Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 7070

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 28 гудамж, 450 тоотод оршин суух Боржигин овогт Авидын Чулуунцэцэг /Регистрийн дугаар ХЕ63082161/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий, 12 дугаар гудамж, 164б тоотод оршин суух Лувсаншарав овогт Лувсаншаравын Алдармаа  /Регистрийн дугаар ЕА72051003/-д холбогдох,

 

450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Чулуунцэцэг, хариуцагч Л.Алдармаа, гэрч Б.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа  нар оролцов.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Лувсаншаравын Алдармаа нь Авидын Чулуунцэцэг надаас 2014 оны 11 дүгээр сард БСБ маркийн 32 инчийн телевизор авсан. Хайрцаг савтай, бичиг баримттай нь 499,999 төгрөгөөр БСБ дэлгүүрээс худалдаж аваад, илүү байсан учраас зарсан юм. Л.Алдармаагаас телевизорын үнийг нэхэхэд элдэв шалтаг шалтгаан тоочоод өгнө гээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Одоо Л.Алдармаа нь телевизорыг хэрэглэж байгаа болно. Иймээс 450,000 төгрөгийг Л.Алдармаагаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.Алдармаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Л.Алдармаа би А.Чулуунцэцэгт ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Энэ өргөдөлд дурдсан БСБ телевизорыг А.Чулуунцэцэгийн хамаатан Б.Даваасүрэн авсан, миний нөхөр юм. Би хүүдээ авч өгч байгаа юм, би өөрөө мөнгийг нь хувааж, бага багаар өгнө, өгөөд дууссан гээд л байсан. Энэ хоёр хамаатан учир надаар хамаг өр ширээ даруулах гээд худлаа арга зохиож байгаа юм. Миний нөхөр болох Б.Даваасүрэн маш аймаар худалч, хулгайч зантай. Намайг миний хань Авидэлэгээс тэтгэврийн зээл 3 сараар нь надаар гарын үсэг зуруулж авахуулчихаад, өөрөө хамт ихэнхийг нь хэрэглэчихээд, сая шүүхэд бас намайг өгч байгаад 700,000 төгрөг надаар төлүүлсэн. Үнэхээр ах дүүгээрээ аймаар луйварчин хүмүүс байна лээ. Одоо бол би юу ч төлж чадахгүй. Б.Даваасүрэнгийн хүү Насандэлгэр 2 дугаар анги, над дээр өсөж байгаа, би тэтгэвэр тэтгэлэг юу ч авдаггүй. Ингээд байх тусам даварч байна. Би одоо Даваасүрэнгээс зурагтынх нь мөнгийг өөрөөр нь төлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Дахиад би хүүхдийн тэтгэмжийг авах болно” гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Чулуунцэцэг нь хариуцагч Л.Алдармаад холбогдуулан БСБ маркийн 32 инчийн телевизорын үнэ 450,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Л.Алдармаа нь уг мөнгийг төлөхгүй, нэхэмжлэгч А.Чулуунцэцэгийн хамаатан Б.Даваасүрэн төлөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хэргийг хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт байсан BSB LED D32S1 маркийн телевизорыг хариуцагч Л.Алдармаа гэртээ авч, хэрэглэж байсан, уг телевизорын төлбөр төлөгдөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Чулуунцэцэг, хариуцагч Л.Алдармаа нарын хооронд бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, талуудын хооронд үүссэн харилцаа нь тэдний хооронд хийгдсэн аман тохиролцоогоор тодорхойлогдож байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Л.Алдармаа “...энэ телевизорыг А.Чулуунцэцэгийн хамаатан Б.Даваасүрэн хүүдээ авч өгсөн тул мөнгийг төлөх ёстой...” гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Талуудын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй ба талууд хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч өөрт байсан телевизорыг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь телевизорыг авч хэрэглэж байсан байх тул тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь телевизорыг хүлээн авснаас хойш гэртээ ашиглаж байсан, 2016 онд телевизорыг эвдэж ашиглах боломжгүй болсон талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Мөн А.Чулуунцэцэгээс авсан телевизор нь шинэ биш, авах үед телевизорын хажуу резин нь ил гарсан байсан гэж мэдүүлсэн боловч нотлох баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Л.Алдармаа нь авсан телевизортой холбоотой эд хөрөнгийн доголдлын асуудлаар нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт хандаж байгаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж зааснаар хариуцагч Л.Алдармаа нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Даваасүрэн “...А.Чулуунцэцэгт илүү зурагт байгааг бид мэдэж байсан. Л.Алдармаа нь зурагтыг авахаар тохиролцоод, намайг очоод авчихаарай гэсний дагуу очиж зурагтыг авсан. Зурагт хайрцагтай шинээрээ байсан, бид тэр зурагтыг гэртээ тавьж хэрэглэсэн. Намайг гэрээс явах үед зурагт гэрт байсан. Зурагтын үнийг төлөх асуудлыг би мэдэхгүй. Л.Алдармаагийн хэлж байгаа шиг би тэр зурагтыг авахаар А.Чулуунцэцэгтэй ярилцаагүй, хэдэн төгрөгний үнэтэйг нь мэдэхгүй....” гэж мэдүүлсэн.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч А.Чулуунцэцэгийн худалдсан BSB LED D32S1 маркийн телевизор нь 444,900 төгрөгийн үнэтэй болох нь “БСБ сервис” ХХК-ийн Элба төвийн 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн кассын баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж, телевизорын үнэ 444,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

           

Хариуцагч Л.Алдармаа нь BSB LED D32S1 маркийн телевизорыг нэхэмжлэгч А.Чулуунцэцэгээс авч, гэртээ хэрэглэж байсан, уг телевизорын төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул телевизорын үнэ 444,900 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Л.Алдармаагаас 444,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 5,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Л.Алдармаагаас 444,900 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,100 /таван мянга нэг зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,350 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт буцаан олгож, хариуцагч Л.Алдармаагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 13,997 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР