 45-55, 72-74, 75-79, 90, 92, 93, 121-147, 155, 160-161, 164-165, 166-167, 169-170, 182-183, 188, 190-191,

2 дугаар хавтаст хэргээс 130-131, 132, 78-80, 83-85, 211-213, 67-68, 238-240, 76, 200, 88-89, 113-117, “Мобиком корпорац”-иас ирүүлсэн албан бичиг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: 1 дүгээр хавтаст хэргээс 4, 45, 78-79, 150, 151, 155, 157, 206, 217,

2 дугаар хавтаст хэргээс 131, 132, 142, 153 шинээр гарган өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн тухай 7 хуудас баримт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 1 дүгээр хавтаст хэргээс 43-51, 45-55, 48, 78-80, 83, 166-167, 153, 154 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоотод өөрийн үеэл Ц.Ө-ы гэрт ертөнцийн зүгээр хойд талаас нь хашаа давж орсон байна. Улмаар Ц.Ө нь Б.О-тай хамт эгч Ц.Ө-хаа гэрт орон маргалдсан байх бөгөөд маргалдсан уурандаа Ц.Ө нь хашаанд байсан кавказ овчарка үүлдрийн нохойг суллахаар явах хооронд Б.О нь тэднийхээс хашаа давж гарч явсан байна. Ийнхүү Б.О-г явсны дараа Ц.Ө гэртээ орж гараа угаан хөмсөгнөөсөө гарсан цусыг арчаад, хашаа давж Хөтлийн .. дугаар гудамжны .. тоот хашаа буюу Б.О-н гэр лүү орохоор явсан байна. Улмаар Хөтлийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд Б.О Ц.Ө нар нь хоорондоо 5 секунд орчим маргалдсаны дараа Б.О нь Ц.Ө-ы цээжний зүүн хэсэг, суганы арын 4 дүгээр хавирганы түвшинд хөндлөн байрлалтай, хутганы ир хэсэг нь биеийн ар хэсэг рүү харсан чиглэлтэйгээр хутгалахад амь хохирогч нь “яая” гэж орилон “яаж байгаа юм бэ” гэж хэлэн цочмог цус алдалтын улмаас үхсэн болох нь;

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний ...өдөр нөхөр Ц.Ө-ы төрсөн эгчийн хүү Б.О орж ирээд манай нөхрийг нэг юманд явъя гээд байсан. ...Тэгтэл манай нөхөр “би явахгүй, чи өөрөө яв” гэж байсан. Тэгтэл Б.О манай нөхрөөс утсаа өгч бай утсаар чинь яриадахъя гэхэд тэрээр өөрийнхөө утсаар яриач гэхэд Б.О миний утас нэгжгүй гэж байсан. ...би гэртээ ороод бага охины хувцсыг тайлаад байж байтал нохой хуцахаар нь цонхоор харахад талийгаач нохойгоо сул тавиад Ө эгчийн байшингийн урд байдаг сандал дээр сууж байсан тэгэхээр нь би Б.О-г явсан юм байна гэж бодсон... Намайг... Ц.Ө эгчийн байшин луу ороход үүдний амбаарын шалан дээр нь плита хагарчихсан ...авдар дээр нь байсан тогоо, жигнүүр зэрэг нь уначихсан байсан... Талийгаач зуухан дээр байсан савтай усыг аваад гараа угаагаад хаалганы хажуугийн толинд хөмсөгнийхөө цусыг гараараа арчиж арилгаад гараад явсан. Талийгаач гарахдаа хашааны хаалгаар гараагүй болохоор Ө эгчийн байшин руу орлоо гэж бодсон байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 154-155),

- Насанд хүрээгүй гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 9-нд 12 цаг өнгөрч байх үед аав, ээж, дүү бид дөрөв хашаандаа байж байхад гэнэт Б.О ах орж ирээд аавыг “З гэдэг хүн рүү явъя” гээд байсан. Аав “явахгүй” гэсэн чинь “утсаа өгчих” гэхээр нь өөрийнхөө утсаар ярихгүй юу” гэхэд Б.О ах нэгж байхгүй гэж байсан. Тэгээд аав, Б.О ах хоёр Ц.Ө эгчийнх рүү орсон. ...Хэсэг хугацааны дараа цонхоор харсан чинь аав Ө эгчийнхээс ганцаараа гарч ирээд нохойгоо сул тавьсан. Энэ үед аавын нүднийх нь орчим жоохон доод хэсгээс цус гарсан байсан. ...аав гэртээ орж ирээд гараа угаасан. Аав гараа арччихаад ганцаараа гэрээсээ гараад хойшоо явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 164-165),

- Гэрч Ц.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэртээ орж ирэхэд манай гэрт хүн байхгүй, гэрийн үүд хэсэгт байсан эд зүйлүүд ийш тийшээ унасан, ундуй сундуй байдалтай байсан. Байшингийн амбаар дотор авдрын дээр байсан шаргал 1 ширхэг плита газар унаад хагарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158-159),

- Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоотод 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...цагаан өнгийн өвлийн сууцны үүдний ...амбаарт байсан эд зүйлүүд эмх замбараагүй... үүдний амбаарын зүүн урд талд улаан өнгийн модон авдар дээр байсан гэх шаргал өнгийн плита ...газар унаж хагарсан, ...авдар дээр байсан хулдаасны зүүн хойд талын үзүүр хэсэг хагас нугаларсан...угаалгын машины хойд хэсэг зүүн тал руу хөдөлсөн...угаалгын машины баруун талын саарал хөшигний хойд хэсгийн доод үзүүр хагас сөхөгдсөн....ногоон өнгийн хайруулын таваг газар унасан байв...гэрэл зургийн үзүүлэлт №2, 3, 5, 6, 7, 8, 9, 10...” гэх баримт (1 хавтаст хэргийн 57-64),

- Шүүгдэгч Б.О-н мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд “...Би тухайн өдөр гэртээ байж байгаад амь хохирогч Ө ахын хашаанд ар талаас нь давж орсон ... гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 124, 125), ...Ө ах Ө-д алуулна даа гэж хэлээд ...гараараа хоолой, хүзүүнээс сэгсэрсэн... гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 129), ....би Ө ахаас салаад Ө эгчийн байшингаас гарч хашааны хойд хэсгээр давж гарсан...гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 129, 130)...” гэх баримт (1 хавтаст хэргийн 121-147),

- Хүний биед үзлэг хийсэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлд “...Б.О-н ...хүзүүний зүүн хэсэгт 1х0.5см, хүзүүний баруун хэсэгт 1.2х0.4см, 4х0.5см, түүний дээд талд 1.5х0.5см хэмжээтэй улаан өнгийн зулгаралттай...гэрэл зургийн үзүүлэлт №6, 7, 9, 10...” гэх баримт (1 хавтаст хэргийн 75-79), 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийг гараа угаачхаад гараад явсны дараа 5 орчим минутын дараа Б.О орж ирээд утсаа өгчих гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм гэхэд түргэн дуудах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи Ө-г яачих ваа гээд өлгүүрээс куртик аваад гарах гэж байхад О Хөтөлийн .. тоотод мэсний шархтай хүн байна гэж хэлж байсан. Тэгээд би О-с түрүүлж гүйж гараад хашаа даваад О-н хашаанд орход талийгаач газар хэвтэж байсан. ...сүүлд талийгаач гэрээсээ гараад явснаас 5 минутын дараа О сандарсан байдалтай гүйж орж ирээд манай хүүхдийн 96000000 дугаарын утсаар түргэн дуудсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 154-155),

- Насанд хүүрээгүй гэрч О.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 12 цагт хашаандаа ганцаараа нохойтойгоо 1 цаг гаран тоглосон юм. Тэгээд тоглож байхад хажуу айлын буюу манай баруун талын хашаанд төмөр хавирах ч юм уу, чийхарч дуугарах ч гэмээр юм уу сонин чимээ гараад 5 секунд орчимд үргэлжилж тэр хэвээрээ дуугарсан. Тэр чимээ гараад 5-10 секундын дараа нэг хүн багцаагаар хоёр гурван хашааг давж сонсогдохоор чангаар гар хөл нь хугарчихсан хүн шиг, аймар өвдөж байгаа юм шиг “яая” гэж орилсноо “яаж байгаа юм бэ” гэж хэлж байгаа нь сонсогдсон. ...тэр чимээ гарснаас хойш 10  хүрэхгүй минутын дараа цагдаа ирээд уг хашаа руу орж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

- Насанд хүрээгүй гэрч О.Ш-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 115-118), 

- Насанд хүрээгүй гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ...аав гараа арччихаад ганцаараа гэрээсээ гараад хойшоо явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа О ах орж ирээд “ээ гайтай юм аа түргэн дууд, хурдлаач ээ” гээд орилоод байсан. Ээж утсаа Б.О ах руу шидчихээд “чи яачих ваа” гээд гараад явсан. О ах утас аваад түргэн дуудаж байсан. Тэгчхээд О ах хойшоо яваад өгсөн...аавыг гараа арччихаад хойшоо гарч явснаас хойш  нэг их удаагүй О ах орж ирээд “түргэн дуудаарай” гэж хэлсэн. ...О ах аман дотроо жоохон цустай байсан. О ахын үс нь жоохон арзайсан, өмдний гуя хэсэг нь жоохон цус болсон байсан. О ах гэр дотор орж ирээд “утсаа өгч бай, гайтай юм аа” гээд утсаараа залгаад “байна уу” гэснээ гэрээс гарч яваад хойшоо явж байх замдаа утсаар ярьж явсан. О ах жоохон чичрээд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 164-165),

“...О ах түргэн рүү залгаж байхдаа манай гэрийн үүдэнд хаалганы дотор талд явган суугаад ээ гай, хаанаас гарч ирсэн гай вэ гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 166-167),

- Насанд хүрээгүй гэрч Ө.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний ...13 цагийн орчим...Б-с ...аав ээж хоёрыг хаашаа явсан юм гэж асуухад тэрээр “аавыг О ах дагуулаад гарсан ардаас нь ээж гарсан гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад арынхаа хашаан дээр гарахад ээж “миний ханиа гээд орилоод уйлаад байсан. Би хашаа даваад О ахын хашаа руу ортол аав хашааны том хаалганы дотор талд жоохон цаад талд нь хэвтэж байсан. О ах гэрийнхээ хаалгыг түгжиж байсан. ...О ах аймар сандарсан байдалтай харагдаж байсан, О ахын өмднийх нь өвдөг орчим, цамцных нь гэдэсний доод хэсэг орчим цус болсон байсан. Ээж аавын зүрхэн дээр нь дарахад О ах ерөөсөө ойртохгүй холоос хараад байсан. Би О ахын хашаа руу ороод О ах дээр очоод “аав яасан юм” гэж асуухад “харин ингэчихлээ” гээд сандраад ээжид “ би алаагүй” гээд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 169-170),

- Гэрч Ц.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр газрын гэрчилгээгээ банк санхүүгийн байгууллагад барьцаалж мөнгө зээлэх ажилтай ах Ө, том эгчийн хүү Б нартай явсан. Саппорогийн урд талд байдаг...Банк бус санхүүгийн байгууллага дээр бичиг баримтаа үзүүлээд зээл авах талаар ярилцахад 4.000.000 төгрөг зээлэхээр болоод зээлийн хураамжид 70.000-80.000 төгрөг орох юм байна гэж хэлсэн. Тэгээд дүү Ө-ы 99000000 дугаарын утас руу нь би өөрийнхөө дугаараас залгаад “100.000 төгрөг шилжүүлчих” гэж 13 цаг 13 минутад ярьсан. “За одоохон гэж” хэлээд Ө 100.000 төгрөг шилжүүлсэн. ...Намайг Төрийн банк руу орох гээд явж байхад 13 цаг 19 минутад Ө өөрийн 96000000 гэсэн утаснаасаа над руу залгаад “Н сая над руу Ө өнгөрчихлөө гэж хэллээ, бид хоёр шууд Ө руу явлаа, ардаас такси аваад ирээрэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158-159),

- Гэрч Ц.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө-ы эхнэр Н нь миний 96000000 утас руу 13 цагийн үед санагдаж байна утасдаад “Ө хутгалуулаад үхчихлээ” гэж хэлсэн. Би эмнэлэг дуудахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Энэ үед Ө өөр банк руу явчихсан би Б-тэй хамт “ХААН” банкин дээр данс нээлгэх гээд байж байсан...” гэх мэдүүлэг  (1 хавтаст хэргийн 180-183),

- Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө утсаараа ярьснаа “явъя болохоо байлаа” гээд яараад банкнаас гарч ирснээ, “Ө-г хутгалсан гэнэ ээ” гэж хэлсэн. Бид хоёр Ө-н машинд суугаад явж байхад...Н залгаад “яана аа өнгөрчихлөө” гээд орилоод Ө-тай ярьж байсан... Бид нар Ө-д 12 цаг 40 минутын орчимд очиход Ө гэртээ эхнэр, 3 хүүхэдтэйгээ юм яриад, хүүхдүүдтэйгээ тоглоод зүв зүгээр сууж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 187-188),

3. Амь хохирогч Ц.Ө-ны  “Samsung” гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 13:19 минутад (гэрч Ц.Ө) 960000000  дугаараас дуудлага ирж 29 секунд ярьсан, 13:25, 13:26, 13:28 минутад (шүүгдэгчийн хүү О.Б) 95000000 дугаар луу 3 удаа дуудлага хийсэн, ...13:37 минутад (гэрч Ц.Ө) 99000000, 13:43 минутад (гэрч Ц.Ө) 960000000, ...13:56 минутад 9900000 дугааруудаас залгасан боловч дуудлагыг аваагүй. ....13:02 минутад утасны цахим шууданд “...Khan bank... Tanii 5***4095 toot dansand zarlaga 100.000,00 MNT  guilgee... гэх утга бүхий мессеж.” гэх баримт (1 хавтаст хэргийн 93-96),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н “Samsung Galaxy S” гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...13:39 минутад 103 дугаар луу гарсан дуудлага 46 секунд, 13:41 минутад Ugi гэж нэрээр хадгалсан (гэрч Ц.Ө) 96000000 дугаар луу гарсан дуудлага 27 секунд үргэлжилсэн...” гэх баримт (1 хавтаст хэргийн 90),

- Гэрч Ц.Ө-н “Samsung Galaxy J5” гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...13:13 цагт “Uugi” гэх нэртэй 99000000  (амь хохирогч Ц.Ө) дугаар луу дуудлага хийж 30секунд үргэлжилсэн...” гэх баримт (1 хавтаст хэргийн 92),

- Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.О ганцаараа амьдардаг. ...эхнэр, хүүхдээсээ салаад 1 жил гаран болж байна. Эхнэрийг нь Д бага охиныг нь А, том хүүг нь Б гэдэг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 187-188),

- “Мобиком корпораци” ХХК-н албан бичигт “...95000000 дугаарын өмнө бүртгэлтэй байсан эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Хавсралт: 95700000-О Б, УО  одоо ашиглалтад байхгүй...” гэх баримт (3 хавтаст хэргийн 71-72),

4. Хэргийн газрын үзлэг хийсэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоот... хашааны явган хүний хаалганаас ертөнцийн зүгээр хойш 5.50м зайд толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай, хөл нь хойд зүгт байрласан, зүүн хөлөө нугалж баруун хөл доогуур орсон. Баруун хөл  жийсэн байдалтай, баруун хөлийн гутал хагас тайлагдсан, баруун гар биеийн дагуу байрлалтай хэвлий хэсэг дээр тавигдсан, зүүн гар хагас алдлагдсан байдалтай банзан хашаанд бугуйгаар хүрсэн. ...цогцос байлаа. ...Уг цогцсын зүүн гарын суганы хойд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархтай бай ба цогцсын доод хэсэг газарт 70х45см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. ...гэрт үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад...гэрийн гол хэсэгт ягаан өнгийн тавцан бүхий цагаан хуванцар сандал хажуу талаараа харсан байдалтай... гэрийн зүүн хана дагуу саарал модон хоолны ...шүүгээн дээр “Моду” гэсэн нэртэй архитай шил, ...мөн Samsung маркийн хар корпустай гар утас...байв. ...Уг хашаанд цусан мөр байгаа эсэхийг ...нийтэд нь болон хашааны гадна ойр орчмоор самналт хийж үзэхэд ямар нэг цусан мөргүй байлаа. ...нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэргийн газрын ойр орчим, гудамж талбайд самналт хийж амь хохирогчийн гудамжнаас хойш, ...урагш 3 гудамжийг самнаж үзэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 05-24),

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлд: “...Амь хохирогч Ц.Ө-ы оршин суух Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоот, сэжигтэн Б.О-н оршин суух Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоот хашааг 200м радиуст оруулж нөхөн үзлэг хийж...биологийн гаралтай ул мөр илрүүлэх зорилгоор ажиллахад ямар нэг ул мөр илрээгүй, ...Хөтөлийн .. тоот хашааны хойд хэсгээс Хөтөлийн .. тоот хашааны баруун урд буланд байрлах явган хүний улаан төмөр хаалга хүртэлх зайг хэмжихэд 6.25м байв. Хэрэг учрал болсон гэх хашаа болон амь хохирогчийн хашааны хооронд биологийн ул мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд ямар нэг ул мөр илрээгүй ба хэрэг учрал болсон гэх Хөтөлийн ...  тоот хашааны явган хүний хаалганы доод цементэн довжоо хэсэгт ямар нэг ул мөр илрээгүй болно. ...Уг тоот хашаанд явганаар орох хаалга... болон цоож түгжээнд биологийн гаралтай цусан мөр илрээгүй. ...хашааны хаалганаас ертөнцийн зүгээр хойд зүгт байх ...Б.О-н монгол гэрийн хаалга хүртэл 12м 60см зайтай, ...өндрийн хэмжээг үзэхэд хашааны хаалганы үүд хэсгийн газраас 145см-т монгол гэр байрласан. ...Монгол гэрийн хаалганаас амь хохирогч Ц.Ө-ы хэвтэж байсан гэх газар буюу амь хохирогчийн толгой хүртэл 7м 90 см...байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 27-35),

- Цогцост үзлэг хийсэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлд “...цогцос нь 170см урттай 62 кг жинтэй...эрэгтэй хүний цогцос байна. ...цогцсын духны зүүн талд 1х0.7см, 1.5х0.5см, зүүн шанаанд 1х1см, 1.5х0.3см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун нүдний дээд зовхинд үргэлжилсэн 4х0.5см, баруун гарын ядам хурууны хумстай шивнүүрийн гадна 0.4х0.1см өнгөц зүсэгдсэн шархтай, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар үений гадна 0.8х0.7см, эрхий хурууны 1 дүгээр үений гадна 0.5х0.5см, 2 дугаар шивнүүрийн гадна 0.5х0.2см улаан ягаан өнгийн зулгаралттай, цээжний зүүн ар дунд хэсэгт 4, 5 дугаар хавирганы түвшинд суганы арын шугамаар хөндлөн ир тал нь урд талдаа, мөр тал нь ар талдаа байрлалтай 4х1см хэмжээтэй цээжний хөндий рүү ардаас баруун урагш чиглэсэн 12см гүн нэвтэрсэн шархтай...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 45-55),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 904 дугаар дүгнэлт

“...Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт: Духны зүүн талд 1.0х0.7см, 1.5х0.5см зүүн шанаанд 1.0х1.0см, 1.5х0.3см баруун хөмсөгний гадна, баруун зовхи руу үргэлжилсэн 4.0х0.5см, улаан ягаан өнгийн зулгаралттай, баруун сарвууны ядам /4-р/ хурууны үзүүрийн шивнүүрийн гадна 0.4х0.1см өнгөц зүсэгдсэн шархтай, зүүн сарвууны долоовор /2-р/ хурууны 2-р үений гадна 0.8х0.7см, эрхий /1-р/ хурууны гадна 0.5х0.5см, 2-р шивнүүрийн гадна 0.5х0.2см зүүн өвдөгт гадна доод хэсэгт 3.5х2.0см талбайд 0.8х0.4см хүртэл хэмжээний улаан ягаан өнгийн зулгаралттай, цээжний зүүн хэсэгт суганы арын шугамаар 4-р хавирганы түвшинд хөндлөн байрлалтай 3.9см урт ир бүхий тал ар талдаа байрлалтай зууван дугуй хэлбэрийн шархтай. Уг шархыг шалгаж үзэхэд цээжний хөндий рүү нэвтэрсэн байв.

...Цээж хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад... Гол судас...уруудах хэсгийн зүүн хэсэгт 1.5см урт зах ирмэг тэгш шархтай, шархны эргэн тойрон хар хүрэн өнгийн цус хуралттай. ...Зүүн уушгины дээд дэлбэнгийн 1-р сегментэд зүүнээс баруун тийш чиглэлтэй дээд дэлбэнг нэвт гарсан хатгагдаж зүсэгдсэн шархтай. ...Цээжний хөндий рүү нэвтэрсэн шархыг шалгаж үзэхэд цээжний зүүн хэсэгт суганы арын шугамаар 4-р хавирганы түвшинд дотогш цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 3, 4-р хавиргыг суганы арын шугамаар зүсэж цээжний гялтанг нэвтэрсэн, цээжний гялтанд 3,5см урт зууван дугуй хэлбэрийн шарх үүсгэсэн, зүүн уушгины дээд дэлбэнгийн 1-р сегментийг зүүнээс баруун тийш нэвтэрч гол судасны уруудах хэсэгт 1.5см шарх үүсгэсэн байв, уг шарх орчмын зөөлөн эдэд хар хүрэн өнгийн цус хуралттай...

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний Онош:

1. Цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх: Цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 3-4-р хавирганы түвшинд 3-4-р хавиргыг зүсэж, цээжний гялтанг нэвтэлж, зүүн уушгины орой хэсгийн нэвтэрч гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх...ДҮГНЭЛТ

1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 3-4-р хавирганы түвшинд 3-4-р хавиргыг зүсэж, цээжний гялтанг нэвтэлж, зүүн уушгины орой хэсгийн нэвтэрч гол судасны уруудах, хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, мөчдийн зулгаралт, баруун ядам хурууны өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд, бусад гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн болно.

3. Дээрх гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

4. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийг өөртөө учруулах боломжгүй.

...8.Талийгаач нь дээрх цээжний хөндийг нэвтэрч уушги, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 78-80),

- Шинжээч эмч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цээжний зүүн хэсэгт суганы дунд шугамаар 3, 4-р хавирганы түвшинд 3, 4-р хавиргыг зүсэж, цээжний гялтанг нэвтэлж, зүүн уушгины орой хэсгийн нэвтэрч гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг авсан хүн богино хугацаанд амьд байна. Учир нь гол судас гэмтсэн учраас цус алдалтын шоконд орж нас барна. Богино хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Дээрх гэмтлийг авсан хүн 1-2 алхаж болно. Гол судас гэмтэж цус алдалт явагдаж богино хугацаанд цус алдалтын шоконд орсон учир олон алхах, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн урт хугацаанд хийх боломжгүй. ...Цочмог гэдэг нь богино хугацаанд их хэмжээний цус алдахыг хэлнэ. Гол судас гэдэг нь зүрхний зүүн ховдлоос гарч хүний биеийг цусаар хангах үүрэгтэй хамгийн том судсыг хэлнэ...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 83-85),  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2018 дугаар дүгнэлтэд

Үзлэг ба шинжилгээ: ...Хоёр дугаартай гялгар уутанд үзлэг хийхэд:

  • Хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, М өмсгөлтэй, дугуй захтай, хар хөх цоохор хээтэй, цагаан футболка /Зураг №9/

- Футболканы ...Зүүн ханцуйн залгаас оёдлоос эгц доош 2см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 5мм зайд баруун налалттай 3.4см урагдсан /Зураг №11/

  • Хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, 100 өмсгөлтэй, цахилгаан товчтой, далд хармаатай, хоёр хажуу талд болон баруун, зүүн суга хар хөх өнгөтэй, цагаан цэнхэр, хар хөх, цагаан өнгө хосолсон хөндлөн судалтай цэнхэр цамц /Зураг №13/

          Зүүн ханцуйн залгаас оёдлоос эгц доош 2см зүүн хажуу оёдол хэсэгт баруун налалттай 3.5см урагдсан /Зураг №14/....ДҮГНЭЛТ

          ...2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны: ...* цагаан футболкад гарсан 3.4см, цэнхэр цамцанд гарсан 3.5см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхай байна.” гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 67-70) гэх баримт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.О нь хутга ашиглан, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр өөрийн үеэл Ц.Ө-н цээжний зүүн хэсэг, суганы арын 4 дүгээр хавирганы түвшинд хөндлөн байрлалтай, хутганы ир хэсэг нь биеийн ар хэсэг рүү харсан чиглэлтэйгээр ардаас баруун урагш чиглэсэн 12см гүн хутгалж алсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

          Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах, шүүгдэгчийн би ахыгаа алаагүй, гаднаас хутгалуулсан орж ирсэн, хутга олдоогүй гэх агуулгатай мэдүүлэг нь доорх байдлаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

          Тодруулбал амь хохирогч Ц.Ө, шүүгдэгч Б.О нар нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд хамт байсан. Улмаар амь хохирогч Ц.Ө нь өөрийн эгч Ц.Ө-тай 13:19 минутад утсаар ярьж 100.000 төгрөг шилжүүлсэн, мөн шүүгдэгч Б.О нь амь хохирогч Ц.Ө-ны гар утаснаас өөрийн том хүү болох О.Б-н 95700000 дугаар луу 13:25, 13:26, 13:28 минутад 3 удаа дуудлага хийсэн. Түүнчлэн амь хохирогчийн гар утас шүүгдэгчийн гэрийн шүүгээн дээрээс олдож эд мөрийн баримтаар тус тус тооцогдсон. Дээрх хугацаанаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н гар утаснаас 13:39 минутад 103 дугаар луу гарсан дуудлага 46 секунд үргэлжилсэн, мөн тус хэргийн гэрч Э.Ш-н мэдүүлэг, хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл зэргийн баримтаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн гар утсыг түүнээс өөр хүн ашиглах боломжгүй байхад Б.О нь 13:25 хүүхэд рүүгээ залгасан дуудлага бүртгэгдсэн, 13:39 минутад түргэн дуудагдсан зэргээс үзвэл шүүгдэгчийн амь хохирогч гаднаас орж ирсэн гэх нөхцөл байдал няцаагдаж байна.

          Хохирол хор уршгийн талаар

          Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь шүүгдэгч Б.О-с амь хохирогчийг оршуулах болон буяны зан үйлд баримттай 5.897.250 төгрөг (3 хавтаст хэргийн 74-80), баримтгүй зардалд 3.500.000 төгрөг (3 хавтаст хэргийн 74-80), өмгөөллийн үйлчилгээ авсны зардалд 1.500.000 төгрөг (3 хавтаст хэргийн 73) буюу нийт 10.897.250 төгрөг нэхэмжилж, хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...амь нас, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл ...-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, мөн зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхэд..., түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд-ийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй ...эхнэр...авах эрхтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл амь хохирогч Ц.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нар нь гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан болох нь тэдний гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 153)-р тогтоогдохын зэрэгцээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2005 онд 14 настай охин Ө.Ү, 2010 онд 10 настай хүү Ө.Б, 2017 онд охин Ө.У нарыг төрүүлсэн (1 хавтаст хэргийн 150-151) байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх хуульд заасны дагуу гэм хорыг нэхэмжлэх эрхтэй этгээд байна.

          Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс шүүх Иргэний хуульд заасны дагуу баримттай зардал болох 5.897.250 төгрөг (3 хавтаст хэргийн 74-80) шүүгдэгч Б.О-с гаргуулж олгох нь зүйтэй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж үлдээхээр шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл 3.500.000 төгрөгийн зардал хэрэгт авагдсан баримт болох Төрийн банкны депозит дансны хуулгаар  2019 оны 4 дүгээр сарын 10, 17-ны өдрүүдэд зарлага болж гарсан байх боловч тухайн зарлагыг хэрхэн яаж, ямар зүйлд зарцуулсан талаар баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж дээрх зардал болон тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

          Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал болох 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

          Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй.

Нөгөө талаар Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дахь хэсгийн 2.6.6-д  “...төлбөрийн чадваргүй...хохирогч...-ийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” зардлыг тооцно гэж заасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг төлбөрийн чадваргүй гэдэг баримт авагдаагүй энэ талаарх нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 10 сар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Б.О-г гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу өөрийн үеэлийн цээжин тус газар хутгалсан, тухайн хутгалагдсан шархны улмаас амь хохирогч нь цочмог цус алдалтын улмаас үхсэн, түүний гэр бүлд нөхөж баршгүй гарз учруулсан, 01-14 насны гурван хүүхдийг өнчрүүлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, дээрх хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 93-94, 97-98, 103, 188-189, 236-237, 3 хавтаст хэргийн 8-10, 24-25, 34-35, 39-40,58-59, 63-64) мөн оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ... хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 252 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Эрүүгийн 1908 0196 00000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар болон хураагдаж ирсэн эд зүйлсээс  шүүгдэгч Б.О нь өөрийн хэрэглэж байсан хувцсыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн хэрэглэж байсан хувцас, гар утсыг буцаан авахаа илэрхийлсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

1.1 дэх заалтад зааснаар

- шүүгдэгч Б.О-н өмсөж байсан бор өнгийн савхин хүрэм, ногоон өнгийн цамц, хөх өнгийн даавуун өмд, цагаан өнгийн хос оймс, шар алаг пүүзэн гутал зэргийг шүүгдэгчид,

- амь хохирогчийн өмсөж байсан цагаан цэнхэр хөх өнгө холилдсон хөндлөн зураастай, суга хэсгээрээ хар хөх өнгийн оруулгатай урд хэсэгтээ цахилгаантай цамц, хар өнгийн хээ бүхий цагаан өнгийн ханцуйгүй хормой хэсэгтээ хар хөх өнгийн эмжээртэй фудволк, хар өнгийн бэлтгэлийн даавуун цамц, цагаан саарал өнгийн хос оймс, цагаан өнгийн хос пүүз, “Samsung” маркийн гар утас, ягаан өнгийн өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

1.2 дахь заалтад зааснаар

- шүүгдэгч Б.О-н гэрээс буюу шүүгээн дээрээс “Моду” архины шил, шаргал өнгийн хутга, шүүгээний шургуулгаас хар бариултай заазуур, шар өнгийн бариултай хутга, хар өнгийн пивор бариултай бариулын нэг тал нь байхгүй хайч, хогийн саван дотроос “Bonagua” усны сав, “Нийслэл” шар айргийн сав, Б.О-н хашаанд баригдаж байгаа байшин дотроос 17см ажлын хэсэгтэй 12см бариултай хутга,

- амь хохирогч Ц.Ө-ны гэрийн шүүгээнээс 30см урттай, 12см урт хар иштэй, ажлын хэсгийн урт нь 18см хутга, 19.5см урттай, ажлын хэсэг нь 10см урттай хутга, 20см урттай, ажлын хэсэг нь 10см, бариул хэсэгт нь 10.5см урттай ногоон өнгийн хуванцар бариултай хутга, гэрч Ц.Ө-н амбаараас нийт 21см урттай, ир үзүүр хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 10 см төмөр цагаан өнгийн хайч, ажлын хэсэг нь 12см, бариул хэсэг нь 13см хуучирч хар зүйлээр бохирлогдсон хар өнгийн иштэй хутга, хоолны шүүгээ дотроос 12.5см ажлын хэсэгтэй, 30см урттай бор модон иштэй хутга, 19см урттай 12см өргөнтэй хуванцар иштэй хутга зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдах нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.О-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 14 (арван дөрөв) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан 14 жил 10 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-н баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 252 (хоёр зуун тавин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-с 5.897.250 (таван сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хүүхдүүдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн;

- шүүгдэгч Б.О-н бор өнгийн савхин хүрэм, ногоон өнгийн цамц, хөх өнгийн даавуун өмд, цагаан өнгийн хос оймс, шар алаг пүүзэн гутал зэргийг шүүгдэгчид,

- амь хохирогчийн цагаан цэнхэр хөх өнгө холилдсон хөндлөн зураастай, суга хэсгээрээ хар хөх өнгийн оруулгатай урд хэсэгтээ цахилгаантай цамц, хар өнгийн хээ бүхий цагаан өнгийн ханцуйгүй хормой хэсэгтээ хар хөх өнгийн эмжээртэй фудволк, хар өнгийн бэлтгэлийн даавуун цамц, цагаан саарал өнгийн хос оймс, цагаан өнгийн хос пүүз, “Samsung” маркийн гар утас, ягаан өнгийн өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус буцаан олгож,

- “Моду” архины шил, “Вonaqua” усны сав, “Нийслэл” пивоны сав,

- хар иштэй ажлын хэсгийн урт 18см, бариулын хэсгийн урт нь 12см, нийт 30см урттай, ажлын хэсгийн өргөн нь 4.5см үзүүр хэсэгтээ нарийссан хутга,

- ногоон өнгийн пивор иштэй ажлын хэсгийн урт 10см, бариулын хэсгийн урт нь 10.5см, нийт 20.5см урттай хутга,

- бор модон иштэй ажлын хэсгийн урт 12.5см, бариулын хэсгийн урт нь 17.5см, нийт 30см урттай, ажлын хэсгийн өргөн нь 5см хутга,

- хар өнгийн иштэй буюу хуучирч хар зүйлээр бохирлогдсон ажлын хэсгийн урт 7см, бариулын хэсгийн урт нь 13см, нийт 20см урттай хутга,

 -Хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 6-7 тоотод байрлах гэрийн үүдэнд байх хоолны шүүгээний урд талын шургуулганы голын шургуулганаас хар өнгийн пийвор бариултай хайч 1 ширхэг,

-Тус хашаанд байрлах баригдаж буй барилга дотор байх хайрцаг дотор байсан 17 см ажлын хэсэгтэй, 12 см бариултай хуучирч тоос шороогоор бохирлогдсон хутга 1 ширхэг,

-Нийт 21 см урттай, ир үзүүр хэсэг нь 9 см бариул хэсэг нь 10 см төмөр цагаан өнгийн хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-н эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ