Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 38

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915004360293 дугаартай, 163/2020/0037/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрх зүйч мэргэжилтэй, хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б.О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь /яллах дүгнэлтээр/ Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зориуд устгасан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О ын өгсөн: Тухайн дуудлага ирэх үед Орхон сумын Халиун багт дуудлаганд явж байсан. Дуудлага мэдээлэл хүлээн авсаны маргааш орой нь би Булган аймгийн Цагдаагийн газар дээр ирсэн, Эрүүгийн ахлах Н аас “Д ыг хүчиндүүлсэн” гэх гомдол мэдээллийг шалгасан материалыг хүлээж авсан. Би тухайн үед яг ямар баримт байгааг хараагүй, уншиж танилцаагүй, багцаагаар 6-7 хуудас материал байсан. Тэр үед хохирогч гэртээ харьсан, холбогдогч цагдаагийн газар байсан. Би “маргааш та нар ирээрэй” гээд явуулсан. Маргааш нь хохирогч, холбогдогч нар Орхон суманд байна гэсэн. Хохирогчийг дуудахад ирэхгүй байсан тул гэрт нь очиж шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Шинжээч томилох тогтоолыг би үйлдсэн. Маргааш нь ирээгүй, “хаана байна” гэхэд “Эрдэнэтэд эмнэлгээр явж байна” гэхээр нь би эмнэлгийн гадаа нь очиж уулзсан. Тэр үед гэрч Д гоос мэдүүлэг авсан. Мөн Э гаас мэдүүлэг авсан. Тэр үед ийм зүйл болоогүй, Э  намайг татаж чангаагаад байхаар нь би гэрийн гадаа байж байгаад орж ирсэн гэсэн. Намайг шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэхэд “үзүүлэхгүй” гэсэн хүсэлт гаргаж өгсөн. Гомдол мэдээлэл хүлээж авсан бүртгэл дээр Д , Д , Э  нараас мэдүүлэг авч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал бичээд прокурорт өгсөн. 2017 оны 7 сард шинэ хууль хэрэгжээд сумын төлөөлөгч хэргийг шалгадаг болоод олон хэрэгтэй байсан, цүнхнээс Н ын өгсөн материал дотроос эмчийн бичиг, зарим мэдүүлэг байхгүй болсон байсан. Дараагийн мэдүүлэг авахад “хүчиндээгүй, тийм зүйл болоогүй” гэсэн болохоор нь татгалзах санал гаргасан нь миний буруу гэх мэдүүлэг, эрүүгийн 1915004360293 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О  нь Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2017 оны 07, 08 дугаар сард насанд хүрээгүй Б.Д г “Э.Э  нь удаа дараагийн үйлдлээр хүчиндсэн” гэх гомдол мэдээллийг анх хүлээн авч  шалгасан Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Н ын бүрдүүлсэн материал болох Б.Э , Б.Д , Д.Т , Э.Э  нараас авсан мэдүүлэг, Э.Э ын иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, Орхон сумын эрүүл мэндийн төвийн эмч Э.Б ын насанд хүрээгүй Б.Д ы биед анхны үзлэг хийж гаргасан тодорхойлолт зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зориуд устгаж, Б.Э , Б.Д , Э.Д  нараас дахин мэдүүлэг авч шинжээч томилох тогтоолыг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг нь мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтайгаар 08 дугаар сарын 23-ны өдөр прокурорт гарган өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь насанд хүрээгүй гэрч Б.Д ы өгсөн: “...Ээж маань Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тэр орой цагдаа нар ирээд намайг сумын эмнэлэг рүү авч явж үзүүлээд оройгоо ээж бид хоёрыг Булган аймгийн төвд цагдаа нар авчирсан. Булган аймагт ирснээс хойш 2-3 хоногийн дараагаар нүүр нь түлэгдчихсэн юм шиг царайтай цагдаа ах ирээд надаас мэдүүлэг авсан. Би тухайн үедээ Э.Э  ах намайг хэдэн удаа ингэж хүчиндсэн гээд бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Би мэдүүлэг өгч дууссаны дараагаар өөрийнхөө өгсөн мэдүүлгийг уншиж үзсэн чинь яг миний хэлснээр бичсэн байсан тэгээд би гарын үсгээ зурсан. Түүнээс хойш яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Эрдэнэт хотын эмнэлэгт 3 хоног хэвтээд гарсны дараагаар Булган аймгийн гэрт маань байхад анх мэдүүлэг авсан цагдаа ах ирээд ээжтэй “энэ хэргийг хааяа” гэж яриад байсан. Тэгээд тэр цагдаа ах өөрөө юм бичиж байснаа “энэ дээр гарын үсэг зур” гэж хэлээд өгөхөөр нь би 4 удаа гарын үсгээ зурсан, тэр бичсэн зүйлээ цагдаа ах надад уншуулаагүй юу бичсэн байсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх- 38-41 тал/,

гэрч Б.Э гийн өгсөн: “...дахин шалгуулахаар Булган аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан гэтэл надаас авсан мэдүүлэг, охиноос авсан мэдүүлгүүд өөрчлөгдсөн, Д.Т ын мэдүүлэг, мөн Э.Э ын хэргээ хүлээсэн мэдүүлэг, Орхон сумын эмч Э.Б ын анхны үзлэгийн тодорхойлолт зэрэг материалууд байхгүй болчихсон байсан. ...Б.О  охиноос маань анх мэдүүлэг авахад хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч гомдолтой гэж байсан. Дараа нь Б.О  дахин ирээд “гомдолгүй” гэсэн мэдүүлэг авах гээд байхаар нь “охин маань гомдолтой гэж хэлээд байхад яаж гомдолгүй гэж хэлэх юм бэ?” гэсэн чинь Б.Э  хажууд суучихсан “болдог гэсэн ш дээ ,өвгөөн чи хэлдээ” гээд Б.О  луу хандаж хэлэхэд Б.О  надад хандаж “хэргийг хааж болдог юм аа, прокурор дээр хаачихдаг юм” гэхээр нь “яаж хаадаг юм бэ? би мэдэхгүй ш дээ, чи хуулийн хүн мэдэх байлгүй дээ” гэсэн чинь “би зохицуулнаа” гээд дахин мэдүүлэг аваад надаар гарын үсэг зуруулсан. Би тэр мэдүүлгийг нь уншаагүй сая уг мэдүүлгийг уншсан чинь миний огт яриагүй зүйлүүдийг Б.О  бичсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-42-49 тал/,

гэрч Б.Н ын өгсөн: “...2017 оны сар өдрийг нь сайн санахгүй байна, Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан бөгөөд ажил дээрээ байж байхад Булган аймгийн Орхон суманд “бага насны охиныг хүчиндсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн газрын дэд дарга Гантөмөр намайг очиж шалга гэсэн үүрэг өгсний дагуу Орхон сум руу очсон ба дуудлага өгсөн айлд яваад очиход 10-17 насны 4 хүүхэд байсан. Мөн нэг эмэгтэй орон дээр уйлаад байхаар нь хүүхдүүдээс нь “энэ юун эмэгтэй бэ?” гэж асуусан чинь “хүчиндүүлдэг Б.Д  гэдэг охины ээж н.Э  гэдэг хүн байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгээд би “Э  эгчээ тайвшир” гэж хэлсэн чинь тайвшрахгүй бүр ухаан алдах гээд байхаар нь эмч дуудаад анхны тусламж үзүүлсэн. Түүнээс хойш 1 цаг орчмын дараагаар арай гайгүй болсноо, манай охиныг энэ гадаа байгаа новш Э.Э  гэж залуу хүчиндсэн байна гэсэн. ...Ингээд тэр орой нь хүчиндүүлсэн охиныг ээжтэй нь цуг сумын эрүүл мэндийн төв рүү аваачиж их эмчид нь үзүүлсэн чинь надад бичиг хийж өгсөн. Уг бичгэн дээр Б.Д гийн охин хальс урагдалтай байна. Харин та урагдал хуучин уу, шинэ урагдал уу гэдгийг аймгийн төвд үзүүлээрэй гэж хэлсэн. Би хүчиндүүлсэн охиныг ээжтэй нь цуг аймгийн төв рүү аваад ирсэн. Харин хүчиндсэн гэх Э.Э ыг сумын цагдаа болон ар гэрт нь хүлээлгэн өгөөд маргааш Булган аймгийн Цагдаагийн газарт 10 цагт ирээрэй гэж хэлээд үлдээсэн. ...Тэгээд маргааш нь Э.Э аас мэдүүлэг авахад хүчиндсэн талаараа мэдүүлэг өгч хэргээ хүлээж байсан. Мөн хүчиндүүлсэн охиноос, түүний ээж н.Э  нараас мэдүүлэг авч материалжуулаад Орхон сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.О т хүлээлгэн өгөөд “хүчиндүүлсэн охин дээр яаралтай шинжээч томилж үзүүл, энэ охиныг усанд оруулаагүй байгаа шүү. Энэ охины ээж нь бас зодуулсан гээд байгаа шүү үзүүлээрэй, мөн Э.Э  нь алга болж магадгүй шүү батлан даалтанд ар гэрт нь өгөөрэй” гэсэн үүрэг өгч байсан. ...Би Э.Э ын хэрэгт гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Д , Э , Э.Э  нарын мэдүүлэг, Б.Д г эмнэлэгт үзүүлсэн бичиг, Б.Д  .Э.Э  нарын багийн засаг даргын тодорхойлолт, төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг материалуудыг бүрдүүлэн хэсгийн төлөөлөгч дэслэгч Б.О т хүлээлгэн өгсөн. Гэтэл миний бүрдүүлэн өгсөн материалуудаас өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэлээс бусад материал нь байхгүй болчихсон байсан. ...Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Э.Э  дээрхи хэргийг шалгаад байна гэхээр нь гайхаад асуусан чинь Б.О ыг хэргээс нотлох баримтуудыг аваад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-30, 50-56 тал/,

гэрч Э.Э ын өгсөн: “...Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр 2018 оны 06 дугаар сарын сүүлээр томилогдсон, ажлаа аваад удаагүй байхад Э.Э  насанд хүрээгүй Б.Д г хүчиндсэн гэх урьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Булган аймгийн Прокурорын газраас ирүүлсэн. ...Орхон сумын хэсгийн төлөөлөгчийн ажлыг хүлээн авахад урьд ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч Б.О  нь Э.Э т холбогдох хэргийн материалтай холбоотой эмчийн үзлэг болон хүнээс авсан мэдүүлэг гэж өгч байгаагүй, одоо л таниас сонсож байна...” гэх мэдүүлэг /1хх-61-62 тал/,

гэрч Б.Э ын өгсөн: “...Булган аймгийн Орхон суманд Б.Э гийн төрсөн дүү Б.Б  нь модны рам ажиллуулдаг юм. Тэр раман дээр нь 2016 оны 6 дугаар сард ирчихсэн байсан юм тэр үед нь би Б.Э тай танилцсан. Түүнээс хойш хамтран амьдрах болсон. ...Хэзээ хаана хэдэн удаа хүчиндсэн талаар би сайн мэдэхгүй байна, сүүлд нь хамтран амьдарч байсан Б.Э  надад хэлэхдээ “танай хүү Э.Э  чинь манай охин Б.Д г хүчиндчихлээ” гэж хэлж байсан. Аймгийн төвөөс цагдаа нар ирээд шалгаж байсан. ...Энэ хэргийг манай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.О  шалгаж байсан. ...Энэ хэргийг хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Б.О шалгаад “хүчингийн гэмт хэрэг үйлдэгдээгүй, тийм юм болоогүй андуурагдсан байна” гээд прокурорт санал бичиж хааж шийдвэрлэсэн. Миний зүгээс хэргийг хаалгахдаа хэсгийн төлөөлөгч Б.О т мөнгө төгрөг, шан харамж өгөөгүй...” гэх мэдүүлэг/1хх-64-65 тал/,

гэрч Д.Т ын өгсөн: “...Э.Э ыг тэр оройгоо сумын Цагдаагийн байранд цагдаа нарын хамгаалалтанд авч хоносон. Би маргааш нь Орхон сумын цагдаагийн хэсгээс дүү Э.Э ыг аваад Булган аймгийн цагдаагийн газарт н.Н  дээр аваад очсон чинь н.Н  надаас мэдүүлэг авсан. Би мэдүүлгээ өгчихөөд дүү Э.Э тай цуг Цагдаагийн газрын үүдэнд хамт сууж байдаг байсан. ...н.Н  надаас мэдүүлэг авахдаа Цагдаагийн газрын 2 дугаар давхарт байх өөрийнхөө өрөөнд мэдүүлэг авсан. Би энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад нэг л удаа мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-70-71 тал/,

гэрч Э.Б ын өгсөн: “...миний санаж байгаагаар 2017 оны 7 дугаар сард манай эрэгтэй эмч В  хүчингийн хэрэг гарчихаад байна, чи ирээд охиныг үзээдэх, би өөрөө ээжийг нь үзээдэхье гээд шөнө намайг дуудсан юм. Би эмнэлэг дээр ирээд байж байтал цагдаагийн машинтай Д  нь ээж болон өөрийнх нь насны үеэл нь гэсэн охины хамт ирцгээсэн. Би Б.Д  охины биед үзлэг хийхэд биеийн байдал хэвийн, зовиур шаналал байхгүй, ухаан санаа эрүүл, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, арьс салст нь цэвэр буюу хөхрөлт няцралт байгаагүй. ...Би тэр үед бичгийн цаасан дээр асуумж болон үзлэгийг тодорхой бичиж өгөөд авчирсан цагдаад нь өгөөд явуулсан. ...Би ерөнхий байдлыг нь бичгийн цаасан дээр бичиж тодорхойлолт хийж өгсөн. Ингэхдээ нэг л хувь бичээд цагдаад нь өгсөн...” гэх мэдүүлэг/1хх-76-77 тал/,

Гэрч Г.М ын өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2019033000014 дугаартай албаны шалгалтыг явуулсан бөгөөд албаны шалгалтаар хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.О  нь хэрэг бүртгэлтийн 181500155 дугаартай хэргийн нотлох баримт болох Э.Б  эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, иргэн Б.Э , Б.Д , Э.Т , Э.Э , Э.Д  нарын мэдүүлэг зэргийг алга болгосон болох нь тогтоогдсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэж устгасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзээд холбогдох газарт нь шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /1хх-79-80 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дугаартай дүгнэлт /хх1-82-98 тал/,

Иргэн Б.Э гаас 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “Булган аймгийн Орхон сум, Б.Д г Э.Э  хүчиндсэн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг бүртгэсэн гомдол мэдээллийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх1-116-118 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг иргэн Б.Э гаас 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1-17 тал/,

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал болон хавсарган ирүүлсэн иатериалууд /хх1-19-25 тал/,

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол /хх1-26 тал/,

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол /хх1-18 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “..дуудлага мэдээлэл хүлээн авсаны маргааш орой нь би Булган аймгийн Цагдаагийн газар дээр ирсэн, Эрүүгийн ахлах Н аас “Д ыг хүчиндүүлсэн” гэх гомдол мэдээллийг шалгасан материалыг хүлээж авсан. Би тухайн үед яг ямар баримт байгааг хараагүй, уншиж танилцаагүй, багцаагаар 6-7 хуудас материал байсан, ...цүнхнээс Н ын өгсөн материал дотроос эмчийн бичиг, зарим мэдүүлэг байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Аливаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилтын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахиж ажиллах үүрэгтэй байтал гомдол мэдээллийг анх хүлээн авч шалгасан материалаас Б.Э , Б.Д , Д.Т , Э.Э  нараас авсан мэдүүлэг, Э.Э ын иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, Орхон сумын эрүүл мэндийн төвийн эмч Э.Б ын насанд хүрээгүй Б.Д ы биед анхны үзлэг хийж гаргасан тодорхойлолт зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зориуд устгаж, Б.Э , Б.Д , Э.Д  нарын мэдүүлэг, шинжээч томилох тогтоолыг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг нь мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, тусгай субъекттэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.О ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан төрийн албан хаагчийн анкет /2хх-96 тал/, шүүгдэгч Б.О ын албан тушаалын болон ажил байдлын тодорхойлолт /хх1-179-181, хх2-105-107 тал/, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт /хх1-98-104 тал/, ял шийтгүүлж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх1-183 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх1-177 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О ын хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, шүүгдэгч Б.О ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Отгобаярт оршин суугаа газар болон ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.О т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД