Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Т.Ад холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911 02308 1218 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт, 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ногооны худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 69-р гудамжны 943 тоотод оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял 2012 оны 08 дугаарсарын 14-ний өдөр онгдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялаас 6 сарын ялыг нэмж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэгдсэн, /РД:УХ91083010/

 

Шүүгдэгч Т.А нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТОБЯСТ” ХХК-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, осолд орж ашиглагдах боломжгүй болсон 75-62 УБЛ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашины гэрчилгээг ашиглан автомашин барыдаалж 13000000 төгрөгийг залилсан,

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгын булаг Кредит” ХХК-ийн “Сайн” ломбардыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын “Тайгын булаг Авто” ХХК-нд фидукцын гэрээгээр шилжүүлсэн 31-81 УНК улсын дугаартай Тоёота приус-30 маркын ZVW 305167789 гэсэн арлын дугаартай тээврийн хэрэгсэлд 41-52 УНЧ улсын дугаар авч арлын дугаарыг ZVW301258543 болгон хуурамчаар үйлдэн барьцаалж 10500000 төгрөг залилахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Агээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Т.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 1/хх-48-49х/ “..барьцаанд тавьсан 75-62 УБЛ улсын дугаартай хар өнгийн Lexus 470 маркийн автомашины тээврийн гэрчилгээ болон 75-62УБЛ гэсэн улсын дугаарыг /тээврийн хэрэгсэл дээр зүүдэг төмөр дугаар/ Unasan murguldsun yavdaggui mashin zatah solih/ гэх нэртэй фэйсбүүк дээр байршуулсан байсан автомашины осолд ороод уначихсан, ашиглах боломжгүй гэсэн зарын дагуу Сосорбарам гэх хүнтэй холбогдох тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаарыг 1.000.000 төгрөгөөр Ардын эрх сонины байрны 2 дугаар давхарт байрлах нотариатын газар дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан Барс зах дээр хааяадаа жимс, ногоо зөөдөг Сэргэлэн ахын хар өнгийн Lexus 470 маркийн автомашин дээр Сэргэлэн ахад өөрт нь хэлэлгүйгээр автомашиныг авч яваад улсын дугаарыг нь зүүж очсон..75-62 УБЛ улсын дугаартай хар өнгийн Lexus 470 автомашины тээврийн гэрчилгээр Тобяст ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Дээрх гэрчилгээ нь хуурамч гэрчилгээ биш. Харин өөр автомашин дээр ашигласан зүйл байгаа юм...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Батдуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-27-28/ “..Т.А миний эхнэр “Тэсо” ХХК-нд ажилладаг бөгөөд ажлаас нь чөлөө олгохгүй байна. Тиймээс миний үеэл буюу бизнесийн хамтрагч болох Б.Цэрэндамба гэгчийг батлан даагчаар оролцуулж өгөөч гэж хүссэний дагуу үүнийг манай хүлээн зөвшөөрч улмаар Б.Цэрэндамба гэгчийг батлан даагчаар оролцуулж тухайн зээлийг гаргасан.. Т.Агийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгсэл нь 2019 оны 02 сард Архангай аймгийн Тариат суманд замын хөдөлгөөнд оролцож яваад осолдсон. Эргэн ашиглагдах боломжгүй болтолоо эвдрэл гэмтэлтэй байсан тул тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт тухайн тээврийн хэрэгслийг сэлбэг болгохоор бусдад 3.000.000 төгрөгөөр худалдсан болохыг олж тогтоосон..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Төгсбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-30-31/ “..Лексус 470 маркийн машин барьцаалан зээл авах гэсэн юм гэсэн хүсэлт гаргасан юм. Тухайн үед 75-62 УБЛ дугаартай машинтайгаа ирсэн байсан бөгөөд машинаа үзүүлсэн юм, Тэгэхэд өнгө үзэмж сайтай хар өнгийн мотор нь гайгүй тээврийн хэрэгсэл байсан...Ингээд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээр байгуулж 13000000 төгрөгийг Амартүвшингийн өөрийнх нь дансаар шилжүүлсэн. Тухайн үед дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай Тобяст ХХК-ийн нэр дээр шилжүүлж ирсний дараа мөнгийг нь шилжүүлсэн юм... зээлээ төлөхгүй болохоор сэжиг төрөөд энэ машин хаана байна гэдийг нь мэдэх зорилгоор Торгууль.мн сайт руу ороод харахад Архангай аймгийн Цахир суманд явж байгаад 2019 оны 04 дүгээр сард торгуульсан байсан. Ингээд манай хууль ёсны төлөөлөгч Батдулам нь энэ торгуульсан жолоочтой нь уулзахад миний машин 2019 оны 02 дугаар сард Архангай аймагт осолд ороод авах юмгүй болсон гэсэн байсан. Ингээд ямарч байсан машин байхгүй өөр машин барыдаалсан байх үндэслэлтэй байна гээд энэ хүмүүсийн араас хөөцөлдөж эхэлсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цэрэндамбаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-1хх-36-37/ “..03 дугаар сарын 06-ны өдөр намайг гадуур явж байхад Амартүвшин нь намайг дуудаад би машин барьцаалж зээл авах гэж байгаа юм. Батлан даалт хийх хүн хэрэгтэй байна. Гэрийнхнээс дуудах гэхээр эхнэр ирж байгаа гээд ирэхгүй байна чи ойрхон байвал хурдан ирээд гарын үсэг зураад өгөөч гэсэн. Би тэгэхэд нь ХААН банкнаас зээлтэй хүн болох юм уу гэхэд хамаагүй ирээд гарын үсэг зураад өгчих гэсэн... Амартүвшин нь өмнө нь Тоёота кроун машинтай байсан. Харин тэр зээл авах гэж байхад Лексус 470 маркийн бараан өнгөтэй машин байсан... Тэр машиныг өөрийнхөө машин гэж хэлж байсан бөгөөд машинаа тавиад зээв авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй болсон гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Сосорбарамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-40/ “..Энэ машин нь онхолдсоны улмаас бүрэн эвдэрсэн байсан. Лексус 470 маркийн 7562УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан бөгөөд би уг нь задалж зарах санаатай байсан боловч нэг залуу надтай уулзаад тэр машиныг худалдаж авахаар болсон юм. Уг нь би машин задалж зарна гэсэн зар тавьсан байсан бөгөөд тэр зарын дагуу л орж ирсэн байх. Тэгээд тэр залуу бид хоёр уулзаад тухайн машины рамыг бичиг баримтынх нь хамт нэг сая төгрөгөөр тэр залууд худалдсан... нэг удаа уулзаад бичиг баримтыг нь нотариат орж шилжүүлээд салцгаасан болохоор сайн санахгүй байна..” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Цэдэндамбаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /2хх-27-29/ “..Өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай СБД-н 13-р хороонд байрлах Сайн автоломбарданд Түмэнбаярын Амартүвшин гэх этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлэн 4152УНМ улсын дугаартай приус маркын автомашин барьцаанд тавьж 10500000 төгрөгийн зээл авах гэж оролдсон тиймээс цагдаад хандаж байна. Өмнө нь Монгол Улсад орж ирээд улсын дугаараа авсан автомашин дээр Монголд сая орж ирсэн автомашины арлы дугаарыг хуурамчаар хийж Автотээврийн үндэсний төвөөс шинэ дугаар авч манайд барьцаанд тавих гэж байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч И.Мөнхбаясалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : /2хх-27-29/ “..Амартүвшин манай хуурай дүү би 2014 оноос хойш мэднэ. Өчигдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр над руу залгаад машин хэрэгтэй байна ахаа гэхээр нь би маргааш ирээд миний машиныг аваад яваарай гэсэн. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай гэрээс миний эзэмшлийн 3181 УНКулсын дугаартай приус 30 маркын автомашиныг аваад явсан. Өдөр 16:30 минутын үед над руу Сайн ломбарднаас ярьж яаралтай ирэх хэрэгтэй байна гэхээр нь би ирсэн чинь ийм асуудал болсон байна..миний машин ZVW305167789 гэсэн арлын дугаартай, тухайн үед байсан арлын дугаар ямар учиртайг мэдэхгүй байна. Энэ арлын дугаарыг Амартүвшин хийсэн байлгүй..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Монголтөрөөс Мөнхбаясалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /2хх-325-33/ “..би 2019 оны 01-р сарын 30-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн хар хөх өнгийн 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоёото 30 маркийн машин оруулж ирсэн. Энэ машиныг оруулж ирээд зарагдахгүй удсан учир Отгонбаяр гэх залуугийн 2010 онд үйлдвэрлэгдсэн буугаад 1 хонож байсан хар саарал өнгийн тоёото приус маркийн автомашинаар солиод зөрүүнд нь 500.000 төгрөг өгсөн... дараа нь 2019 оны 06-р сарын 05-ны өдөр Отгонбаяртай уулзаад Баянгол дүүрэг 1000 нэрийн барааны дэлгүүрийн орчим байдаг нотариатын газар очиж би өөрийнхөө машиныг Отгонбаярын хэлснээр Амартүвшин гэж хүний нэр дээр шилжүүлсэн... би машины гаалийн бичгийн хамт хувилаад нотариат хийж өгсөн..” гэх мэдүүлэг,

 

2019 оны 6 дугаар сарын 05 өдрийн Худалдах, худалдан авах гэрээ “...Худалдагч Монголтөр, Худалдан авагч Т.А Арлын дугаар ZVW30-1258463, 9800000Т-р” /2-хх-7-8/, 2019 оны 06 дугаар сарын 12 19:25-19:55 ад Ц.Мөнхбаясал Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “Приус-30 маркийн автомашин байв... бичиг баримтыг задалж үзэхэд 52-41УНЧ FordF250 гэсэн машины татварын гэрчилгээтэй байв. Уг гэрчилгээн дээр 1FTSX2B50AEA55805 гэсэн дугаар байх ба уг гэрчилгээний арлын дугаартай тааруулж үзэхэд таарахгүй байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн жолоочын суудал доор байрлах арлын дугаарыг үзэхэд ZVW301258463 гэсэн дугаар байх ба гэрч уг арлын дугаарыг сольсон болно гэж мэдүүлж байв...” /2хх-10-11/, шүүгдэгч Т.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-37/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 1/хх-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.А нь осолд орж ашиглагдах боломжгүй болсон 75-62 УБЛ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашины гэрчилгээг ашиглан өөр авто машинд улсын дугаарыг нь зүүж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТОБЯСТ” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг авто автомашин барьцаалан гэрээ байгуулж 13000000 төгрөгийг авсан,

мөн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бусдын “Тайгын булаг Авто” ХХК-нд фидукцын гэрээгээр шилжүүлсэн 31-81 УНК улсын дугаартай Тоёота приус-30 маркын ZVW 305167789 гэсэн арлын дугаартай тээврийн хэрэгсэлд 41-52 УНЧ улсын дугаар авч арлын дугаарыг ZVW301258543 болгон хуурамчаар үйлдэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгын булаг Кредит” ХХК-ийн “Сайн” ломбардыг барьцаалж 10.500.000 төгрөг авахыг завдсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Агийн үйлдэл “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг хэд хэдэн үйлдлээр авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Ад прокуророос 13000000 төгрөг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 10.500.000 төгрөг залилахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллаж ирүүлсэн нь буруу юм.

 

Шүүгдэгчийн дээрхи үйлдлүүд залилах гэмт хэрэг бөгөөд үргэлжлэн үйлдэгдсэн, хоёр үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл тус тусад нь гэм буруутайд тооцож, ял оногдуулан нэгтгэж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан зарчимд нийцэхгүй.

 

Иймд шүүгдэгч Т.Ад давхардуулан сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Агийн “ТОБЯСТ” ХХК-иас 13000000 төгрөг залилсан, “Тайгын булаг Кредит” ХХК-ийн “Сайн” ломбардыг 10.500.000 төгрөг залилахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Агээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Аийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг хэд хэдэн үйлдлээр авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Ад оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батдулам нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Т.Аийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан одоо Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 41-52 УНЧ улсын дугаар 2 ширхэгийг устгаж баримтыг шүүхэд ирүүлэхийг Чингэлтэй дүүрэг дэр Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгахыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар проукуророос шүүгдэгч сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг хэд хэдэн үйлдлээр авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 41-52 УНЧ улсын дугаар 2 ширхэгийг устгаж баримтыг шүүхэд ирүүлэхийг Чингэлтэй дүүрэг дэр Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР