| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/07081/и |
| Дугаар | 7081 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 7081
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах ХасБанк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шархад 58-р гудамж, 804 тоотод оршин суух Бямбажавын Отгонсүрэн /РД:ДЭ80051408/ холбогдох
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шархад 58-р гудамж, 804 тоотод оршин суух Оюунхүүгийн Дашдаваа /РД:ХЙ73042310/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,108,094 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Отгонсүрэн нь ХасБанктай 2013.11.21-ний өдөр 1500006861 дугаартай зээлийн гэрээ, 1500006861 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Уг зээлийн гэрээнд О.Дашдаваа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. О.Дашдаваа нь ХасБанктай 2013.11.21-ний өдөр 1500006859 дугаартай зээлийн гэрээ, 1500006859 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Уг зээлийн гэрээнд Б.Отгонсүрэн нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1500006861 дугаартай Б.Отгонсүрэнгийн нэр дээрх зээлийн гэрээний төлбөрийг 2016.03.02-ны өдрөөс хойш төлөлгүй 257 хоног, 1500006859 дугаартай О.Дашдаваагийн нэр дээрх зээлийн гэрээний төлбөрийг 2016.04.17-ны өдрөөс хойш төлөлгүй 211 хоног тус тус хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд 1500006861, 1500006859 тоот зээлийн гэрээнүүдийн 3.1.5-д заасны дагуу зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,108,094 төгрөгийг Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХасБанк” ХХК нь хариуцагч Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нарт холбогдуулан 4,108,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нар нь “ХасБанк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нарт холбогдох 4,108,094 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ХасБанк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,108,094 төгрөгийг хариуцагч Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нар төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,680 төгрөгийн 40,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 40,340 төгрөгийг, хариуцагч Б.Отгонсүрэн, О.Дашдаваа нараас40,340 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХасБанк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР