| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1303/Э |
| Дугаар | 1371 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.А |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1371
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,
улсын яллагч Х.А
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ч.Д (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0457 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Г.Д, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. дугаар гудамжны .. тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Бага Нарангийн .. дугаар гудамжны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ОЙ0000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Алтан Овоон .. дүгээр гудамжны .. тоотод байрлах иргэн Ч.З-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтрэн эмэгтэй хүний 4 хос гутал, хонины мах, гоймон, хүнсний ногоо зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Алтан Овоон .. дүгээр гудамжны .. тоотод хулгай орсон гэх...” баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8),
2. Хохирогч Ч.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Алтан-Овоогийн .. тоотод байх гэртээ 21 цагт ...ирсэн. Гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай, гэрийн хаалганы цоож нь түгжээтэй байсан. Би түлхүүрээр гэрийнхээ цоожийг онгойлгон дотогш ортол гэрийн тоононы хөндлөвч газар унасан байхаар нь гэрт хулгайч орсон байна гэж мэдээд дуудлага өгсөн. ...гэрт байсан эд зүйлсээ шалгахад...цагаан өнгийн шүүгээний доод хэсгээс эмэгтэй хүний урт хар өнгийн урт түрийтэй гутал 2 хос, хагас түрийтэй улаан хүрэн өнгийн гутал 1 хос, богино түрийтэй бор өнгийн гутал 1 хос, хөргөгчинд байсан 10 кг хонины мах, гоймон болон бага зэрэг хүнсний ногооны зүйл алдагдсан байна. ...дээрх гутлуудыг тус бүрд нь 150.000 төгрөгөөр үнэлж байна. 10кг хонины махыг 1кг нь 10.000 төгрөгөөр тооцож 100.000 төгрөгөөр үнэлж байна. ...Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн ... дүгээр дүгнэлт
“...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг шинжилгээнд тэнцэх эсэхийг тогтоох зорилгоор өсгөгч шил, хэмжих хэрэгсэл, ердийн гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэн ажиглалтын аргаар шинжилж үзэхэд 1,2 гэж дугаарласан гарын мөрүүдийн папилляр шугамуудын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь бэхжигдсэн байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүдийг Папилон санд бүртгэгдсэн гарын дардаснуудтай болон илрээгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй, таарч тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис-Папилон санд 00000СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 1 гэж дугаарласан гарын мөр нь MN003110011584, MN00311003530, MN000210021355, MN000210027756 гэсэн бүртгэлийн дугааруудтай Г овогтой Д-н зүүн гарын ядам хурууны хээтэй, доорх хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ таарч тохирч байна.
Үүнд: /Зураг №1,2,3,4/
Шугамын эхлэл: 1,3,7,8,9
Шугамын нийлэлт: 10
Шугамын саалаалт: 2,4,5,6
2 гэж дугаарласан гарын мөр нь MN003110011584, MN00311003530, MN000210021355, MN000210027756 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г овогтой Д-н зүүн гарын дунд хурууны хээтэй, доорх хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна.
Шугамын эхлэл: 1,2,4,7,8
Шугамын төгсгөл: 6
Шугамын салаалт: 3,5,9,10
Үзлэг ба шинжилгээний үр дүнд доорх дүгнэлтийг өгч байна....ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх 12 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь MN003110011584, MN00311003530, MN000210021355, MN000210027756 гэсэн бүртгэлийн дугаараар Г овогтой Д-н гарын дунд болон ядам хурууны хээтэй тохирч байна.
3. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-31),
5. Шинжээч эмч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн шинжээчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Алтан-Овоон .. тоотод хулгай орсон гэх дуудлагаар очиж ажилласан. Хөргөгч дотроос мах алдагдсан гэсэн тул би цагаан өнгийн хөргөгч дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор хар өнгийн сажа нунтаг ашиглан үслэг багсаар үзлэг хийхэд хөргөгчийн хаалган дээрээс 2 ширхэг гарын мөр илэрснийг тунгалаг өнгийн наалдамхай туузад бэхжүүлэн авсан. Уг гарын мөрийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөгч Г.Г-н томилсон шинжилгээг хүлээн авч гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийхэд Г овогтой Д-н зүүн гарын ядам болон дунд хурууны хээтэй 10.000 хувийн индексээр тохирсон. 10.000 индекс гэдэг нь 100% таарсан гэж ойлгож болно...хүн болгоны гарын хээ өөр дахин давтагдашгүй байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
6. Шүүгдэгч Г.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн бусадтай хамт нийлж гэмт хэрэг үйлдээгүй...би хулгай хийсэн зүйлээ зарж борлуулсан зүйл байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор гудамжинд унтаад сэрсэн чинь байхгүй байсан. Тэгээд би босоод гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67)
7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд “...Хонины мах...100.000 төгрөг...эмэгтэй хүний хар өнгийн урт түрийтэй гутал 2 ширхэг...300.000 төгрөг, Эмэгтэй хүний хагас түрийтэй улаан хүрэн өнгөтэй гутал 150.000 төгрөг, эмэгтэй хүний богино түрийтэй бор өнгийн гутал 1 ширхэг 150.000 төгрөгөөр...буюу нийт 700.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-40),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 48, 52), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 76) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагч: Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.Д нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Алтан-Овоон .. дүгээр гудамжны .. тоотод, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Ч.З-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтрэн эмэгтэй хүний 4 хос гутал, хонины мах, гоймон, хүнсний ногоо зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Алтан Овоон .. дүгээр гудамжны .. тоотод хулгай орсон гэх...” баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8),
- Хохирогч Ч.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ ирээд түлхүүрээр гэрийнхээ цоожийг онгойлгон дотогш ортол гэрийн тоононы хөндлөвч газар унасан байхаар нь гэрт хулгайч орсон байна гэж мэдээд дуудлага өгсөн. ...гэрээс... эмэгтэй хүний урт хар өнгийн урт түрийтэй гутал 2 хос, хагас түрийтэй улаан хүрэн өнгийн гутал 1 хос, богино түрийтэй бор өнгийн гутал 1 хос, ...10 кг хонины мах, гоймон ...хүнсний ногооны зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд “...нийт 700.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-40),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 04/449 дүгээр дүгнэлт “...2. Шинжилгээнд тэнцэх 12 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь MN003110011584, MN00311003530, MN000210021355, MN000210027756 гэсэн бүртгэлийн дугаараар Г овогтой Д-н гарын дунд болон ядам хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-31),
- Шинжээч эмч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийхэд Г овогтой Д-н зүүн гарын ядам болон дунд хурууны хээтэй 10.000 хувийн индексээр тохирсон. 10.000 индекс гэдэг нь 100% таарсан гэж ойлгож болно...хүн болгоны гарын хээ өөр дахин давтагдашгүй байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Г.Д нь төлж барагдуулсан байх (хавтаст хэргийн 76) тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээ, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан дээрх ялыг оногдуулсан болно.
Түүнчлэн шүүгдэгчид шүүхээс хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс (хавтаст хэргийн 112) мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 25 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0457 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г.Д нь нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д-н биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 25 (хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хассугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ