Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ДШМ/051

 

Б.Б, С.Э, Т.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч *******

Яллагдагч С.Эын өмгөөлөгч *******,

Яллагдагч Т.Гн өмгөөлөгч *******

Яллагдагч Б.Б, С.Э, Т.Г

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 417 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн 23 дугаар эсэргүүцлээр Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох эрүүгийн 201705000144 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бийн Б, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Сын Э, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Тгийн Г, , яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Б.Б, С.Э, Т.Г нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутагт иргэн В.Цтой маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Б, С.Э, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Б.Б, С.Э, Т.Г нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй байхад хэргийг шууд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-ээс 17.5 дугаар зүйлүүдэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байх бөгөөд Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэрэгт уг хуулийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар   эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал хэрхэн яаж шийдвэрлэх талаар заасан бөгөөд энэ хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доогуур хорих ял оногдуулж болох хэрэгт холбогдсон яллагдагчаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан заалт гэж ойлгогдож байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан хэргүүдэд яллагдагчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт заасан хэрэгт хамаарагдаж байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулах нөхцөл журам, хуралдаанаар хянан шийдвэрлэх асуудал, гаргах шийдвэрийг зааж өгсөн байхад дээрх заалт, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь заалтуудыг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа шүүх хуралдаан явуулсан.

Шүүхээс Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хурал нь урьдчилсан хэлэлцүүлгийн хурал, эцэслэн шийдвэрлэх хурал эсэхийн аль болохыг мэдэгдээгүй. Шүүх хуралдааныг эхлүүлэхдээ урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан гэж танилцуулаагүй, хуралдааны процесс нь ердийн шүүх хуралдааны дарааллаар явагдаж прокурорын саналыг сонсоод завсарласан атлаа хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Урьдчилсан хэлэлцүүлэг гэж ойлгохоор байх боловч шүүгдэгч Б.Б, С.Э, Т.Г нарт гэж шүүгчийн захирамжид дурьдаж байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч С.Эын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч Т.Гн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Улсын яллагч нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам” буюу хуулийн 17 дугаар бүлэгийг зөрчсөн, улмаар уг бүлгийг зөрчиж шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны тов тогтоож шүүх хуралдаан зарлаагүй атлаа шүүх хуралдаан хийсэн мэтээр шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр нь эргэлзээтэй байдал үүсгэсэн гэсэн үндсэн гурван санаа агуулсан эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 417 дугаар захирамж үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх хоёр тусдаа ойлголтыг хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулагдсан байна.

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас үзвэл хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй бөгөөд тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад зарим төрлийн хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч /жишээлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хууль тогтоогчоос арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон бөгөөд энэ төрлийн ялтай гэмт хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж болохоор хуульчилсан/ хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргах, прокурор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах, хэрэв прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг дагуу 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах, прокурор мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихаар хуульчлан тогтоожээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан ердийн журмаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаас гадна, шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэргийг хянан үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар зохицуулагдсан байна. 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг хуульчилсан бөгөөд уг зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 12.4 /Бэлгийн дарамт учруулах/, 13.6 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 13.10 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 /Хувь хүний нууцыг задруулах/, 15.2 /Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хулгайлах/, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Дээрэмдэх/, 17.5 /Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтныг заналхийлэх/, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 27.11 /Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/ дүгээр зүйлүүдэд тус тус заасан гэмт хэргүүдийн зарим төрлийн гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зохицуулагдсан бол хорих ял оногдуулж болох зарим төрлийн гэмт хэргийнх нь хорих ялын дээд хэмжээ 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан, эдгээр гэмт хэргийн аль нэгийг үйлдсэн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичин, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулсан байх, шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор тухайн зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр буюу цагаатгах эсхүл шийтгэх тогтоол гаргахаар заасан байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн дээр дурдсан хоёр өөр төрлийн зохицуулалт зэргээс үзвэл хууль тогтоогчоос 2002 онд батлагдан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөн үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэн, шаардлагатай өөрчлөлтийг цар хүрээнд тохируулан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо, журмыг боловсронгуй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосон нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

Б.Б, С.Э, Т.Г нарын холбогдсон Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богиносгосон хугацаагаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн дээрх хоёр өөр зохицуулалтыг буруу ойлгон тайлбарлаж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдэд заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдулсан буюу “...яллагдагч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй...”, “... энэ талаар прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй...”, “... яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг танилцуулаагүй...”, “... ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрөөгүй...” гэх зэрэг яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцаасан нь хууль бус болжээ.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг энэ талаарх буюу 1 дэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цаг 30 минутад шүүх хуралдааны хийхээр товлосон /шүүгчийн захирамж хх-ийн 2-р хавтас 13-р тал/ байх тул улсын яллагчийн эсэргүүцэлд дурдагдсан Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрын алийг нь ч хийгээгүй мөртлөө шүүгчийн захирамжид шүүх хуралдаан хийсэн мэтээр бичиж хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн зэрэг нь үндэслэлгүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн 3, 4 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Түүнчлэн улсын яллагчийн эсэргүүцэлд анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэнээс хойш 7 хоногийн дараа шүүх хуралдаан хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн талаар дурдагдсан байгаа хэдий ч Т.Г нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 394 тоот захирамжаар түдгэлзүүлэн, уг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаар захирамжаар сэргээн явуулсаныг буруутгах боломжгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаар дурдсан улсын яллагчийн эсэргүүцлийн 2 дахь хэсэгч үндэслэлгүй байх  тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дүгээр зүйлд “...энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж хуульчилсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33 дахь заалтад “шүүхийн шийдвэр” гэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ...” хэмээн заажээ.

Гэтэл Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж “удиртгал, үндэслэх, тогтоох” гэсэн 3 хэсгээс бүрдсэн байгаа нь дээр дурдсан хуулийн заалтуудыг хангаагүй, уг шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт Т.Ггийн төрсөн огноог буруу бичсэн байгаа зэргийг дурдаж, цаашид шүүхээс шүүх хуралдааны тов тогтоохтой зэрэгцэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэйг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 417 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б, С.Э, Т.Г нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч, 2, 3, 4 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  М.МӨНХДАВАА    

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

         Н.ЭНХМАА