| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0278/Э |
| Дугаар | 0317 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 0317
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Э.Намуун /томилолт/,
хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,
иргэний хариуцагч “Э Т” ХХК-ийн төлөөлөгч Х.Э,
шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Мийн Хт холбогдох 1903011080480 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Э Т ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Одонтын ... тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Мийн Х /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 05 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Цамбагарав төвийн баруун урд замд “Э Т” ХХК-ийн Х.Аеросити-540 маркийн ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “ Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” мөн дүрмийн 8.2-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч 36 настай, эмэгтэй Б.Дг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед Цамбагаравын гэрлэн дохиотой гарцан дээр хохирогчийг мөргөсөн. Миний буруутай үйлдэл нөлөөлсөн. Би санаандгүй мөргөсөн буруугаа хүлээж байна. Би хохирогчийг хараагүй. Би улаан гэрлээр орсон. Харин хохирогч ямар гэрлээр орсныг мэдэхгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардлаа төлөхөө илэрхийлж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хагас сайны өдөр байсан. Би гэрээсээ 13 цагийн орчимд сүү авах гэж дэлгүүр орох гэж яваад ийм асуудал болсон. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна, би эмнэлэгт ухаан орсон. Би тус ослоос болж их гэмтсэн. Толгой тархиндаа эмчилгээ хийлгэсэн, нүдний хагалгаанд орсон, чих шуугиад байдаг болсон. Бас нуруу суулт өгсөн байгаа. Шүүгдэгч талаас надад анх эмнэлэгт хэвтэж байхад 798.000 төгрөгийн эм тариа авч өгсөн ба сүүлд нүдний хагалгаанд ороход мөнгө нэмэрлээч гэхэд 500.000 төгрөг шилжүүлсэн, өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Би эмчилгээ хийлгэсэн бусад зардлуудаа ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө авч хийлгэсэн, ингэж байж хөл дээрээ босож ирлээ. Одоо эмчилгээ хийлгэх мөнгөгүй байгаа тул ажилдаа орсон. Гэхдээ ажил хийхэд их хүндрэлтэй байгаа. Намайг группт ор гэсэн боловч би залуу хүн, группийн мөнгөөр амьдрах боломжгүй тул ороогүй байгаа. Шүүгдэгч болон тухайн компаний зүгээс хохирол барагдуулах тал дээр арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрч байна. Осол болсноос хойш 6 сар өнгөрч байна. Би баримтаар гарсан зардал, цалин хөлс, сахиур, шатахууны зардлаа нэхэмжилнэ, нийтдээ 16.792.970 төгрөгийн зардал гараад байна. Шүүгдэгчээс төлсөн зардалтай давхардаагүй зардал юм. Иймээс энэ зардлаа нэхэмжлэхээс гадна цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэмж нэхэмжлэх болно. Маш их гомдолтой байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Иргэний хариуцагч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...М.Х нь манай компаний жолооч юм. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж яваад осол гаргасан байдаг. Жолооч нар нь 1 өдөр гараад 1 өдөр амардаг. Тухайн өдөр М.Х ээлжтэй байсан. Тэр өдөр над руу осол гаргачихлаа гээд сандарсан байдалтай ярьсан. Манай компаний зүгээс бодит гарсан зардлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөх ба ингэхдээ эхлээд даатгалаас төлөөд үлдэгдлийг нь манай байгууллага төлөх болно. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын дүн дээр маргах зүйл байхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 4-5х, 9-11х, 12-13х/, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18х/, хохирогч Б.Дгийн мэдүүлэг /хх-ийн 20-21х/, иргэний хариуцагч Х.Эгийн мэдүүлэг /хх-ийн 45-46х/, гэрч Т.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 50х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11180 дугаартай дүгнэлт /хх-ийн 63х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт /хх-ийн 183-189х/, тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /хх-ийн 174-175х/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 93х/, шүүгдэгч М.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 95х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 96х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 97х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 98х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 100х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 101х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 102х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103х/, хохирлын баримтууд /хх-ийн 27-33х, 106-111х, 118-121х, 151-160х, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн М.Хын хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 05 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Цамбагарав төвийн баруун урд замд “Э Т” ХХК-ийн эзэмшлийн Х.Аеросити-540 маркийн ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “ Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” мөн дүрмийн 8.2-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч 36 настай, эмэгтэй Б.Дг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч: /хх-ийн 4-5х, 9-11х, 12-13х/,
Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Х.Аеро сити маркийн ... УНК дугаартай автобус Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудлын зүүн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцох үед явган хүний гэрлэн дохиотой гарц дээр автомашины талд улаан гэрэл ассан байхад ... автобус 1 дүгээр эгнээгээр, улаан гэрлээр явган хүний гарц руу бичлэгийн 13:59:26 секундэд ойртох үед ертөнцийн зүгээр, хойд зүгээс буюу автобусны баруун гар талаас явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд явган зорчигч Б.Д нь гүйж ирээд замын 1 дүгээр эгнээ рүү орох үед автобус тэр чигээрээ явсаар байгаад бичлэгийн 13:59:28 секундэд явган зорчигчийг автобусны урд хэсгээр мөргөж газарт унах үед автобус зогсов” гэх /хх-ийн 17-18х/,
Хохирогч Б.Дгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед би босоод ажил руугаа явах гээд цай уучхаад гэрийнхээ урд талын Номин их дэлгүүр орж сүү авах гээд гэрээсээ гарч байсныг санаж байна, өөр зүйл санахгүй байна. Нэг ухаан ороход манай аав болон хамаатны хүмүүс ирчихсэн би эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд би яагаад энд байгаа юм, юу болсон юм бол гэж асуусан чинь манай хамаатны хүмүүс зам тээврийн осолд орсон талаар хэлж өгсөн. Би тус ослоос болж их гэмтсэн. Толгой тархиндаа эмчилгээ хийлгэсэн, нүдний хагалгаанд орсон, чих шуугиад байдаг болсон. Бас нуруу суулт өгсөн байгаа. Шүүгдэгч талаас надад анх эмнэлэгт хэвтэж байхад 798.000 төгрөгийн эм тариа авч өгсөн ба сүүлд нүдний хагалгаанд ороход мөнгө нэмэрлээч гэхэд 500.000 төгрөг шилжүүлсэн, өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Би эмчилгээ хийлгэсэн бусад зардлуудаа ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө авч хийлгэсэн, ингэж байж хөл дээрээ босож ирлээ. Одоо эмчилгээ хийлгэх мөнгөгүй байгаа тул ажилдаа орсон. Гэхдээ ажил хийхэд их хүндрэлтэй байгаа. Намайг группт ор гэсэн боловч би залуу хүн, группийн мөнгөөр амьдрах боломжгүй тул ороогүй байгаа. Шүүгдэгч болон тухайн компаний зүгээс хохирол барагдуулах тал дээр арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрч байна. Осол болсноос хойш 6 сар өнгөрч байна. Би баримтаар гарсан зардал, цалин хөлс, сахиур, шатахууны зардлаа нэхэмжилнэ, нийтдээ 16.792.970 төгрөгийн зардал гараад байна. Шүүгдэгчээс төлсөн зардалтай давхардаагүй зардал юм. Иймээс энэ зардлаа нэхэмжлэхээс гадна цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэмж нэхэмжлэх болно. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаартай:
“ Б.Д Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нүдний тасагт баруун нүдний торлогийн хуурал ба язрал оноштой мэс засал хийлгэсэн байна. Энэ гэмтлийн шалтгаантай болно. Торлог бүрхүүлийн хуурал, язрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, хүчтэй доргилтын улмаас үүсгэгдэнэ.
Б.Дгийн биед баруун чамархай яснаас доош хөхлөг сэртэн, чихний суваг дайран суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн дух, чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун эгэмний дунд 1/3-ын зөрөөтэй далд хугарал, L4/ L5, L5/S1 жийргэвч мөгөөрчний урагдал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний торлогийн хуурал, язрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 183-189х/,
Иргэний хариуцагч Х.Эгийн өгсөн: “...Манай байгууллагын эзэмшилд Х.Аеро маркийн ... УНК улсын дугаартай автобус байдаг. Би Э Т ХХК-нд хэсгийн дарга албан тушаалтай. Тухайн автобус манай хэсгийн автобус байгаа юм. Манай хэсгийн жолооч М.Х осол гарсан өдөр над руу залгаад Цамбагаравын автобусны буудлын гэрэл дохиотой явган хүний гарцан дээр хүн гэнэт гүйж орж ирээд мөргүүлчихлээ гэж хэлсэн юм. ...Урд салхины шил бага зэрэг хагарсан байсан. Манай компаний зүгээс бодит гарсан зардлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөх ба ингэхдээ эхлээд даатгалаас төлөөд үлдэгдлийг нь манай байгууллага төлөх болно. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын дүн дээр маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг //хх-ийн 45-46х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 50 дугаартай:
“...Х.Аеро сити-540 маркийн ... УНК дугаартай автобусыг жолоодон явсан М.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: аль дүрмийн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 174-175х/ зэрэг баримтуудаар тогтоогдсон буюу шүүгдэгч М.Хын гэм буруутайг нотолжээ.
Өөрөөр хэлбэл, Тухайн зам тээврийн осол нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг явган хүний гарцтай хэсэгт үйлдэгдсэн байх бөгөөд явган зорчигч Б.Дг ногоон гэрлээр буюу зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор гарч явах үед нь Э Т ХХК-ийн эзэмшлийн Х.Аеросити-540 маркийн ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хориглосон гэрлэн дохиог зөрчин нэвтэрч, явган зорчигчийг мөргөн, хохирогчид хүнд гэмтэл учруулсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой тусгагдсанаас гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлэгт зэргээр тогтоогдсон, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй байна.
“Э Т” ХХК-ийн жолооч, шүүгдэгч М.Хын энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч М.Хын үйлдлийн улмаас иргэн Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал, сахиур, дутуу авсан цалин хөлс гэж /мөрдөн байцаалтад/ 12.036.277 төгрөг, /шүүхийн хэлэлцүүлэгт/ 4.756.693 төгрөг, нийт 16.792.970 төгрөгийг шүүгдэгч М.Х болон Э Т ХХК-иас нэхэмжилж, баримтуудыг хавсаргаж өгсөн байна. /хх-ийн 27-33х, 106-111х, 118-121х, 151-160х/, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд/
Хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх зардлын задаргааг тайлбарлахдаа “уг мөнгийг би өөрөөсөө болон хамаатан саднаасаа, найз нөхдөөсөө гаргах, зээлэх замаар гаргаж зарцуулсан, шүүгдэгч М.Хын төлсөн 1.300.000 төгрөгийн зардлын оруулахгүйгээр тооцоход 16.792.970 төгрөгийг төлүүлэхээр байгаа” гэж нэхэмжилсэн боловч дараах байдлууд тогтоогдсон болно. Үүнд:
Хохирогчийн нэхэмжилсэн дээрх үнийн дүн нь зарим баримтуудыг хэд хэдэн удаа давхардуулан оруулан тооцсон дүн, хоол хүнс, ахуйн хэрэглээнд зарцуулагдсан зардлын дүнг нэмж нэхэмжилсэн байхаас гадна шүүгдэгч М.Хаас гаргаж төлсөн гэх зардлын үнийн дүнг ч оруулан тооцсон байхыг үгүйсгэхээргүй байна.
Иймээс хавтаст хэрэгт болон шүүх хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэн хохирогчийн эмчилгээ, ослын улмаас эвдэрсэн гар утасны үнэ, түүнийг эмнэлэгт сахисан сахиурын дутуу авсан цалин хөлс, хохирогчийн өөрийнх нь дутуу авсан цалин хөлс, шатахууны зардал зэрэг нийт 16.264.634 төгрөгийн /хууль ёсны шаардлага хангасан/ баримтуудыг үнэлж тооцсон болно.
Дээрх 16.264.634 төгрөгийн задаргааг хийвэл, шүүгдэгч М.Х нь 1.300.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн дүн, хохирогч Б.Д өөрөөсөө 8.890.125 төгрөгийг гаргаж эмчилгээ, бусад зардалдаа зарцуулсан дүнгийн нийлбэр, мөн хохирогч Б.Д нь “Нью тур сафарис” ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг, сарын үндсэн цалин 1.300.000 төгрөг, осолд орсноос хойш 6 сарын хугацаанд ажлаа хийгээгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн листний зөрүү, дутуу авсан цалин хөлс гэж 5.899.509 төгрөг, эмнэлэгт ухаангүй байхад нь сахисан сахиурын дутуу авсан цалин хөлс 175.000 төгрөг, нийт 14.964.634 төгрөгийн зардлыг оруулсан дүн болно.
Иймд хохирогчийн хохирол төлбөрт гарсан 16.264.634 төгрөгийн зардлаас шүүгдэгч М.Хын төлсөн 1.300.000 төгрөгийг хасаж, одоо төлөгдөөгүй 14.964.634 төгрөгийн зардлыг иргэний хариуцагч “Э Т” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Учир нь,
Шүүгдэгч М.Х нь Э Т ХХК-нд жолоочоор ажилладаг, тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул ажил олгогч нь гэм хорын хариуцлагыг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл,
“...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...., эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бусдад учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул гэм хорын хохирлыг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Харин иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болно.
Хохирогч Б.Д нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Х болон иргэний хариуцагч “Э Т” ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас: “...шүүгдэгч М.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,
-Хохирогч, түүний өмгөөлөгчөөс: “... осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөхөд байгууллага болон шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх талаар санаа санаачилга гаргаагүйд гомдолтой байна. Иймээс шүүгдэгчийн гаргасан гэм буруутай үйлдэлд нь хуульд заасан хариуцлагыг нь хүлээлгэнэ үү” гэх саналыг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг өөрийн бололцооны хэмжээнд төлсөн, мөн цаашид хохирлыг төлөхөө илэрхийлсэн. М.Х нь 1-5 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн зэрэг ар гэрийн нөхцөл байдал хүнд байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.Хыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.Хын үйлдсэн гэмт хэргийн шинж буюу тэрбээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмээ биелүүлэхгүй, үл ойшоож, хайнга хандан, явган зорчигчийг зөвшөөрөгдсөн гэрлэн дохио /ногоон/-гоор гарч явах үед нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн, тус гэмт хэргийн улмаас хохирогчид хавсарсан олон тооны хүнд гэмтэл учирсан, хохирол бүрэн барагдаагүй, хохирогчид учирсан гэмтлээс үүдэлтэй хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймд өмгөөлөгчөөс гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Мийн Хыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч М.Х нь эмчилгээний зардалд 1.300.000 /нэг сая, гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Дд төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1,5, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Э Т” ХХК-иас 14.964.684 /арван дөрвөн сая, есөн зуун жаран дөрвөн мянга, зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дд олгож, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Х, иргэний хариуцагч “Э Т” ХХК-иас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ