Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 35

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Х.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж д холбогдох 163/2020/0034/Э индекстэй, 2015000060005 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Б аймгийн ... оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Б  овогт Х-гийн Ж.

Шүүгдэгч Х.Ж  нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт 14 байрны гаднах авто зогсоол дээр байсан хохирогч Ц.Ц ын ...  БУА улсын дугаартай Honda Insight маркийн тээврийн хэрэгслийн ар талын салхины шилийг хагалж 250000 төгрөгийн, Л.Д ын ...-... БУЛ улсын дугаартай ALION маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалж 160000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Эрүүгийн 2015000060005 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Шүүгдэгч Х.Ж  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Пүрэвбаатар ахынд авсан архиа  ууж дуусаад  байшингийн мод өөлөх гэсэн юм гэж хэлээд сүхийг нь гуйж аваад гэрийн зүг явсан.  Тэгээд явж байгаад Барс дэлгүүрийн гадаа зүс таньдаг Н тай тааралдаад хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргаснаа санахгүй байна. Тэгээд Н тай маргалдсан уурандаа гэр лүү явж байгаад 14 дүгээр байрны гадна тавьсан байсан хоёр машины арын цонхны шилийг хагалсан. Тэгээд цаашаа явж байгаад захын ойролцоо Г  ахтай тааралдаад мэнд мэдээд яриад зогсож байтал эргүүлийн цагдаа нар ирээд намайг саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-58 тал/,

Хохирогч Ц.Ц ын өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын үед ажил дээрээ байж байхад миний гар утас руу Булган аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцэнгэл гэж хүн залгаад “...  БУА улсын дугаартай HONDA INSIGHT маркын машин таны машин мөн үү, таны машины арын шилийг хүн хагалсан байна” гэж хэлсэн. Тэгээд 19 цаг болох гэж байхад машинаа байрлуулж орхисон газар буюу Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэр 14-р байрны гадна авто зогсоол дээр миний машины хойд талын багажны том шилийг тэр чигт нь хагалсан байсан.Намайг очиход цагдаагаас хүмүүс ирсэн байсан.  ...” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,

Хохирогч Л.Д ын өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед өөрийнхөө гэрт буюу Булган сумын 5-р багийн 14-р байрны 2-14 тоотод сууж байтал над руу ********* дугаараас Санжаа гэж өөрийгөө танилцуулсан хүн таны машины цонхыг сүх гартаа барьсан хүн өөр хажуугийн чинь машинтай хамт арын цонхыг чинь сүхээрээ хага цохьчихоод зугтаачихлаа гэж хэлсэн.Тэгээд гараад машинаа хартал арын салхины шилийг хага цохьсон байсан.Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 32-33 тал/,

Гэрч С.С-ийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 30 минутын үед би өөрийн ажил болох Булган аймгийн Татварын хэлтсийн хашаанд автомашинаа граж руу оруулж байрлуулах санаатай машинаа түр зогсоож байгаад төв хаалгаар орж гражын хаалга онгойлгох гэж байхад төв замын эсрэг талд 14-р байрны зогсоол дээр байсан 2 машины арын шилийг нэг залуу сүхээр цохиж хагалаад цаашаагаа хогийн пүнкер тойроод гүйгээд алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

Гэрч Т.Г ийн өгсөн:  Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 18 цаг болох гэж байхад Сүүдэр царам захын хажууд таксины зогсоол дээр Ж той тааралдсан. Ж той тааралдахад халамцуу маягтай, куртикэн дотроо сүх хийсэн байдалтай явж байсан. Надтай уулзаад манай 2 хөгшний мэндийг асуугаад байж байхад цаанаас нь эргүүлийн машинтай цагдаа нар хүрч ирээд бид 2-ыг машинд суу, цагдаагийн газар очиж та 2-ыг шалгах шаардлагатай байна гэж хэлээд бид 2-ыг цагдаагийн газар луу авч явсан. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй байж байгаад Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд ирээд Ж оос юу болсон талаар асуухад Ж  “машины цонх хагалсан” гэж хэлээд ямар учраас цагдаа дээр ирсэн талаар мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,  

Гэрч Ц.Э-ын өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед цагдаагийн газрын жижүүрээс над руу Булган сумын 5-р багийн 14-р байрны гадна зогсоол дээр байсан машины цонхыг сүхтэй хүн хагалсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлагын дагуу би цагдаа жолооч Б тэй хамт 14-р байрны гадна авто зогсоол дээр очиход ...-... БУЛ, ...  БУА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн арын салхины шилийг хагалсан байдалтай цонхны шилийг хагалсан хүн алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 тал/,

 “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 26-ны  өдрийн хөрөнгийн   үнэлгээ   тогтоосон “...Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судлаж, шинжээчийн дүгнэлтийг гарган ...-... БУЛ улсын дугаартай ALION маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг 160000 төгрөг, ...  БУА улсын дугаартай HONDA INSIGHT  маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг 250000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-44-47 тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 1/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-21/, эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 22-24/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 48-49/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-53-54/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 67-88/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи  нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ж  нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт 14 байрны гаднах авто зогсоол дээр байсан хохирогч Ц.Ц ын ...  БУА улсын дугаартай Honda Insight маркийн тээврийн хэрэгслийн ар талын салхины шилийг хагалж 250000 төгрөгийн, Л.Д ын ...-... БУЛ улсын дугаартай ALION маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалж 160000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хууль зүйн факт, гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч Ц.Ц , Л.Д , гэрч С.С, Т.Г , Ц.Э нарын мэдүүлгүүд, шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээний: “...-... БУЛ улсын дугаартай ALION маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг 160000 төгрөг, ...  БУА улсын дугаартай HONDA INSIGHT  маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг 250000 төгрөг. ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна гэж шүүх үнэлж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Х.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Ж ын нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруутай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц т 250000 төгрөгийн, хохирогч Л.Д д 160000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь дээрхи хохиролд Л.Д д 220000 төгрөг, Ц.Ц т 300000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулснаар хохирогч нар нь гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Х.Ж д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгуулийг  хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг сар бүр 150000 /нэг зуун тавь/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ж д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйл, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ЦЭРЭНДУЛАМ