Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 7089

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө ЭТНО, Пийс таур барилга, 7 давхар 705 тоотод байрлах “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Сэлбэ гудамж, 26-686 тоотод оршин суух Боржигон овогт Нямдоржийн Урантогос /РД:ЛЮ80020209/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 531,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Урантогос нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Вишнфанд ББСБ” ХХК-тай гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлж авсан. 2015 оны 06 дугаар сарын 30-наас хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Иймд зээлдэгч Н.Урантогосоос нийт 531,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Урантогос нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 531,500 төгрөгийн төлбөрийг 3 сарын хугацаатай буюу  2017.02.19-ны өдөр 265,750 төгрөг, 2017.03.19-ний өдөр 265,750 төгрөг тус тус төлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь хариуцагч Н.Урантогост  холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 531,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Урантогтос нь “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

   Хариуцагч Н.Урантогос нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Урантогост холбогдох 531,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Урантогос нь нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 531,500 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2017.02.19-ны өдөр 265,750 төгрөг, 2017.03.19-ний өдөр 265,750 төгрөг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Урантогост холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,340 төгрөгийн 8,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 8,170 төгрөгийг, хариуцагч Н.Урагтогосоос 8,170 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР