Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 474

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 16                             Дугаар 474                                        Баруун-Урт

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, бага дөрвөлжийн 4-13 тоотод оршин суух Ж.Бат-Эрдэнэд холбогдох амьтны аймагт учруулсан нөхөн төлбөр 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ариунболд нь Жагдар овогтой Бат-Эрдэнийг гарал үүслийн тодорхойлолт эрхийн бичиггүй 2 ширхэг цагаан зээр агнаж, амьтны аймагт хохирол учруулсан зөрчилд нь амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар  нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 ширхэг ооныг 500000 төгрөгөөр тооцож 2 дахин нугалж төлүүлэхээр төлбөр ногдуулжээ. Зөрчил гаргагч Ж.Бат-Эрдэнэ нь амьтны аймагт учруулсан 2 зээрийн нөхөн төлбөр 2000000 /хоёр сая/ төгрөгийг барагдуулаагүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. 2015 оны 10-р сард Сүхбаатар сумын нутаг “Арын нуур” гэх газраас цагаан зээр зөвшөөрөлгүй агнасан. Амьтны аймагт учруулсан цагаан зээрийн нөхөн төлбөр 2000000 /хоёр сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөр 2000000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагч Ж.Бат-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Бат-Эрдэнэ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 2000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгний тал хувь 23475 төгрөгийг хариуцагч Ц.Цогтсэргэлэнгээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөр 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Бат-Эрдэнэ төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 2000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгний тал хувь 23475 төгрөгийг хариуцагч Ж.Бат-Эрдэнээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА