Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0256

 

 

 

 

 

 

 

 

Ж.А нарын нэр бүхий 7 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаар шийдвэртэй, Ж.А нарын нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 102 дугаар зүйлийн 102.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалын нэхэмжлэгч Н.Л, Е.Б нарт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Л-ыг Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын хяналт, шалгалт бүрдүүлэлтийн албаны даргын, Е.Б-ыг тус гаалийн газрын эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Н.Л-т 26027057 (Хорин зургаан сая хорин долоон мянга тавин долоон)төгрөг, Е.Бд 22710292 (хорин хоёр сая долоон зуун арван мянга хоёр зуун ерэн хоёр)төгрөгийг олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, бусад нэр бүхий нэхэмжлэгч нарын ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны хохирол нэхэмжлэгч Ж.А-д 15837669 (Арван таван сая найман зуун гучин долоон мянга зургаан зуун жаран есөн) төгрөг, Б.Бт 17138692 (Арван долоон сая нэг зуун гучин найман мянга зургаан зуун ерэн хоёр)төгрөг, П.С-д 18870823 (Арван найман сая найман зуун далан мянга найман зуун хорин гурван) төгрөг, М.Бд 15626504 (Арван таван сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөрвөн) төгрөг, О.Ш-д 17112603 (Арван долоон сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун гурван) төгрөг тус тус олгож энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Б/310 дугаар тушаалын Ж.А, Б.Б, П.С, М.Б, О.Ш нарт холбогдох хэсэг, эдгээр нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-аас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар “Гаалийн албанаас халах тухай” тушаалаар нэхэмжлэгч Ж.А, М.Б, Б.Б, П.С, О.Ш нарыг Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их дээд сургуулиудын албан бичгээр нотлогдож байна гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон нь Гаалийн тухай /1996/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус зөрчсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4-д тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас давж заалдах гомдол гаргаж буй 5 нэхэмжлэгчид холбогдох шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Учир нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар акт нь Гаалийн тухай /1996/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 буюу нэхэмжлэгч нарыг гаалийн улсын байцаагч болох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэх нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл буюу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахад баримтлах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа мөрдлөг болох үндсэн зарчмыг баримтлаагүй гэх үндэслэлээр тус актыг хууль бус хэмээн нэхэмжлэгчийн зүгээс маргасан байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “Эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосон зөрчилтэй нийцүүлэн авч үзвэл нэр бүхий нэхэмжлэгч 5 иргэний хувьд тэдний гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, маргаан бүхий актыг хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д заасан гаалийн улсын байцаагч дээд боловсролтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс дээрх захиргааны актын хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг дүгнэсэн /0077 дугаарт шийдвэрийн 25-77 тал/ атлаа Гаалийн тухай хуулийн 273.5-д заасныг баримтлан 5 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”... хэмээн заасан хуулийг зөрчсөн байна.

Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Мэргэжлийн хяналтын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаар албан бичгийн хавсралтыг үндэслэн нэр дурдсан нэхэмжлэгч нарыг боловсролын хуурамч баримт бичиг ашигласан болох нь нотлогдсон хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй мэргэжлийн хяналтын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаарт албан бичиг нь боловсролын баримт бичгийг эцсийн байдлаар үнэн зөв эсэхийг тогтоож буй үйл баримт биш бөгөөд тус шалгалт нь гаалийн алба хаагчдын боловсролын баримт бичиг зөрчилтэй эсэхийг шалгаж тодруулах үүрэг хүлээсэн зорилготой болохоос биш тухайн баримт бичгийг хуурамч эсэх, жинхэнэ эсэхийг тогтоох үүрэг хүлээгээгүй байна.

Түүнчлэн, Боловсролын хуурамч баримт бичиг ашиглах гэдэг нь Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан нөхцөл байдлыг ойлгохоор хуульчилж өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч нарыг хуурамч баримт бичиг ашиглан гаалийн улсын байцаагч болсон гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй болно. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар талд авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2009 онд гаалийн алба хаагчдын боловсролын баримт бичиг ашигласан болох нь тухайн үед тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлаас үзвэл мэргэжлийн хяналтын газрын алдаа дутагдал болон эрх бүхий байгуулагад тухайн шалгуулагч этгээдтэй холбоотой баримт мэдээлэл олдохгүй байгаа, давхардан олгогдсон гэх зэрэг нь нэхэмжлэгч нарыг хуурамч баримт бичиг ашигласан буруутай болохыг шууд тогтоон дүгнэх боломжгүй учир шүүхийн шийдвэр үндэслэлгүй болно.

Иймд Дээрх шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тул давж заалдах гомдол гаргаж буй 5 нэхэмжлэгчид холбогдох шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлгүйгээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд утга агуулгын зөрүүтэй дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

Ж.А, Б.Б, М.Б, П.Г, Н.Л, П.С, О.Ш, Е.Б нараас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урд эрхэлж байсан ажил албан тушаал болох нэхэмжлэгч Ж.А-г Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт Гаалийн улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулах, нэхэмжлэгч Б.Б-ийг Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Н.Л-ыг тус гаалийн газарт хяналт, шалгалт бүрдүүлэлтийн албаны даргаар, нэхэмжлэгч П.Сг Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч О.Ш-ийг Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч Е.Б-ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч М.Б-г Замын үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нарын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах мөн өдрийг хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

          Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Гаалийн албанаас халах” тухай Б/310 дугаар тушаалаар[1] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 47.1.4, Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.8 , 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 39, 43, 46 дугаар зүйл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаар албан бичиг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарсан.

          Уг тушаалаар “Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их дээд сургуулиудын холбогдох архивын лавлагаагаар нотлогдож байгаа” гэж нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халж, хувийн дугаар бүхий тэмдэг, ялгах тэмдгийг хураан авч, нэхэмжлэгч нарыг өмнө нь ажлаас халсан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж зохицуулсан.

          Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д төрийн тусгай албан хаагчийг ажлаас халахдаа уг харилцааг нарийвчлан зохицуулсан энэ хуулийн холбогдох заалтуудыг оновчтой хэрэглээгүй, нэхэмжлэгч нарыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь хангаагүй, хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтуудыг хэрэгжүүлээгүй нь уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.” гэжээ.

          Мөн шийдвэрт “түүнчлэн хуурамч бичиг баримт ашигласан гэх ойлголтыг төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээлгэхдээ үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчид үүрэг хүлээлгэсэн ерөнхий заалтыг үндэслэж ажлаас халах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэл муутай хууль бус гэж үзэх үндэслэл болж байна” гэж дүгнэсэн.

          Цаашлаад “Хэрэв нэхэмжлэгч нар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзвэл хариуцагч ... тэрхүү зөрчлийг хуулийн заалттай уялдуулан тодорхойлж, тогтоосны үндсэн дээр хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг зөрчлийн шинж байдалд тохируулан оногдуулахаар, хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д зааснаар ... тохирсон шийтгэлийг оногдуулахаар байна. Гэтэл ... нэхэмжлэгч нарыг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн тохиолдолд ... албан тушаалаас халах шийтгэл хүлээлгэх хуулийн ямар үндэслэл болох, эдгээр иргэд тухайн ажлын байранд ажиллаж болохгүй байгаа нөхцөлийг зөв тодорхойлоогүй нь маргаан бүхий актын хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ,... хариуцагч захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагаанд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийн оролцоог хангаагүй, тэдэнд мэдэгдээгүй, захиргааны акттай холбоотой тайлбар санал гаргах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан зарчмуудтай нийцээгүй” гэж шүүхийн шийдвэрт дүгнэжээ.

          Улмаар шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч нарыг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн тохиолдолд гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас халах шийтгэл хүлээлгэх хуулийн үндэслэл нь ямар хууль болох, эдгээр иргэд тухайн ажлын байранд ажиллаж болохгүй байгаа нөхцөлийг зөв тодорхойлоогүй нь маргаан бүхий актын хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл гаргаагүй төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах хууль зүйн боломжгүй бөгөөд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдож байгаа нэхэмжлэгч нарын хувьд хууль бус шийдвэр болно.” гэжээ.

          Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 37 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д тус тус нийцээгүй хууль бус шийдвэр гэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байна.

          Гэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Гаалийн тухай (2008 оны) хуулийн 273 дугаар зүйлийн 273.1-д , 273.5-д ... гэж тус тус заасныг үндэслэн гаалийн улсын байцаагч дээд боловсролтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэн “эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосон зөрчилтэй нийцүүлэн авч үзвэл дээрх нэр бүхий нэхэмжлэгч 5 иргэний хувьд тэдний гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, маргаан бүхий акт гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.”, мөн “нэхэмжлэгч Ж.А, Б.Б, П.С, М.Б, О.Ш нарын урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн орох нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй тул маргаан бүхий Б/310 дугаар тушаалын эдгээр нэр бүхий иргэдтэй холбогдох хэсгийг хууль бус гэж дүгнэж хүчингүй болгох шаардлагагүй.” гэж  дүгнэлт хийсэн нь өмнөх дүгнэлттэйгээ нийцэхгүй бөгөөд зөрүүтэй байна. 

          Үүнийг захиргааны актын хууль зүйн үндэслэл нь хуульд нийцээгүй, хуулийг зөрчсөн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгох байтал анхан шатны шүүхээс захиргааны актыг хуульд нийцээгүй, хууль бус гэж бүхэлд нь дүгнэсэн атлаа маргаан бүхий актын нэхэмжлэгч 5 иргэний холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

          Мөн маргаан бүхий актаар “Боловсролын хуурамч бичиг баримт ашигласан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг буруутган ажлаас халсан байтал анхан шатны шүүхээс “дээд боловсролтой байх хуулийн шаардлагад” нийцэхгүй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгч нарыг маргаан бүхий актад дурдсанаас өөр үндэслэлээр буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.

          Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргаан бүхий акт гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна”, “ажилдаа эгүүлэн орох нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй тул маргаан бүхий Б/310 дугаар тушаалын эдгээр нэр бүхий иргэдтэй холбогдох хэсгийг хууль бус гэж дүгнэж хүчингүй болгох шаардлагагүй.” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч 5 иргэний 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад мөн нийцэхгүй.

          Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагын ямар хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас нэхэмжлэгч 5 иргэнд энэхүү хохирол учирсан талаарх хууль зүйн үндэслэл, захиргааны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлон, тогтоож, түүнд дүгнэлт өгсөн гэдэг нь тодорхойгүй байна.

          Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд анхан шатны шүүхээс давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч П.Сгаас гаргасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзал”-ыг анхан шатны журмаар хэргийг хянан шийдврлэхдээ хамтад нь шийдвэрлэж, мөн нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш, Н.Л, Е.Б нарын  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дахин тодруулж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэдгийг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 77 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хав 67 дахь тал