Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00805

 

С.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02329 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дүгээр магадлалтай,

С.Аийн нэхэмжлэлтэй

ЭХҮҮТП ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговорт 3 463 965 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиунаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк ОНӨААТҮГ-т эдийн засагч албан тушаалд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эдийн засагчаар ажилласан. Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. Улмаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын маркетингийн менежер албан тушаалд ажилд эгүүлэн орсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх цалин хөлс, олговорыг гаргуулах хүсэлт гаргасан боловч ЭХҮҮТП ОНӨААТҮГ-ын захирал олгох боломжгүй, гэдгийг илэрхийлсэн. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд цалин хөлс олговорт ажлын 81 хоногийн цалин болох 3 463 965 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Аийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 103 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрт тусгагдсан үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эдийн засагчийн ажлын байр нь байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт орж цомхтгогдсон тул С.Ат маркетингийн мэргэжилтэн эсхүл барилгын инженер албан тушаалд ажиллах саналыг хүргүүлэн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний төсөлтэй танилцан өөрийн саналаа өгөхийг хүссэн. Шүүхийн тогтоол гарснаас хойш С.Аийг маркетингийн мэргэжилтнээр ажилд орох саналыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш удаа дараа тавьж, байгууллагадаа эргэн орж ажиллах хүсэлтэй байгаа эсэх талаар байнга асуусан боловч тэрээр өөрөө ирж уулзахгүй төлөөлөгчөөр дамжуулан албан бичгээр та нартай харилцана хэмээн байгууллагын тавьсан саналыг үл ойшоон байгууллагын үйл ажиллагааг тасалдуулж, төрийн албан хаагчид баймааргүй ёс зүй гаргаж дураар авирлан тодорхой хариу өгөлгүй, элдэв шаардлага тавьж, шалтаг тоочин алга болж санаатайгаар хугацаа хойшлуулсаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд орохыг зөвшөөрч ажилд томилогдсон тул ажиллаагүй хугацааны цалин хөлсийг байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй болно. Мөн С.А нь ажилгүй байх хугацаандаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмжийг авч байсан байна. Иймд С.Аийн нэхэмжлэлд дурьдсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул С.Аийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг түүний үндсэн цалин 750 000 төгрөгөөр тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг зөвшөөрч байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02329 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЭХҮҮТП ОНӨТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 3 463 965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Аийн үндсэн цалин 750 000 төгрөгөөс тооцон, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч ЭХҮҮТП ОНӨТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 70 400 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭХҮҮТП ОНӨААТҮГ-аас 3 463 965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ат олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЭХҮҮТП ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай” гэж, 3 дахь заалтын ...олгосугай” гэснийг “...олгож, хариуцагч ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 373 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 70 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиунаа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн: Магадлалаар шийдвэрийг хариуцагч байгууллага 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилоогүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь буруу байна. Хариуцагч байгууллагын зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 тоот шийдвэр гармагц нэхэмжлэгчийг ажилдаа эргүүлэн орж ажиллахыг мэдэгдэж, гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг хүргүүлэн, тушаалыг гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахаар огт үндэслэлгүй шаардлага тавьж, ажилдаа эргэж орохоос татгалзаж байсан ба шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд нэхэмжлэгч санаатайгаар саад учруулж байсан. Тухайлбал урьд эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалин нь 750 000 төгрөг байхад ажилд эргүүлэн тогтоосон 2017 оны 182/ШШ2017/00823 тоот шүүгчийн захирамжид заасан дундаж цалин хөлс болох 898 000 төгрөгөөр цалинжих шаардлагыг ажилдаа орох хүртлээ тулган шаардаж байсан. Ажилд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь хариуцагч байгууллагын үүрэг мөн боловч шийдвэрийн биелэлт нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шууд хамаарч байгаа ба ажилтан ажиллахаас, гэрээ байгуулахаас, ажлын байранд ирэхээс татгалзаж байгаа тохиолдолд ажил олгогч түүнийг албадан ажиллуулах боломжгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэнийг ч...албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “2017 оны 04 дүгээр сараас 8 сар хүртэл аавыгаа асарч байсан” гэсэн тайлбараас С.А нь хувийн шалтгаанаар ажилдаа орох боломжгүй байсан нь нотлогдож байгаа ба үндэслэлгүй шаардлага тавьж санаатайгаар ажилдаа орох хугацааг хойшлуулж байсан байна. Тиймээс хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зөрчил үргэлжилж байсан гэж дүгнэх нь буруу бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэхгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны 182/ШШ2017/00823 тоот шүүхийн шийдвэрийн зөвхөн 1 625 084 төгрөгийг гаргуулах шаардлагыг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлт, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн баримтаас үүнийг харж болно. Гэтэл шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэсэн баримтын агуулгыг анхаарч үзэлгүй шүүхийн шийдвэрийг бүхэлд нь албадан гүйцэтгэсэн буюу ажилд нь эргүүлэн тогтоох шаардлагыг мөн адил албадан гүйцэтгэсэн мэтээр тайлбарласан нь нотлох баримтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. 2. Иргэний хуулийн 78 дах зүйлийн 78.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т "Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд” хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор заасан. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах гэдэгт талууд хоорондоо тохиролцож зөвшөөрсөн, үүрэг гүйцэтгэгч ямарваа нэг шалтгаанаар үүрэг гүйцэтгэхээс татгалзсан ба түүнийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэрээр түр зогсох боломжтой. Гэтэл талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах үйлдэл хийгдээгүй, уг нөхцөл огт байхгүй байтал эрхийн зөрчил үргэлжилж байгаа гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж дүгнэсэн нь буруу байна. Нөгөөтэйгүүр 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зөрчил хэвээр үргэлжилж байгаа нөхцөл гэж дүгнэж байгаа бол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 “шаардах эрх үүссэн үеэс”, 76.2 “...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан... үеэс үүснэ” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой ба энэ нь Иргэний хуулийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ойлголт юм. Иймээс 79.2-т зааснаар “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” хүртэл буюу нэхэмжлэгч 2017 оны 182/ШШ2017/00823 тоот шүүхийн шийдвэрийг гардан авч, давж заалдах хугацаа дуусгавар болсон 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тасалдал үргэлжилж, уг хугацаанаас иргэний хуулийн 79.7 заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасан гомдол гаргах 3 сарын хугацаа дуусч байгаа ба Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тухай иргэний хуулийн 78.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02329 дугаартай шийдвэрт “хариуцагчаас 3 463 965 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ат олгуулах”-аар өөрчлөлт оруулсныг хүчингүй болгож хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч ЭХҮҮТП ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 3 463 965 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэгчид ажил санал болгосон боловч нэхэмжлэгч хариу өгөхгүй өөрөө хугацааг хэтрүүлсэн тул олговрыг төлөхгүй, харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх шаардлагыг зөвшөөрнө...” гэж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 дугаар шийдвэрээр С.Аийг үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ЭХҮҮТП ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны олговорт 1 625 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б/22 тоот тушаалаар С.Аийг маркетингийн менежерийн албан тушаалд томилсон байна. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелэгдсэн гэж үзсэн ба харин ажилгүй байсан хугацааны олговрыг шаарджээ.

Ажлаас халсан ажил олгогчийн тушаал хууль бус байсан тул ажилтныг ажлаас нь чөлөөлсөн үеэс ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацааны олговрыг шаардах эрхтэй, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй талаар давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын 2017 оны 103, 148, 153, 158, 174, 190 тоот албан бичгүүд, тэдгээрт нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, хүсэлт, талуудын хооронд уулзалт хийсэн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 125/22 тоот тогтоол, ажилтныг ажилд авсан ажил олгогчийн тушаал зэрэг баримтад тулгуурлаж шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Хууль бус тушаалын улмаас хохирсон ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээхдээ ажилд нь эгүүлэн тогтоохоос гадна цалин хөлсийг бүрэн олгох үр дагаварыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан тул 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, хариуцагч ЭХҮҮТП ОНӨААТҮГ-аас 3 463 965 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан нь хуульд нийцсэн учир магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 29-ний өдрийн 329 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА