Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 0325

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

            улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Гийн Бт холбогдох эрүүгийн 1808005140351 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны Буянт-Ухаа ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Гийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтайн 2 дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Б.Аын Хаан банкны ... дугаарын данснаас 800.000, 800.000, 500.000 төгрөгийн гурван удаагийн гүйлгээгээр нийт 2.100.000 төгрөгийг төрсөн ах Г.Тийн Хаан банкны ... дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Н худалдааны төв дотроос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн хулгайлж Б.Аод 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Б.Аын цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл /хх-ийн 25х/, хохирогч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 28х, 58х/, гэрч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 30х/, гэрч Г.Тийн мэдүүлэг /хх-ийн 35х/, гэрч Г.Тийн дансны хуулга /хх-ийн 46х/, хохирогч Б.Аын дансны хуулга /хх-ийн 47х/, шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 42х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/, бүрэн дунд боловсролын үнэмлэх, сурагчийн тодорхойлолт /хх-ийн 62х, 64-66х/, хохирогч Б.Аын хүсэлт /хх-ийн 67х/, шүүгдэгч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 56-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Н худалдааны төв дотроос, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдрах иргэн Б.Аын Хаан банкны ...дугаарын данснаас гурван удаагийн гүйлгээгээр 800.000, 800.000, 500.000 төгрөгийг буюу нийт 2.100.000 төгрөгийг төрсөн ах Г.Тийн Хаан банкны ... дугаарын данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, Б.Аод 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Б.Аын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ... дугаар хэлтэст “өөрийн ...тоот дансанд 10.626.219.10 төгрөг байснаас 2018 оны 01 дүгээр сарын 20-ны 11 цаг 03 минутад 3 удаагийн үйлдлээр ... тоот данс руу нийт 2.100.000 төгрөг хулгайлж шилжүүлсэн байгаа тул гомдолтой байна...” гэх өргөдөл /хх-ийн 25х/,

Хохирогч Б.Аын: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Алтай ... тоот гэртээ байхад миний ...тоот данснаас 800.000 төгрөг хоёр удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа, нийт гурван үйлдлээр 2.100.000 төгрөгийн зарлага гарсан талаар миний 93070703 дугаар гар утсанд ухаалаг банкны мэдээлэл ирэхээр нь би Хаан банкны лавлах дугаар руу залгаад данснаас учир битүүлэг 2.100.000 төгрөг өөр хүний данс руу шилжчихлээ, тухайн дансыг хааж өгөөч гэж хэлэхэд бид нарт хүний данс хаах эрх байхгүй гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдсэн юм. Миний интернет банкны нууц кодыг мэддэг хүн байхгүй. ...Г.Быг М Т ХХК-нд ажилд ороход тухайн үед таньж мэддэг болсон. Тухайн үед манай ажилд ажиллаж байсан хүний гар утсаар би интернет банк орж ашигласан, буцаад интернет банкнаасаа гарсан эсэхээ сайн санахгүй байна. Хохирол 2.100.000 төгрөгийг барагдуулсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28х, 58х/,

Гэрч Г.Төгөлдөрийн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай охин дүү болох Болор над руу яриад “би хүнээс мөнгө шилжүүлье, та авчих надад 2.000.000 төгрөгийг нь аваад өгчих, үлдсэн 100.000 төгрөгийг нь өөрөө ав” гэхээр нь би 2.000.000 төгрөгийг нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас аваад Болорт бэлнээр нь өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг нь би өөртөө зарцуулсан. Манай дүү Болор өөрөө шилжүүлсэн. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

Гэрч Г.Тийн дансны хуулга: 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...дугаарын данснаас Г.Тийн хаан банкны ... дугаарын данс руу 11:03 минутад 800.000 төгрөг, 800.000 төгрөг, 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай /хх-ийн 46х/,

Хохирогч Б.Аын дансны хуулга: “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Аын ...дугаарын данснаас ... дугаарын данс руу 11:03 минутад 800.000 төгрөг, 800.000 төгрөг, 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай” /хх-ийн 47х/,

Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2016 оны 10 дугаар сараас Герман элчингийн замын эсрэг талд байрлах 12 давхар “М Т” ХХК-ийн төв оффист 1 жилийн хугацаанд үйлчилгээний ажил хийсэн. Ажиллаж байх үед “М Т” ХХК-ийн захирлын жолооч гэх Атой 2017 оны 07 дугаар сарын үед танилцсанаас хойш 2-3 сар өнгөрч байх үед тус компаний захирлын жолооч А надаас утсаа өгч байгаач, утсаар чинь интернет банк орчхоод өгье гэж хэлээд тухайн үед ашиглаж байсан миний Самсунг Е-5 гар утсыг авч ашиглаад эргүүлэн надад өгсөн. Утсаа ашиглуулаад хэсэг хугацааны дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн гар утаснаас “Google” рүү нэвтэрч интернет банк ашиглах үед Аын интернет банк шууд гараад ирсэн. Тухайн өдөр миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвийн хоолны газарт байх үедээ 3 удаагийн гүйлгээгээр ах Төгөлдөрийн Хаан банкны ... тоот данс руу 5 минутын дотор 2.100.000 төгрөгийг явуулсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан учир авсан. Аоос мөнгө авсан талаар тухайн үед хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн байх бөгөөд тэрбээр гэмт хэрэг гарахаас өмнө нь шүүгдэгч Г.Бын гар утсаар өөрийн интернет банк руу орж гүйлгээ хийсэн, нэвтрэх нэр, кодоо буцааж гаргаагүй нь  гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шүүгдэгч Г.Б нь өөрийн утсанд хадгалагдаж үлдсэн хохирогчийн интернет банкны кодыг ашиглан хохирогчид мэдэгдэлгүй, хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгө шилжүүлэн авсан үйлдлийг “хулгайлах” гэмт гэмт хэргийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Харин шүүгдэгч Г.Бын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 01 дүгээр сарын 20–ны өдөр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон атал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэж бичигдсэн байх тул уг тогтоолд зөвтгөн бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт талууд харьяаллын асуудлаар маргаагүй, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхөөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.А нь“...2.100.000 төгрөгийг барагдуулсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 58 дугаар хуудасны ар тал/, хүсэлт гаргасан /хх-ийн 67х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч Г.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, мөн түүний хувийн байдал зэргийг нь харгалзсан болно.

 Шүүгдэгч Г.Б нь гэмт буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад  хамрагдах үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. А овогт Гийн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад  хамрагдах үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ