| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/07093/и |
| Дугаар | 7093 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 7093
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал Тауэр, 8 давхарт байрлах “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 1 байр, 41 тоотод оршин суух Галзууд овогт Должингийн Цэвэлсүрэнд /РД:ЖЛ83111008/ холбогдох
1,563,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Юнител ХХК болон Д.Цэвэлсүрэн нар харилцан тохиролцож 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88023980 дугаарт нь Iphone6 маркын гар утсыг 12 сарын хугацаанд төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 09 сараас эхэлн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул 88023980 дугаарын ярианы болон утасны лизингийн төлбөр 1,042,000 төгрөг, алданги 521,000 төгрөг, нийт 1,563,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Цэвэлсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Юнител” ХХК-иас нэхэмжилж буй ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 1,042,000 төгрөгийг 2017 оны 03 сарын 30-ны өдөр төлж барагдуулна. Алданги 521,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Д.Цэвэлсүрэнд холбогдуулан 1,563,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 521,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,042,000 төгрөгийг хариуцагч Д.Цэвэлсүрэн нь 2017 оны 03 сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
Зохигчдын тохиролцсон байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Цэвэлсүрэнд холбогдох 1,563,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 1,563,000 төгрөгийн 521,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Д.Цэвэлсүрэн нь үлдэх 1,042,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сар 30-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Д.Цэвэлсүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,980 төгрөгийн 19,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 19,990 төгрөгийг, хариуцагч Д.Цэвэлсүрэнгээс 19,990 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР