Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1207

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт ...ийн ...д холбогдох 1908048791679 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхэд, зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 С.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Архи уусан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Д....г зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Хохирогч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09-р сарын 06-наас 2019 оны 09-р сарын 07-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд дүүргийн автобусны буудал дээр байрлах мах дайвар бүтээгдэхүүн худалдан борлуулдаг төмөр чингэлэгт зодож хоносон юм. Намайг чингэлэгээс гаргахгүй гар утсыг маань эвдэлж хаяаад намайг зодоод байсан тул төрсөн хүү болох М....үү залгаж мэдэгдэн цагдаагийн байгууллагад хандуулсан юм. Намайг хардаж үснээс зулгааж чирж баруун зүүн гараараа ээлжлэн биеийн бүх хэсэгт зодож цохисон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй нөхөр бид 2 сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 24-34 х/,

2.Шүүгдэгч С....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо дүүргийн автобусны буудал дээр байрлах дайвар бүтээгдэхүүн худалдан борлуулдаг төмөр чингэлэг буюу байшинд эхнэр ...гийн хамт ерөөл нэртэй 2 ширхэг 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд ухаанаа алдтал тасарсан байсан учир тэр үед юу болсныг сайн санахгүй байна. Өглөө босоход эхнэр ... чи намайг өчигдөр орой зодсон гээд надтай хэрүүл хийгээд байсан. Юунаас болж хэрүүл хийгээд байсныг би ойлгоогүй. Тэгсэн 2 цагдаа ирээд намайг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 78 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Шинжээчийн 10890 тоот дүгнэлт

            1.Д....гийн биед тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 36 х/,

4.Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон баримт /хх 51 х/

5.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “дунд” гэх дүгнэлт /хх 19-22 х/

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53 х/

7.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 54 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55 х/

9.Эвлэрлийн баталгаа /хх 86 х/ зэрэг болно

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч С.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Д....г бусадтай хардан маргаан үүсгэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

                  Хохирогч Д....гийн “...Намайг хардаж үснээс зулгааж чирж баруун зүүн гараараа ээлжлэн биеийн бүх хэсэгт зодож цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 24-34 х/,

Шүүгдэгч С....ийн “... ухаанаа алдтал тасарсан байсан учир тэр үед юу болсныг сайн санахгүй байна. Өглөө босоход эхнэр ... чи намайг өчигдөр орой зодсон гээд надтай хэрүүл хийгээд байсан. ... Тэгсэн 2 цагдаа ирээд намайг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 78 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээчийн 10890 тоот дүгнэлт

            1.Д....гийн биед тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт /хх 36 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

С.... нь Д....гийн биед тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч С.... хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул  уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            С....ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.

Шүүгдэгч С...., хохирогч Д.... нар гэр бүлийн баталгаагүй /хх 50 х/ хэдий ч нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 24-34, 77 х/-ээр тогтоогдсон тул Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

  Дээр дурьдсан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” хэмээх нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан тайлбарыг баримталсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүгдэгч С.... нь хохирогч Д....гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Д.Байгалсүрэн эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь эвлэрлийн гэрээ /хх 86 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Улсын яллагч: С....д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ялын доод хэмжээгээр торгож өгнө үү? гэсэн.

С....ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзсэн болно.

           Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Тайж овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С....ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан С....д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С....д мэдэгдсүгэй.

  5.С....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ