Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1320

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

улсын яллагч М.С,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0455 00000  дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Г.О, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “БХ” ХХК-нд борлуулагчийн туслахаар ажиллаж байсан, одоо Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад хугацаат цэргийн алба хааж байгаа, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Мон-Лаагийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ФБ0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” бааранд хохирогч Г.А-н зүй бус авирт дургүйцэж түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөн дээд уруулын дотор салстад хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд 2 үеэл болох А.Д, Т.Г нарын хамт үйлчлүүлэхээр орсон. Тэгээд ...баарны зүүн талын суудал дээр суугаад байж байтал манай хоёр үеэл пиво санамсаргүй унагаагаад хагалчихсан. Тэгтэл цэвэрлэгч эгч “яагаад хагалчих ваа” гээд цэвэрлэх гэж байтал 3 залуу ирээд “наадхаа өөрсдөө цэвэрлэ” гээд яриа өдөөд байсан. ...тэгтэл нэг танихгүй залуу буюу О ирээд намайг боосон чинь нэг танихгүй хүн ирж салгахаар нь би нойл руу орсон ба нойлд орж бие засаж байхад ...А надад томроод маргалдаад байхаар нь би нэг удаа нүүрэнд нь цохисон...Тэгээд би үүд рүү гарсан чинь танихгүй залуучууд намайг зулгаагаад миний фудволкыг аваад үлдэхээр нь би зугтаагаад фудволкгүй баарнаас гарсан. Тэгээд буцаад орж ирсэн чинь...А гэх залуу намайг үүдээр орж ирсэн чинь миний хамар хэсэг рүү цохихоор нь би доошоо тонгойсон чинь дахиад өөр танихгүй нэг залуу нь миний нүүр рүү өшиглөсөн. Миний нүүр рүү өшиглөх үед миний уруул сэтэрчихсэн. Тэгээд намайг цохисны дараа би баарнаас гарсан чинь нөгөө намайг цохисон залуу гадаа гарчхаад хэрэлдээд байсан...би одоо хамраа янзлуулмаар байна. Миний хамар битүүрчихсэн байна. Мөн эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Надад өөр санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

“...Би Г.О-с эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

2. Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө...888 нэртэй бааранд орж сууцгаасан...Тэгээд сууж байтал бид нарын хажуу талын ширээний хэдэн залуучууд хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Тэгээд би 00-д ороод тамхи татаад байж байтал нэг танихгүй залуу орж ирээд “чи сая намайг бааранд цохисон уу” гээд над руу дайрахаар нь би тэр залууд үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу намайг заамдаж аваад над руу дайраад байхаар нь би тэр залууд би чамайг зодож цохиогүй гэж хэлээд болиулсан. ...би гараараа тэр залуугийн шанаа руу нь нэг удаа алагдсан чинь нөгөө залуу доошоо тонгойсон тэгтэл миний ард явж байсан залуу тэр залуугийн нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн тэгсэн тэр залуугийн хамраас нь цус гарсан...Тэр залуу Г.А-н нүүр рүү нь хөлөөрөө өшиглөчхөөд баарнаас гараад явсан ба хаашаа  ямар хүмүүстэй явсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10538 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Хамрын нуруу эмзэглэлтэй, бага зэрэг хавантай, дээд уруулын дотор салстад 1х0.6см салст язарсан. Хүзүүний баруун хажууд 3.5х2см бүдэг ягаан зулгаралттай.

2019.08.30-ны ГССҮТ-н бичигт: Онош: Хамар ясны хугарал, тархи доргилт гэжээ.

2019.08.31-ний Medtrauma-н толгойн КТГ-д: ...Хамрын таславч баруун тийш бага зэрэг мурий. Хоёр талын хоншоорын хөндийн салст бага зэрэг зузаарсан ...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Г.А-н биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14)

 

4. Шинжээч эмч Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А-н биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язрал, хүзүүн зулгаралт бүхий гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Камерын бичлэг харлаа. Эхний гараараа цохиж буй залуу хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэсэн байх боломжтой ба уг залуу хохирогчийн нүүрний хамар хэсэгт цохиж байгаа нь бичигдсэн байна. Харин дараан өшиглөж буй залуу дээд уруулын дотор салстад язрал бүхий гэмтлийг учруулсан байх боломжтой байна...Дээд уруулын дотор салстад язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл хамаарна. Харин бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

5. CD үзлэг хийсэн тэмдэглэлд “...хохирогч Г.А уг баарны үүдээр дээгүүрээ хувцасгүй цээж нүцгэн цагаан өнгийн тамирын өмдтэй гүйж гарж байгаа бичигдэх ба ...түүнийг буцан ороход ...өөдөөс нь мөн дээгүүрээ ямар нэг хувцасгүй цагаан өнгийн тэлээтэй цэнхэр өнгийн женсин өмдтэй /А/ зүүн гараараа ...хохирогч Г.А-н баруун шанаа хэсэг рүү гараараа нэг цохиход ...Г.А доошоо тонгойн нүүрээ дарж суухад ...цагаан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй залуу /О/ хохирогч Г.А-н нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа нь бичигдсэн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 40),

6. Шүүгдэгч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.А-н нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээж зөвшөөрч байна...Би одоо БХ ХХК-нд борлуулагчийн туслах ажилтан хийдэг ба би сард 400.000 төгрөгийн цалинтай... тухайн өдөр тэр залуу намайг дуудаад “Баянхошууныхан надад юм хэлдэггүй юм шүү” гэж хэлээд 00 орохоор явчихсан. Тэгээд би үүдэнд байж байтал нөгөө согтуу залуу гадагшаа гарснаа буцаж орж ирээд намайг харснаа “гөлөг минь, чи наашаа хүрээд ир” гэж хэлсэн. Намайг түүн дээр яваад очтол түүнийг нэг жижиг биетэй залуу алгадчихсан. Тэгтэл тэр залуу доошоо тонгойсон тэгэхээр нь би нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн чинь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59) гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),

7. Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 82, 83), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 84),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 45,  48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46, 47), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 49), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 50), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабын албан бичиг (хавтаст хэргийн 74) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.О нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй бааранд, 2019 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Г.А-н зүй бус авирт дургүйцэж түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөн дээд уруулын дотор салстад хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд ...А надад томроод маргалдаад байхаар нь би нэг удаа нүүрэнд нь цохисон...Тэгээд би үүд рүү гарсан чинь танихгүй залуучууд намайг зулгаагаад миний фудволкыг аваад үлдэхээр нь би зугтаагаад фудволкгүй баарнаас гарсан. Тэгээд буцаад орж ирсэн чинь...А гэх залуу намайг үүдээр орж ирсэн чинь миний хамар хэсэг рүү цохихоор нь би доошоо тонгойсон чинь дахиад өөр танихгүй нэг залуу нь миний нүүр рүү өшиглөсөн. Миний нүүр рүү өшиглөх үед миний уруул сэтэрчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

- Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө...888 нэртэй бааранд орж сууцгаасан...Тэгээд сууж байтал бид нарын хажуу талын ширээний хэдэн залуучууд хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Тэгээд би 00-д ороод тамхи татаад байж байтал нэг танихгүй залуу орж ирээд “чи сая намайг бааранд цохисон уу” гээд над руу дайрахаар нь би тэр залууд үгүй гэж хэлсэн. ...миний ард явж байсан залуу тэр залуугийн нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн тэгсэн тэр залуугийн хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10538 дугаар дүгнэлт “...1. Г.А-н биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14)

- Шинжээч эмч Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А-н биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язрал, хүзүүн зулгаралт бүхий гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Эхний гараараа цохиж буй залуу хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэсэн байх боломжтой ...Харин дараан өшиглөж буй залуу дээд уруулын дотор салстад язрал бүхий гэмтлийг учруулсан байх боломжтой байна...Дээд уруулын дотор салстад язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл хамаарна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

- “CD” үзлэг хийсэн тэмдэглэлд “...хохирогч Г.А уг баарны үүдээр дээгүүрээ хувцасгүй цээж нүцгэн цагаан өнгийн тамирын өмдтэй гүйж гарж байгаа бичигдэх ба ...түүнийг .../А/ зүүн гараараа ...хохирогч Г.А-н баруун шанаа хэсэг рүү гараараа нэг цохиход ...Г.А доошоо тонгойн нүүрээ дарж суухад ...цагаан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй залуу /О/ хохирогч Г.А-н нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа нь бичигдсэн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 40),

- Шүүгдэгч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...... тухайн өдөр тэр залуу намайг дуудаад “Баянхошууныхан надад юм хэлдэггүй юм шүү” гэж хэлээд 00 орохоор явчихсан. Тэгээд би үүдэнд байж байтал нөгөө согтуу залуу гадагшаа гарснаа буцаж орж ирээд намайг харснаа “гөлөг минь, чи наашаа хүрээд ир” гэж хэлсэн. Намайг түүн дээр яваад очтол түүнийг нэг жижиг биетэй залуу алгадчихсан. Тэгтэл тэр залуу доошоо тонгойсон тэгэхээр нь би нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн чинь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59) гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.О нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогчийн зүй бус авир, гаргаж олон нийтийн дунд бие зөв авч явсангүй гэх сэдэлтээр, түүнийг цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.О нь хохирогч Г.А-н нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, “СD” бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Г.О-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.А нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Г.О нь хохирогчид 500.000 төгрөгийг өгсөн болох нь (хавтаст хэргийн 82) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.” мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон  ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.О, хохирогч Г.А нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.О-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэн, эрүүгийн 1908 0455 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Г.О-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD” бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ