Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 36

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г д  холбогдох, эрүүгийн 1915006090006 дугаартай, 163/2020/0035/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, үйлдвэрлэлийн төвд суралцагч, ам бүл 6, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Г.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г ыг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Өнө мандал” үйлчилгээний төвийн гадаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа С.Ж ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд нэг сая төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1915006090006 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Өнө мандал” үйлчилгээний төвийн таксины зогсоол дээр С.Ж  “нутгийн хүмүүс нэгнээсээ мөнгө нэхэж дарамтлалаа” гэх шалтгаанаар Г.Г тай маргах явцад нүүр лүү нь мөргөж, С.Ж ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч С.Ж ийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би ганцаараа 19 цагийн үед “Анар” дэлгүүрийн тэнд найз О , Г , Б  нартай таарсан. Тэгсэн чинь О  “Г А гаас мөнгө нэхсэн байна.  Г тай очиж уулзъя” гэсэн. Тэгээд түүний байгаа гэх  “Өнө мандал” үйлчилгээний төвийн таксины зогсоол руу явсан. ...Би очоод Г тай уулзаад “яахаараа хүүхдээс мөнгө нэхдэг юм, адилхан нэг нутгийнх байж” гэхэд Г “чамд ямар хамаатай юм” гээд хоорондоо маргаж,  би түүнийг үүрч унагаахад намайг ч бас үүрч унагаасан. Би боссон, Г миний урдаас цээжээр тэврээд авахаар нь би 2 гараа алдлаад “тавь, больё” гэж хэлсэн чинь Г миний ам руу нэг удаа духаараа мөргөсөн. Тэгээд миний үүдэн дээд  нэг шүд хугарч, хажуугийн шүд цав гарч миний амнаас цус гарсан. Би цагдаа руу явья гээд Г тай хамт цагдаагийн газар луу ирсэн. Намайг өөр хүн зодоогүй, Г л нэг удаа миний ам руу мөргөснөөс шүд хугарсан...” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

гэрч О.О ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай дүү надад “Г гэдэг ах надаас мөнгө нэхээд олж өгөхгүй бол маргааш очиж ална шүү гээд байна” гэхээр нь би Ө , О  нартай хамт явж байгаад Анар дэлгүүрийн тэнд Ж тэй таараад бид хэд Г гэх залуу Өнө мандал дээр байхаар нь очоод “дүү нараас мөнгө нэхээ юу” гэж хэлэхэд манай найз Ж ийг барьж аваад мөргөсөн. Тэгтэл цаанаас Г , Б  нар ирээд Г ыг цагдаа руу авч явсан. Ж ийн шүд хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

гэрч А.Р гийн өгсөн: “...Г босож ирээд Ж ийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Ж , Г 2 барьцалдаад авсан ба хэзээ нь мөргөснийг мэдэхгүй, О  шүдийг нь унагаачихлаа гэсэн...” гэх мэдүүлэг/хх-19-20 тал/,

гэрч О.Б ийн өгсөн: “...Би Г, Ж  хоёрыг ноцолдож байхад салгаад Ж өөс асуухад “Б  ахаа хар, шүд хугарчихлаа” гээд нэг шүдээ барчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

хохирогч С.Ж ийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт,

шүүгдэгч Г.Г ын яллагдагчаар өгсөн: “...Ж  миний араас тэврээд газар унагаасан. Би босож ирээд Ж ийг тэврээд авсан. Тэгэхэд араас Ж тэй хамт явсан хүүхдүүд цохиод байхаар нь айсандаа Ж ийн ам хэсэг рүү нь мөргөтөл Ж ийн шүд нь унасан байсан…” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Ж ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Г ын үйлдэл нь идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1000000 төгрөгийг төлснөөр хохирогч С.Ж  нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд /хх-52 тал/ илэрхийлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Г нь Булган сумын Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа, өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31 тал/, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл /хх-34-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоосон байна.

Шүүгдэгч Г.Г д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж гэм хорыг арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д  оногдуулсан торгох ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сараар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г д  сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД