Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 6721

 

                                    МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 1-1 тоотод байрлах "Монмасло" ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011107146, регистрийн дугаар 2709155/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Да хүрээ гудамж-59/13 тоотод байрлах "Сумангүн трейд" ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011018099, регистрийн дугаар 2762617/-д холбогдох,

"Худалдааны хамтран ажиллах гэрээ"-ний үүрэгт нийт 113,325,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Монмасло" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: "Монмасло" ХХК нь "Сумангүн трейд" ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №14/112 дугаартай "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-г байгуулж, уг гэрээний дагуу зээлээр хүнсний бүтээгдэхүүн болох майноез, масло, тос зэргийг зээлээр худалдсан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Монмасло" ХХК болон "Сумангүн трейд" ХХК-ийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэж, "Сумангүн трейд" ХХК нь 75,550,000 төгрөгийн өртэй гарсан. "Сумангүн трейд" ХХК нь  "Монмасло" ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №14/112 дугаартай "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-ний 5.4-т заасан "Төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд борлуулагч тал нь барааны үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно" гэсний дагуу 37,775,000 төгрөгийг, нийт 113,325,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд "Сумангүн трейд" ХХК-аас "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-нээс учирсан хохирол 113,325,000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэв.

Хариуцагч "Сумангүн трейд" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр  шүүхэд гаргасан тайлбартаа: "Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг буюу барааны үндсэн үнэ болох 75,550,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа үүгээр урьдчилан мэдэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч талтай уулзалт зохион байгуулах, хоорондын тооцоог хэрхэн барагдуулах талаар хариуцагчийн зүгээс санал, санаачлага гарган ажиллах бөгөөд нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж, талууд тохиролцоонд хүрч чадвал маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна" гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  "Монмасло" ХХК нь "Сумангүн трейд" ХХК-д холбогдуулан “Худалдааны хамтран ажиллах гэрээ"-ний дагуу худалдсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 75,550,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 37,775,000 төгрөг, нийт 113,325,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч "Сумангүн трейд" ХХК нь алданги төлөхийг эс зөвшөөрч, төлбөрийн үлдэгдэл 75,550,000 төгрөгийг л төлөх үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

"Монмасло" ХХК нь "Сумангүн трейд" ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №14/112 дугаартай "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-г байгуулж, уг гэрээний дагуу "Монмасло" ХХК нь зээлээр хүнсний бүтээгдэхүүн болох майноез, масло, тос зэргийг "Сумангүн трейд" ХХК-д зээлээр нийлүүлэх, "Сумангүн трейд" ХХК нь авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. Гэрээний хүчинтэй хугацаа нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар талууд тохиролцжээ. /хэргийн 9-11 дэх тал/ Энэ талаар талууд маргаагүй.

Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ байна.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Монмасло" ХХК болон "Сумангүн трейд" ХХК-ийн нягтлан бодогч нар гэрээний дагуу тооцоо нийлж, "Сумангүн трейд" ХХК-ийн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 75,550,000 төгрөг байгааг баталгаажуулж "Тооцоо нийлсэн акт" үйлдсэн байна. /хэргийн 12 дахь тал/ Энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт "Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгч "Монмасло" ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагч "Сумангүн трейд" ХХК-аас шаардах эрхтэй.

Хариуцагч "Сумангүн трейд" ХХК нь гэрээнд заасны дагуу авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэгтэй байсан боловч төлбөрийн үлдэгдэл 75,550,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

Хариуцагч "Сумангүн трейд" ХХК нь "Тооцоо нийлсэн акт"-ын дагуу авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 75,550,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин гэрээнд заасны дагуу алданги 37,775,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан боловч ямар үндэслэлээр төлөхгүй гэж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

"Монмасло" ХХК болон "Сумангүн трейд" ХХК 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №14/112 дугаартай "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-ний 5.4-т "Төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд борлуулагч тал нь барааны үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно" гэж заасны дагуу нэхэмжлэгч "Монмасло" ХХК нь алданги 37,775,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байх ба төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд  хугацаа хэтрүүлсэн тал нь барааны үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тооцоо нийлсэн акт"-аар  "Сумангүн трейд" ХХК-ийн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 75,550,000 төгрөг байна. /хэргийн 12 дахь тал/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1-т заасан хугацаанд "Сумангүн трейд" ХХК төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд барааны үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг "Монмасло" ХХК-д  төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч "Монмасло" ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааг тоолж үзэхэд 182 хоног болсон боловч алдангийг тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 37,775,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд хариуцагч "Сумангүн трейд" ХХК-аас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №14/112 дугаартай "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-ний үүрэгт 75,550,000 төгрөг, алданги 37,775,000 төгрөг, нийт 113,325,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ хэргийн хариуцагч "Сумангүн трейд" ХХК-ийн захирал Б.Бурмаа  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж оролцсон бөгөөд хариуцагч Б.Бурмаа  нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч  хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:                                                                                               

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч "Сумангүн трейд" ХХК-аас 113,325,000  /нэг зуун арван гурван сая гурван зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Монмасло" ХХК-д  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 724,600 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 25 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч "Монмасло" ХХК-д буцаан олгож, хариуцагч "Сумангүн трейд" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 724,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Монмасло" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР