Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 690

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Б.Адарсүрэн,

Шүүгдэгч Р.Г , түүний өмгөөлөгч Г.Батболд, Ц.Ариунсанаа,

Гэрч А.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г ад холбогдох эрүүгийн 1906 06987 0696 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн ахмт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Р.Г .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Р.Г  нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Сингапур Монгол" дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г  мэдүүлэхдээ: “Миний танидаг хүн хэд хоног хүүхэд зөөгөөд өгөөч гэж гуйсан. Хүүхдүүдийг нь замын эсрэг талд автобуснаас буулгаад “school police” дуудсан. Өмнө нь “school police” хийж байгаа эцэг эхчүүд зам гарч ирээд хүүхдүүдийг хөтлөөд оруулчихдаг байсан юм. Түүнтэй адил бодоод дуудтал ирээгүй. Тэгэхээр нь хэдэн хүүхдүүдээ хөтлөөд зам хөндлөн гарч байхад урдаас ирсэн. Ирээд “та явган хүний гарцгүй газар хүүхдүүдийг ингээд дагуулж гарч болохгүй, аюултай шүү” гэж хэлсэн. “Энэ шаардлага нь зөв. Гэхдээ тухайн замыг тойроод гарахаар хожигдчих гээд байдаг” гэж хэлэхэд өөдөөс маш олон юм ярьсан. Сүүлдээ уур хүрсэн. Хүүхдүүдээ хүргэж өгчихөөд зам хөндлөн гарах гэж байхад араас ирээд цохисон. Цохихоор нь эргэж хараад цохисон. Сандарсандаа хаана нь цохисноо анзаараагүй. Замын хөдөлгөөн ихтэй байсан тул замын хажуугаар явж байсан хүмүүс “настай хүнийг болиоч” гэж байсан. Тэгээд би автобус дээрээ очсон. Б.Адарсүрэн би “цагдаа дуудлаа та наанаа байж байгаарай” гэсэн. Би тухайн газар 1 цаг гаран хүлээсэн. Би автобусаа өөр газар аваачиж өгөх ёстой байсан тул буцаж сургууль руу ороход сургуулийн жижүүр ээлжээ сольж байхаар нь утасны дугаараа өгөөд “цагдаа ирэхээр нь энэ дугаар руу яриад ахыгаа дуудаарай” гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Адарсүрэн мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний 7 цаг 50 минутын үед намайг “school police” хийж байхад Р.Г  ах замын цаана 10 гаран хүүхэд дагуулаад зам хөндлөн гарах гээд зогсож байсан. Тэгэхээр нь “цаашаа яв гэж орилоход” сонсоогүй. Тэгэхээр нь урдаас нь очоод “энэ олон хүүдүүдийг эрсдэлд оруулаад яаж байгаа юм бэ?, гарцаар гарч бай” гэж хэлсэн. Учир нь тухайн зам өдөртөө асар их хөдөлгөөнтэй байдаг. Хөдөлгөөн 9 цаг 10 минутаас эхлэн арай багасдаг юм гэдгийг тайлбарлаж хэлсэн. Тэгэхэд “өмнө нь зүгээр гарч болдог байсан юм, нийгэмдээ дасан зохицох чадваргүй мангар бацаан” гэх мэтээр намайг доромжилсон. Тэгэхээр нь “уг сургууль Монгол улсад Сингапурын стандартыг тогтоох уриатай сургууль жолооч нь ийм ёс суртахуунгүй байхаар танай сургууль яах юм бэ?” гэж хэлсэн. “Зайлаарай” гээд сургууль руу орсон. Гарч ирэхээр нь “та ингэж болохгүй шүү, энэ олон хүүхдүүдийг эрсдэлд оруулж байна шүү” гэхэд намайг доромжлоод цаашаа яваад өгсөн. Би энэ ахыг араас нь дуудсан. Дуудаад “танай сургуулийн захирал дээр орж уг асуудлыг шийдвэрлүүлье” гэхэд салаавч гаргаад цаашаа явсан. Тэгэхээр нь би дагзных нь доод захнаас барьж аваад “сургууль руу оръё” гэхэд эргэж хараад “Би халхын атаман байсан” гээд намайг цохьсон. Тэгэхээр нь би гараа шууд хойноо барьсан. Замын хажуугаар явж байсан хүмүүс “настай хүнийг болиоч” гэсэн, ноцолдсон гэдэг бол худлаа. Би өөрөө эрх зүйч хүн учраас хүнийг цохихгүй. Би энэ хүнийг явуулахгүй гээд автобусных нь урд хааж зогсоод Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн боловч ирээгүй. 1 цаг 10 минут хүлээж байгаад “та наанаа байж бай, цагдаа иртэл явахгүй шүү” гэж хэлсэн. Тэгтэл энэ ах цаашаа зугтаагаад явсан. Миний хувьд шүүх эмнэлэгт томографын зураг авахуулсан. Тухайн үед 120.000 төгрөгөөр эм тариа авсан. Үүнийг нэхэмжилж байна. Гол нь энэ хэргийн хор уршгийг ойлгож ухамсарлаасай гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Ганхуяг мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр өглөө ажлаасаа бууж байсан. Өглөөд сургуулийн цагдаа ирж замын хөдөлгөөний зохицуулдаг. Сургуулийн хүүхэд зөөдөг автобусны жолооч гарцгүй газраар зам хөндлөн хүүхдүүдийг гаргасан. Тэр хүн замын хойно очоод цагдаатай муудалцаад байсан. Цагдаа “гарцгүй газраар хүүхдүүд гаргаж болохгүй” гэж байсан. “Жолооч түгжрээд явж болохгүй байна” гэсэн нь сонсогдож байсан. Тухайн үед маргалдаж байсан. Тэр хоёр замын хашлаганы хажууд маргалдаж байсан. Зогсох газаргүй байсан болохоор цаашаа яваад заамдалцсан. Эргэхдээ цагдаа жолоочийг цохисон. Тухайн үед их ойрхон зайтай байсан. Урд зам түгжээтэй болохоор жолооч нар автобусаа гарцгүй газар зогсоодог. Тэгээд хүүхдүүдээ дагуулаад зам гараад ирдэг. Сургуулийн цагдаа хүүхдүүдийг зам хөндлөн гаргах тал дээр сайн мэдэхгүй. Ямартай ч гарцгүй газрар автобусаа зогсоогоод сургуулийн цагдаа очиж хүүхдүүдийг хамт зам гаргадаг. Тэрийг тодорхой харах боломжгүй байсан. Ямартаа ч зууралдаад эргэж хараад цохиж байсан. Цаашаа замын голд очоод энэ 2 хүн зодолдсон. Би хүүхдүүдээ хараад зогсож байсан. Тэгж байгаад Р.Г  автобусан дээрээ очсон. Зууралдаж байгаад эргэж хараад цохисон. Замын голд эдгээр хүмүүс зодолдсон. Хэн нь хэнийгээ яаж цохисныг мэдэхгүй байна. Замын хойно цагдаа жолоочийг цохисон. Цаанаас зам хөндлөн гарч ирсэн нь жолоочийн буруу.” гэх мэдүүлэг,

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Адарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-15-17/, гэрч Л.Балжиннямын өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч А.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /хх-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13805 дугаартай дүгнэлт /хх-25/, Р.Г ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5-6/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/, хохирогч Б.Адарсүрэнгийн гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-45/, шүүгдэгч Р.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Р.Г  нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Сингапур Монгол" дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Адарсүрэнгийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны "Сингапур Монгол" дунд сургуулийн "School police" сургуулийн цагдаагаар өглөө 7 цагаас үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 7 цаг 40 минутын үед 59-04 УНП улсын дугаартай Тоёота Хайс маркийн микроавтобус сурагчдыг авчраад сургуулийн замын эсрэг талд буулгах гэсэн. Би тухайн машины жолоочид “замын нөгөө талаас буюу сургуулийн талаас хоёр гараараа даллаж наанаа буулгахаа боль тойроод сургуулийн талдаа ирж хүүхдүүд буулга” гэх дохио зангаа хослуулж орилсон. Учир нь замын цаана хүүхдүүд буучихаар гарцгүй газар автозамын хоёр урсгал хөндлөн гарах шаардлагатай болсон. Тийм учраас би шаардлага тавьсан. Гэтэл жолооч хүүхдүүдээ буулгаад шууд зам хөндлөн дагуулаад алхсан. Тэгэхээр нь би "яаж байгаа юм бэ, айлын хүүхдүүдийг эрсдэлд оруулаад, намайг ч эрсдэлд оруулаад, өөрийгөө ч эрсдэлд оруулаад зам мөстсөн, машин зогсохгүй шдээ" гэж хэлсэн. Тэр жолооч нас тогтсон 60 нилээн гарсан байрын ах байсан. Тэр хүн надруу "би бүтэн 2 cap зөөж болоод байсан юм, чи юун сүртэй пизда вэ?" гээд хараал хэлсэн. Тэгээд хүүхдүүд зам хөндлөн сургууль руугаа гарсан. Би тэр ахад “хоёулаа сургуулийн удирдлагатай орж уулзана аа Сингапурын стандартаар ажилладаг, гоё сургууль гэж бидэнд танилцуулдаг, та одоо ингэхээр энэ сургууль чинь яах юм бэ, настай юм байж яасан тавьтаргүй өвгөн бэ" гэж хэлсэн. Тэгээд маргаан болоод тэр ах буцаад машин руугаа явсан. Гарахдаа надруу "нийгэмдээ дасан зохицох чадваргүй сүржигнэсэн муу ёрын амласан пизда, гөлөг" гэх мэтээр хэлээд цааш явсан. Би очоод "ингэж хүн доромжлохгүй шүү, сургууль руу оръё" гээд захнаас нь татах гэсэн чинь тэр ах "өө чи намайг цохилоо" гээд эргэж хараад миний нүүр рүү 3-4 удаа цохисон.” /хх-15-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Балжиннямын өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Адарсүрэн нь сургуулийн өглөөний “School police” хийж байсан. Тэгээд Б.Адарсүрэн нь над руу гар утаснаасаа залгаад “би сургуулийн хүүхэд зөөдөг автобусны жолоочид зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тэгэхээр нь сургуулийн урд талын зам дээр яваад очиход автобусны жолооч Галсанжамц нь машин дотроо суусан, Б.Адарсүрэн нь машины гадна талд хэрүүл маргаан болж байсан. Тэгэхээр нь тухайн хоёр хүнийг тайвшруулж байгаад юу болсон талаар асуухад Б.Адарсүрэн нь “намайг энэ жолооч чинь зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Адарсүрэн нь “цагдаад дуудлага өгнө” гэж хэлж байсан ба цагдаа ирэхгүй болохоор тараад явсан. Б.Адарсүрэн нь цагдаа руу өргөдөл өгсөн гээд явсан.” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганхуягийн өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс ажиллаад 14-ний өдөр 9 цагт буудаг. Өглөө 7 цаг 30 минутаас 9 цаг хүртэл сургуулийн “POLICE” ажилладаг. Зарим сургуулийн микроавтобусны жолооч нар зам тойроод сургуулийн урд буулгадаг, зарим нь сургуулийн эсрэг талд зогсож байгаад сургуулийн “POLICE” дамжуулан сургууль руу оруулдаг байсан. Тухайн өдөр нэг микроавтобусны жолооч сургуулийн замын урд талд ирж хүүхдүүдийг ганцаараа зам хөндлөн гаргасан. Тэгэхэд сургуулийн “POLICE” нь очиж очиж явган хүний гарцгүй газраар хүүхдүүд гаргалаа гэж сургууль талдаа гараад маргалдаж байсан. Хоёулаа маргалдаад зам гарах үедээ жолоочийн толгойн дагз руу нэг удаа цохисон. Тэгээд нэг харахад жолооч машиндаа суусан, гадна талд нь сургуулийн “POLICE” маргалдаж удаан зогсож байсан.” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13805 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Адарсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн  нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-25/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Г ын яллагдагчаар өгсөн: “ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 8 цагийн үед сургуулийн замын эсрэг талд явган хүний гарцгүй газар дээр буулгасан. Энд буулгах талаар өмнө нь зөөж байсан жолооч нь хэлсэн учраас би тэнд буулгасан. Хүүхдүүдээ буулгаад Сингапур гээд дуудахад “School police” хийж байгаа эцэг эхчүүд ирээд хөтлөөд зам гаргадаг юм. Тэгтэл дуудсан боловч ирээгүй учраас би өөрөө хүүхдүүдээ хөтлөөд зам гаргасан. Тухайн үед “School police” хийж байсан залуу “та гарцгүй газраар хүүхэд гаргалаа, буруу шдээ” гэж хэлэхээр нь “тиймээ миний буруу” гэж хэлсэн. “Тойроод орж ирэхээр нь хүүхдүүд хоцорчих гээд байдаг юм, өмнө нь ингэж явдаг байсан, би тэр дагуу л буулгаж байгаагаа” гэж тайлбарлаж хэлсэн. Тэгтэл тэр залуу “хүний хүүхдүүд машинд дайруулчихвал яах юм” гэхээр нь “чи одоо яасан билэггүй муу амтай юм бэ, тийм юм гэж юу байх вэ дээ” гэж хэлээд тэр залуутай маргалдсан. Би буцаад автобус руугаа явж байгаад зурвас хэсэг зогсож байхад тэр залуу араас гүйж ирээд би хууль хүчний хүн та миний тавьсан шаардлагыг биелүүлсэнгүй гээд миний дагз хавьцаа нэг удаа цохихоор нь би эргэж хараад нэг удаа цохисон. Яг тэр хүний хаана нь цохисоныг сайн мэдэхгүй байна. Тэгсэн чинь тэр зам дээр явж байсан машины хүн “чи настай хүнийг болиоч” гэж бахираад байсан. Би цаашаа машин руу очиход тэр залуу би цагдаа дуудна, чиний мууг үзэхгүй бол хэн болох бол гээд утсаар яриад байсан. Мөн сургуулийн нийгмийн ажилтанг дуудаад нийгмийн ажилтан гарч ирэхэд би зодуулчихлаа гээд нөгөө залуу хэлсэн.” /хх-32/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5-6/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/,

 

Хохирогч Б.Адарсүрэнгийн гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-45/,

 

Шүүгдэгч Р.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Р.Г  нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Сингапур Монгол" дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Р.Г ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Р.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч

Б.Адарсүрэн нь 120.000 төгрөгийн хохирол учир нь баримтаар нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Г ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Р.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Р.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.Г ад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Р.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Р.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус

тус зааснаар Р.Г аас 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Адарсүрэнд олгосугай.

           

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Р.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС