Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 113/ШШ2018/0001

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: М.Х

Хариуцагч: С-ийн ГБХЗХГ-ын Д;

Нэхэмжлэлийн шаардлага: “С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эн, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Х миний бие 2012 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт англи хэлний дугуйлангийн багшаар, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Хүүхдийн эрхийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа байгууллагын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ жил бүр “А” үнэлгээтэй дүгнүүлж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Б томилогдсон. Томилогдсон цагаасаа хойш өмнөх даргатай төрийн албаны маргаантай асуудлаа ажилчдад хамааруулж, миний чиг үүргийн ажлыг надаар гүйцэтгүүлэлгүй өөр хүнээр хийлгэх, хуулийн дагуу мэргэжил дээшлүүлэх зорилгоор магистрын сургалтанд суралцах чөлөө хүсэхэд өргөдлийг хүлээн авахгүйгээр үл барам сурахаар явах юм бол ажил тасалсанд тооцно гэх зэргээр дарамт шахалт үзүүлж байсан. Энэ байдлыг албан хаагчдын зүгээс шүүмжилж төрийн албаны ажилд хүн оролцуулахгүй байх, тус тусын хариуцсан чиг үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж ажиллах талаар тависан шаардлагыг үл ойшоож манай намын бодлого учраас та нарт хамаагүй, бид бодлогоо хэрэгжүүлж, багаа бүрдүүлнэ гэх зэрээр хүлээн авдаггүй байсан. Улмаар эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн өш хонзон санаж үндэслэлгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04 дүгээр тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйлдлийг эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна.

                Учир нь О.Б нь С-ийн ГБХЗХГ-ын Даар томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан “Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуй нэгж, нам, олон нийтийн байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж заасныг, Ашиг сонирхлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05/2354 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтэний албан тушаал, ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болно.

                Иймд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу мэргэжилтэнээр үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

                Нэхэмжлэгч М.Х 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн сэтгэл зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Х 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

                Хариуцагч С-ийн ГБХЗХГ-ын Д 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосны дагуу аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг хэлтэс нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж бүтэц зохион байгуулалт чиг үүрэг өөрчлөгдсөн. Иймд аймгийн Засаг даргын А/58 дугаар захирамж гарч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоог баталсан.

            Өмнөх Хүүхэд, гэр бүийн хөгжлийн хэлтэст “Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн” байгаагүй бөгөөд Хүүхдийн мэргэжилтэн 3 хүн ажиллаж байсан байна.

Хүүхдийн эрхийн мэргэжилтэн М.Х Англи хэлний багш мэргэжилтэй ХГБХХ 4 жил, Монгол судлаач, орчуулагч мэргэжилтэй, Э.И Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр ХГБХХ-т 4 жил, Сэтгэл судлалын багш-Оношлооч мэргэжилтэй, Д.Э Хүүхэд хамгааллын мэргэжилтнээр 10 жил тус тус ажилласан байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтэн 1, Залуучуудын хөгжил, соёл боловсрол хариуцсан мэргэжилтэн 1, Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтэн 1 гэж бүтэц өөрчлөгдсөн тул чиг үүргийг давхардлыг арилган Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтнээр 1 хүн ажиллах болж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу “Сэтгэл судлалын багш-Оношлооч” мэргэжилтэй, тухай байгууллагад 10-н жил ажилласан Д.Э сонгогдож ажиллах шаардлага хангасан болно.

Онгон сумын хүүхдийн цэцэрлэгт 1 өдөр 2 хүүхэд хөл, гараа гэмтээсэн бол дараагийн өдөр 1 хүүхэд эгэмээ хугалуулсан. Наран суманд ЕБС-ийн сурагч жирэмсэн болсон гэх мэт хүүхдийн эрхийн эсрэг олон гэмт үйлдлүүдийг энэ байгууллагын мэргэжилтнүүд мэдээгүй байдаг, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр байхад хариуцсан мэргэжилтнүүд ажил “А” үнэлгээтэй байсан гэдэг нь ташаа үнэлгээ гэж үзэж байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтны ажлын шалгуур үзүүлэлтийг хүүхдийн эрхийг хангах талаар явуулсан ажил үйлчилгээний “үр дүнгээр үнэлнэ” гэсэн шалгуурт нийцэхгүй байна.

Би М.Х-тэй найрсаг харьцаатай байсан. Бидний дунд хэзээ ч маргаан болж байгаагүйг байгууллагын ажилтнууд мэднэ. Ажлын байр чинь байхгүй боллоо. Хүүхдийн мэргэжилтнээр Д.Э үлдэх шалгуурт тэнцлээ гэж хэлсэн цагаас М.Х-ийн ааш араншин хувирч элдвээр гүтгэх болсон. Тэр миний ажил  албатай холбоотой  ямар ч шаардлага тавьж байгаагүй бөгөөд хамт чөлөөлөгдсөн З.Гэрэлийг Туул даргатай байнга хэрэлдэж байдаг. Туул дарга ажилчдаа загнаж зандарч хатуу ширүүн ханддаг байсан таньд хэтэрхий зөөлөн болохоор ажилчид элэг барьж даварч байна, та хатуу гараар үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Хариуд нь “Би хүмүүсийг загнаж ззандарч ажилуулж сураагүй өөрсдөө хариуцсан ажилаа хийгээд л явах ёстой чадахгүй бол хариуцлагыг нь тооцно биз гэж хэлсэн.

Манай намын бодлого, баг бүрдүүлнэ гэх мэт үг хэлсэн бол бичлэг хийчихээд хэвлэл олон нийтийн сүлжээгээр тараах байсан. Учир нь З.Гэрэл ажил ярьж байхад ч тогтмол утсаар бичлэг хийдэг байсныг бусад мэргэжилтнүүд мэдэж байгаа.

М.Х SB.BBS телевизээр ярихдаа Би Сүхбаатар аймгаас гэр бүлийн чиглэлээр сурч байгаа ганц магистрант гэж ярьсан, Сурч байгаа хүн магистрт суръя гэж надаас хүсэх гэж үү Телевизийн мэдээ үзээд магистрт сурдаг эсэхийг нь лавлатал үгүй байсан. Өмнөх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст гэр бүлийн мэргэжилтэн  гэсэн орон тоонд хэн нэг хүн ажиллаж байгаагүй.

Намайг даргаар томилогдсон дургүйцлээ хэл үгээр биш, хэлбэр дүрсээрээ илэрхийлээд байна. Би хүмүүст муу юм хийж яваагүй гэж хэлсэн боловч энэ хүмүүсийн улс төржсөн хандлага өөрчлөгдөөгүй. Хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд өргөдөл гаргахаасаа урьтаж телевиз дуудан сүржигнэж, хэвлэлээр намайг гүтгэж гүжирдэхийн зэрэгцээ “Бид үзэл бодлоосоо болж ажлаас халагдлаа гэж Хишигдэлгэр телевизээр мэдэгдсэн нь өөрсдийгөө далдуур улс төрийн үйл ажиллагаа явуулж байснаа нотолж байна. Хөдөлмөрийн маргаанаа шүүхээр шийдүүлхээс өмнө Ардчилсан намын улс төрийн жагсаалд оролцож гүтгэлгээ үргэлжлүүлсээр байгаа

Би Х-т чиний ажлын байр хасагдсан тул чамайг ЕБС-д багшаар ажиллуулж өгье гэтэл би Багш хийж албан тушаал буурахгүй гээд миний дараагийн үгийг ч сонсохгүй хэрүүл маргаан үүсгэн хашгирч эхэлсэн. Энэ тухайгаа SB, BBS телевизээр өөрөө ярьсан байгаа. Дараа нь нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлхээр ирэхэд нь “Чамайг хүсвэл цагдаад ажилд оруулж өгье” гэтэл “Лхагвасайхан миний газар дээрх ганц найз, чамаар ажил олуулахгүй, би танай энэ байгууллагад чинь ажиллах ч үгүй. Би өөрөө ажлаа олоод хийчих чадалтай” гээд явсан хүн ажилдаа эргэж оръё гээд шүүхдээд явж байгааг нь хэн нэгний хатгаас гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлөгдөөд явахдаа албаны компьютер дээрх байгууллагын албан хэрэгцээний мэдээлэл бүхий баримтуудыг устгаж, олон нийтийн сүлжээгээр намайг гүтгэн, нэр төрийг гутаан доромжилж байгаа энэ хүн байгууллагынхаа соён гэгээрүүлэх үйл ажиллагааны зорилго чиглэлийг мэргэжлийн түвшинд мэдэрдэггүй, ёс суртахууны доголдолтой нэгэн болохоо харуулж байна гэж үзэж байна.

Иймд миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хууль ёсны дагуу томилогдсон бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С-ийн ГБХЗХГ-ын Д 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь зөвхөн хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсноор  гэр бүл, залуучууд, хүүхдийн асуудлаар тус тусын хүрээнд нь зохих мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах шаардлгатай болсон. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд өсч, гэмт хэрэг харгис хэрцгий болохоос гадна арга хэлбэр нь нарийсч эхэлсэнд төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Гэр бүлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг мэргэжлийн түвшинд ажиллуулж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах талаар ГБХЗХГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/77 дугаар албан бичгээр үүрэг чиглэл ирсэн.

Иймд Сүхбаатар аймгийн өрх, хүн бүрт сургалт сурталчилгаагаа хүргэх, гэмт хэрэг зөрчил, аливаа осол гэмтлээс өөрийгөө болоод бусдыг хамгаалах мэдлэг мэдээллийг түгээх зорилготой үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байна. Манай аймагт сүүлийн 5 жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийллийн тоо өссөн дүнтэй байгааг харуулсан статистик судалгааг өмнө хүргүүлсэн болно. Иймд энэ байгууллага үүргээ гүйцэтгэж чадаагүйг харуулсан үзүүлэлт юм. Мэргэжлийн бус хүмүүс ажиллаж мэргэжлийн ур чадвар дутсан учраас ийм үр дагаварт хүрсэн гэж үзэж байна. Мөн энэ байгууллага нийтдээ 4 мэргэжилтэнтэй учир жил жилээр ээлжлэн аварга болж байсан нь хүн цөөнтэй байгууллагын нийтлэг дүр төрх юм.

Гэр бүлийн эрх зүй хөгжил хамгаалал хариуцсан ажилтан Б.Д-эрх зүйч мэргэжилтэй, ёс зүй хүний эрх, гэр бүлийн эрх зүй, хууль зүйн сэтгэл судлал мэргэшлийн хичээлүүдийг судалсан давуу талтай. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдсөн хүмүүст мэргэжлийн хуульч, өмгөөлөгч эрх зүйн зөвөлгөө туслалцааг мэргэжлийн түвшинд үзүүлнэ.

Хүүхдийн эрх хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Э сэтгэл судлалын багш-Оношлооч мэргэжилтэй, мэдрэлийн дээд үйлийн анатоми физиологи, Согог судлал, гоо зүй, эрүүл ахуй, сурган хүмүүжүүлэх ёс зүй, судалгааны ажлын арга зүй, боловсролын социологи, ерөнхий сэтгэл судлал, сэтгэл судлалын түүх, хүний хөгжлийн сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, удирдлагын сэтгэл судлал, эмгэг сэтгэл судлал, хүн судлал, туршилтын  сэтгэл судлал, сэтгэц оношилгоо, сэтгэл засал арга техник, гэр бүлийн сэтгэл судлал, хөдөлмөрийн сэтгэл судлал, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг хичээлүүдийг үзэж судалсан давуу талтай. Мэргэжлээрээ тухайн байгууллагад 10 жил ажилласан.

Нэг хоёр хүний хувийн эрх ашгаас илүүтэй аймгийн нийт иргэдийн эрх ашгийг илүүд үзсэн шийдвэр байсан гэж үзэж байна гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Х нь С-ийн ГБХЗХГ-ын Д-д холбогдуулан “тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тушаалын М.Х-т холбогдох заалтыг хүчингүй болгон ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргаж;

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн сэтгэл зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж;

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр “... “Гэр бүлийн сэтгэл зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд гэснийг “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд гэж өөрчилжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч М.Хишигдэлгэр нь 2012 оноос Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс/хуучин нэрээр/-т Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/шинэ нэрээр/-ын даргын 04 дүгээр тушаалаар “орон тоо хасагдсан” үндэслэлээр чөлөөлөгдсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолын 4-т Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг ажиллуулахаар тогтоож, үүний дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоог баталжээ.

Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/ нь хүүхдийн асуудал хариуцсан 3 мэргэжилтэн:

а/ хүүхдийн эрх, гэр бүлийн асуудал хариуцсан,

б/ хүүхэд хамгааллын,

в/ хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан тус бүр нэг мэргэжилтний орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтцээр Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар батлагдсан нь хариуцагчийн тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймээс тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн гэж үзэх бөгөөд уг асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар зохицуулагдах үндэслэлтэй ба хариуцагч С-ийн ГБХЗХГ-ын Д нь хуулийн дээрх заалтын дагуу уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын мэргэжил, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтнээр Д.Э-г томилсон байх бөгөөд нэхэмжлэгч М.Х нь энэ тухай асуудлаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч М.Х-ийн эрхэлж байсан “Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн албан тушаал/ажлын байрны/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэвээр үлдэж , харин тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал/ажлын байрны/-ын орон тоо цөөрсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймээс С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.

С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжаар дарга-1, мэргэжилтэн-6, төрийн үйлчилгээний албан хаагч-10, нийт 17 орон тоотой байхаар баталжээ. Үүнд:

                  -Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан,

                  -Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан,

                  -Залуучуудын хөгжил, соёл, боловсрол хариуцсан,

                   -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан,

                   -Зорилтот өрхийн хөгжил, хамгаалал хариуцсан,  

                   -Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан тус бүр нэг мэргэжилтэн ажиллахаар тогтоосны дагуу хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар тус газрын Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан ажилтанаар гуравдагч этгээд Б.Д-ыг томилсон байна.

Уг албан тушаал/ажлын байрны/-ын тодрхойлолтоос үзэхэд дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч хийх чадвартай байх зэрэг чухал шаардлагатай мэргэжил болон мэргэшлийн шаардлага тавигдсан байх бөгөөд гуравдагч этгээд Б.Д нь Их засаг олон улсын их сургуулийг “Эрх зүйч” мэргэжилээр суралцаж хууль зүйн бакалаврын зэрэгтэй төгсөж Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн байснаас хариуцагч сонголт хийж Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан ажилтнаар томилсныг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч М.Х нь Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал/ажлын байрны/-ын тодорхойлолтод заагдсан ажлын байрны гол үйл ажиллагаа нь Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтний  албан тушаал/ажлын байрны/-ын тодорхойлолтод заагдсан ажлын байрны гол үйл ажиллагаатай давхцаж байгаа гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал/ажлын байрны/-ын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтний албан тушаал/ажлын байрны/-д хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, тавигдах шаардлага нь өөр өөр байна.

Иймээс гуравдагч этгээд Б.Д-ыг Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан ажилтны албан тушаалд томилсон хариуцагч С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Хишигдэлгэрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин хариуцагч С-ийн ГБХЗХГ-ын Д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалыг тухайн өдрөө бус сүүлд нөхөж гаргасан гэж шүүх хуралдаан дээр мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд томилуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангаагүй, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй байна.

Иймд “С-ийн ГБХЗХГ-ын Д-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн сэтгэл зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

М.Х нь Монгол судлал, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд англи хэлний багшаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан багшийн ажлын байранд түр ажиллаж байгаа бөгөөд хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр бүрэн дунд сургуульд англи хэлний багшийн ажил санал болгосон ба санал болгосон ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан, М.Х-ийн нэхэмжлэлтэй С-ийн ГБХЗХГ-ын Д-д холбогдох “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ