Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0268

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Оийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М, П.Ө, Н.Э, хариуцагч Д.Э, Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.У нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэртэй, Н.Оийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар шийдвэрээр: “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн 8 дугаар хэсгийн хорооны 10 дугаар тойргийн санал хураалтыг хүчингүй тооцож, санал хураалтыг дахин явуулахыг даалгах, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 11 дүгээр “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх” тухайн тогтоолын А.Б, А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгуулийн дүнг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.О тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Нэг. Тус тойрог дээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилсэн саналын хайрцгаар 18 сонгогч саналаа өгсөн байх бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өглөө битүүмжилсэн саналын хайрцгаас 18 сонгогчийн санал гарч, уншигдсан, гэтэл санал хураалт дууссаны дараа хянах дэлгэц дээр 19 болж мэдээлэгдсэн. Үүнийг тодруулахад нэг хүн нь өөрөө ирж саналаа өгсөн гэж хариуцагч тал тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 1 хүн нь өөрөө ирж өгөөгүй юм байна. Өөрөө ирж санал өгсөн гэх Ц-ийн гарын үсэг нэрсийн жагсаалтад байхгүй тул бид 1 хүний саналыг илүү мэдээлсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарласан. Өөрөө ирж санал өгөөгүй нь шүүх хурлын үед хийгдсэн үзлэгээр нотлох баримтаар нотлогдсон. Үүнийг анхан шатны шүүхээс хууль зөрчсөн талаар дүгнэсэн боловч санал хураалтын дүнд ноцтой нөлөөлөхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбарууд харилцан эрс зөрүүтэй байсан бөгөөд тэдгээрийн тайлбар бодит байдалтай нийцээгүй юм.

Хэсгийн хороо тоон мэдээллүүдийн зөрүүтэй байдлаа хүчингүй болсон саналын хуудастай холбон тайлбарлаж байгаа бөгөөд Сонгуулийн хэсгийн хорооны тухайн өдрийн бүрэн тэмдэглэлийг хянаж үзэхэд хариуцагч нарын тайлбарласан 79 саналын хуудас хүчингүй болсон гэх нь тогтоогдоогүй, харин энэ тэмдэглэлд 70 сонгогч саналын хуудсаа хүчингүй болгож, 4 сонгогч дахин саналын хуудсаа хүчингүй болгож, нийт 74 саналын хуудас хүчингүй болсон талаар тэмдэглэгдсэн байна. Энэ бол хөдөлшгүй нотлох баримт мөн бөгөөд 79 саналын хуудас хүчингүй болсон гэх сонгуулийн хорооныхны тайлбар худлаа, сонгуулийн хэсгийн хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг үүгээр гэрчилнэ. Хариуцагчийн яриад байгаа 79 хүчингүй саналын хуудаснаас нотлох баримт дээрх 74 хүчингүй саналын хуудсыг хасахад 5 хүчингүй саналын хуудасны зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй сонгуулийн хэсгийн хорооны гишүүд саналын хуудас нэмж хүчингүй болгосон байх магадлалтай байгаа юм.

Дээрх тохиолдолд саналын хуудас хүчингүй болсон үйл баримтыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоолын дагуу “Саналын хуудас хураан авч дахин нэг удаа саналын хуудас олгосон тухай тэмдэглэл” үйлдэж баталгаажуулах журамтай. Хэсгийн хороо энэ журмыг хэрэгжүүлээгүй нь хуульд нийцүүлэн гаргасан журам зөрчсөн хариуцлагагүй ажиллагаа бөгөөд саналын хуудсыг ямар хүн хэдэн удаа хүчингүй болгосон гэдгийг хянах боломжгүй болгожээ.

Саналын хуудсаа хүчингүй болгосон сонгогч нар дээр нэг бүрчлэн хөтлөх ёстой дээрх тэмдэглэлийг хөтлөөгүй орхигдуулсан нь өөрсдийн булхайтай үйлдлээ хаацайлах гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байна./Жич: Үзлэгээр хүчингүй болсон 79 саналын хуудасны 48 нь надад саналаа өгсөн байсан/

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан хойшилж сонгогчдын нэрсийн жагсаалтад үзлэг хийсэн бөгөөд эхний үзлэгээр 1207 хүн гарын үсэг зурж саналын хуудас авсан байх бөгөөд тус гарын үсэг дотор зөөврийн хайрцгаар санал өгсөн 18 хүний гарын үсэг авагдаагүй гэж сонгуулийн хорооныхон тайлбарласан. Энэ нь тоон мэдээлэл дахин зөрүүтэй байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, биеэр ирж гарын үсэг зурж саналаа өгсөн 1207 хүний санал дээр зөөврийн хайрцгийн 18 хүний саналыг нэмбэл хар хайрцгаас 1225 хүний санал гарч ирэх ёстой байтал санал хураалт дуусахад 1207 ширхэг саналын хуудас хар машинаас гарч ирсэн нь мөн л тоон мэдээллийн зөрүүг дахин нотолсон болно.

Түүнчлэн, шүүх хуралдааны шатанд гарын үсэгт дахин үзлэг хийхэд нэг хүн 2 гарын үсэг зурсан тохиолдол байсан бөгөөд тухайн байдал нь хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс түүний асран хамгаалагч зурсан байсныг тухайн багийн эмчийн хувьд миний бие хэлсэн. Харин энэ асуудал дээр сонгуулийн хэсгийн хороо итгэмжлэл авсан эсэхийг шалгахад аваагүй байгаа нь мөн хуулийн 64 дүгээр 64.11, 65  дугаар зүйлийн 65.9-д “... Эрүүл мэндийн байдал хөгжлийн бэрхшээл болон боловсролын төвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатайгаар саналаа өгч болно...” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Цаашилбал, шүүх хуралдааны шатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр давхардан гарын үсэг зурсан иргэдийн тоог хасч үзвэл 1192 хүн байх бөгөөд үүн дээр зөөврийн хайрцгийн 18 хүний тоог нэмбэл 1240 хүний санал хар хайрцгаас гарч ирэх ёстой байтал 1207 хүн гарч ирсэн нь мөн л 3 санал илүү байгаа нь харагддаг. /үүнээс үүдэлтэй саналын хуудасны тоо зөрүүтэй тоологдоно/ Мөн шүүх хуралдааны үед шүүгч хариуцагч болон нэхэмжлэгч талаас аль тоог нь хүлээн зөвшөөрөх талаар асуухад хариуцагч тал 1212 хүлээн зөвшөөрнө гэсэн. Үүнийг Н.О би мөн зөвшөөрч 1212 хүн санал авах байранд ирж саналаа өгсөн, дээр нь  хайрцгаар 18 өгснийг нэмээд 1230 хүн санал өгсөн гэж тооцоолоод нийт 1230 саналын хуудас хариуцагч хайрцгаас гарах ёстой. Гэтэл 1207 саналын хуудас гарсан. Зөрүү нь 23 хүн бөгөөд үүнээс сонгуулийн хорооныхны тайлбарлаад байгаа 2 дахь удаагаа саналын хуудсаа хүчингүй болгосон 5 хүнийг хасахад 18 хүний зөрүү дахин гарна.

Энэ бүхнийг би шүүх хуралдааны үеэр зөөврийн самбар дээр 5 саналын хуудас болон 5 хүн дээр хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн бүх тоон дээр тайлбарлан бичиж 5 хүний зөрүүг батлахад хариуцагч тал энэ зөрүүг хүлээн зөвшөөрөөгүй ч яагаад 5 саналын зөрүү гараад байгааг нотлох баримтаар тайлбарлаж чадаагүй. Эвсэл хүний тоо болгоод эвсэл саналын хуудасны тоо болгон хуурамчаар мэдэн будилан шүүгчийг төөрөгдүүлснээс миний эсрэг шийдвэр гаргахад хүргэсэн гэж би үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч санал өгөх эрхтэй атал шүүхээс түүнийг өөрсдөөс нь тодруулалгүй хасч тооцон саналын дүнд нөлөөлөхгүй хэмээн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болоогүй, хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Учир нь хасч тооцоод байгаа саналууд хэн гэгч нэр дэвшигчид санал өгсөн нь тодорхойгүй тул сонгуулийн дүнд нөлөөлж болохуйц үйл баримт юм. Үүнийг шүүгч шүүх хурал дээр дур мэдэн өөрөө 2 хүний гарын үсгийг 1 хүнээр тооцон хасч 1207 хүний гарын үсгийн 1192 болгон тооцож 5 хүний тоонд хүрэхгүй байна гэдэг байдлаар шийдвэрээ гаргасан би гомдолтой байна. Энэ талаар миний ярьсан яриа шүүх хурлын үеийн дектфонд бичигдсэн байгаа.

Дөрөв: Сонгуулийн хороо болон хэсгийн хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн тул бидний зүгээс камерын бичлэгийг үзэж ямар учраас тоон мэдээллийг зөрүүлэээд байгаа талаар тодруулах хүсэлтийг гаргахад огт камерын бичлэг байгаагүй нь мөн хуулийн 61.11-д “... Санал авах байрын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байранд хяналтын камер байрлуулна.” Гэсэн заалтыг мөн л зөрчсөн байсан.

Мөн ажиглагч нараас энэ талаар асуухад хэсгийн хорооны дарга Тулгаа гэгч нь хэтэрхий нэг талын баримтлан ажиллаж ажиглагчийн эрхийг бүрэн эдлүүлээгүй загнаж, гаргана шүү гэх мэтээр дарамталж байсан нь нотлох баримтаар буюу ажиглагч нарын гэрчээр асууж нотлогдсон. Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиглагчийн эрхийг бүхэлд нь ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Тав. Сонгуулийн хороо болон хэсгийн хорооны үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, үүнээс үүдэлтэй тоон мэдээллүүд өөр хоорондоо дандаа зөрүүтэй, мөн шүүхээс хэсгийн хорооны үйл ажиллагаа нь хууль зөрсөн нь тогтоогдсон, тоон мэдээлэл зөрүүтэй гэсэн дүгнэлт хийсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийн үндэслэл болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.

Тоон мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэлтэйгээр сонгогчдын сонгох эрхээ эдэлж чадсан эсэх, түүнчлэн хаанаас хууль бусаар хэний ашиг сонирхлын үндсэн дээр тухайн мэдээллийг зөрүүлж, саналын хуудас хүчингүй болгосон зэрэг нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлж болохуйц үйл баримт юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д “Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно” гэж заасан байна.

Жишээлбэл, Сонгогчдын саналын хуудас тарааж байсан Баянсэлэнгэ гэгч нь нэр дэвшигч Б, түүний эхнэр Н нарын гэр бүлийн найзууд гэдгийг шүүх хуралдааны үеэр гуравдагч этгээд Батаа нь эдгээр хүмүүс нь гэр бүлийн болон багын найзууд гэдгийг 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан дээр хэлсэн үүнийг нь хуралдааны үеийн дектфонд бичсэн.

Мөн сонгуулийн дүн гарснаас хойш 3 дахь хоног дээр энэ хэсгийн хороон дээр ажиллаж байсан төрийн албан хаагчид М А намын 2 ажиглагч, нэр дэвшигчийн эхнэртэй хамт хоолонд ороод явж байсан. Энэ мэтчилэн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс тухайн хэсгийн хороонд ажилласан бөгөөд хэсгийн хорооны дарга ч сонгуулийн дүнг сонсоод алга ташин орилж баярласан талаар ажиглагч нар хэлдэг бөгөөд гэрчийн мэдүүлэгт авагдсан.

Нэр дэвшигч аймгийн орлогч дарга Батсуурь, багийн дарга А.Батаа нар нь албан тушаалаа ашиглан зохион байгуулалттайгаар уг хэсгийн хороог өөрсдийн талд ажиллуулсан нь ашиг сонирхол болон баримтаар нотлогдсон.

Эдгээрээс үзэхэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална, 7.4.1-д хууль дээдлэх, 7.4.2-т Илтгэгч шүүгчээс: тод байдлыг хангах, 7.4.3-д шударга ёсыг сахих гэж заасныг ноцтой зөрчсөн. Мөн сонгуулийн хэсгийн хороо нь дээрх үйлдэл, үйл ажиллагаагаараа тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ. Гэснийг ноцтой зөрчиж, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан байна.

Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудаа зөвтгөн өөрчлөн эхний шүүх хуралдаанд 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан талаараа тодруулсан байхад шүүхээс 2 нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцсэн талаар бичиж, сонгуулийн хороо, сонгуулийн хэсгийн хороо хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Жич: Баянхонгор аймгийн М А нам нь тус хэргийг шийдвэрлэж байгаа шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн талаар сахилгын хороонд гомдол гарган бичиж, сэтгэл зүйд нь санаатайгаар нөлөөлөх оролдлого гаргасан гэж үзэж байгаа болно.

Иймд Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо нь хууль зөрчиж сонгуулийн дүнд нөлөөлсөн нь тогтоогдсон тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 111/ШШ2021/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч Н.О-ээс Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, Сонгуулийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээлсэн үйлдэл нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 тоот тогтоолын хавсралтад заагдсан нэр дэвшигчийн 14 дүгээрт жагссан Б.Б, 15 дугаарт жагссан А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг  гаргажээ.

Нэхэмжлэгчээс “Санал хураалтын эцэст дэлгэц дээр гарсан мэдээ хоорондоо зөрсөн, 1207 саналын хүчинтэй хуудас гарсан байтал 1212 хүн ирсэн гэсэн, 5 хүний саналын хуудас зөрсөн, миний сонгуулийн дүн дараагийн нэр дэвшигчийн авсан саналаас 5 хүний саналын зөрүүтэй байгаа учраас сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна, санал хураалтын өдрийн явцын тэмдэглэл дээр нийт 74 хүн санал хураалтын явцад хүчингүй саналын хуудас бөглөсөн байгааг тооцсон. Нийт 79 хүний саналын хуудас хүчингүй байх боломжгүй юм. Энэ бас 5 хүний саналын зөрүү яригдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Н.О нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэх авчээ.[1]  Тэрээр сонгуулийн санал хураалтын дүнд сонгогчдоос 584 санал авсан нь санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээр тогтоогддог.[2]

Харин тухайн тойрогт нэр дэвшсэн гуравдагч этгээд А.Батаа нь 589, А.Б нь 629  сонгогчийн санал тус тус авсан нь тогтоогдсон.[3]

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч Н.О нь олонхийн санал авч сонгогдсонд тооцсон А.Батаагаас 5, Б.Батсууриас 45 сонгогчийн саналын зөрүүтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж зохицуулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагч...1207 хүн санал өгсөн гэх боловч ...нийт хүчинтэй саналын хуудас 1206 байна гэж дүгнэлээ.”, “...баримтад үзлэг хийхэд нийт хүлээн авсан саналын хуудасны тоо ...1 тоог илүү бичигдсэнээс үүдэн 1189 гэсэн тоо буруу мэдээлэгджээ. Эндээс дүгнэхэд ...хэсгийн хорооны санал хураалтыг явуулахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 64.1.2, 64.1.3... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, зөрүүтэй мэдээ мэдээлэл гаргасан, буруутай үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна.” гэжээ.

Мөн шийдвэрт “...шүүх...үзлэг хийж тоолоход 4 удаа 1 хүн 2 хүний өмнөөс гарын үсэг зурсан байхыг тогтоож, нийт 1192 хүний гарын үсэг зурсан байна...санал хураалттай холбоотой бүх баримтыг авчирч үзэхэд нэг ч иргэн бусдын өмнөөс гарын үсэг зурахаар итгэмжлэл авчраагүй болохыг тогтоосон болно...Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.11, 65.9...гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.”, “...хэсгийн хороо санал хураалтыг явуулахдаа хууль зөрчсөн олон үйлдлүүд гаргасан байна. ...гарын үсэг зурсан иргэдийн тоо ...3 хүнээр зөрүүтэй,...санал авах байранд ирж өгсөн хүний тоо ...1 хүнээр зөрүүтэй” гэж дүгнэжээ.

          Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй санал хураалтыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 64.1.2, 64.1.3,  64 дүгээр зүйлийн 64.11, 65.9-д заасныг тус тус нийцээгүй, хууль бус гэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байна.

          Гэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “дахин санал хураалт” нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан 2 тохиолдлоор хязгаарлагдана, энэхүү сонгуулийн хуулийн бусад зөрчил нь дахин санал хураалт явуулах үндэслэл болохгүй гэсэн агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өмнөх дүгнэлттэйгээ нийцэхгүй бөгөөд зөрүүтэй байна. 

          Тодруулбал, захиргааны актын хууль зүйн үндэслэл нь хуульд нийцээгүй, хуулийг зөрчсөн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгох байтал анхан шатны шүүхээс захиргааны актыг хуульд нийцээгүй, хууль бус гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

          Анхан шатны шүүхээс маргаан бүхий хариуцагчийн сонгуулийн үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэсэн боловч уг хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн маргаж буй сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

Мөн хэргийн оролцогчид нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байхад сонгуулийн хороо дахин санал хураалт явуулсангүй” гэсэн агуулгаар маргаагүй байхад энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.  

Дээрхээс гадна, мөн шийдвэрт “...тэмдэглэлд нийт хүчингүй болсон 74 саналын хуудас байгаа боловч ...саналын хуудасны зарцуулалтын тайлан, ...шүүхийн үзлэг зэргээр 79 саналын хуудас  хүчингүй болсон нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн.

Гэтэл Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн сумын 01 дүгээр тойргийн 01-10 дугаар хэсгийн хорооны  2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 хуралдааны тэмдэглэлээс[4] 70 сонгогч саналын хуудас буруу бөглөж дахин саналын хуудас авсан нь тогтоогдсон байна.

Үүнээс 4 сонгогч нь саналын хуудас буруу бөглөж, саналын хуудас нь хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл, нийт 74 саналын хуудас хүчингүйд тооцогдсон байна. 

Нөгөө талаас 66 сонгогч дахин саналын хуудас авч саналаа зөв тэмдэглэж саналаа өгсөн бол 4 сонгогч хоёр удаа саналаа буруу тэмдэглэсний улмаас дахин санал өгөх боломжгүй болж 8 саналын хуудас хүчингүй болжээ.

Гэтэл хэсгийн хороонд хүргүүлсэн саналын хуудас зарцуулалтын тайлангаар[5] 79 саналын хуудас хүчингүй болсон байна. Тодруулбал, хэсгийн хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй 5 саналын хуудас ямар учир шалтгааны улмаас хэрхэн хүчингүй болсон талаарх үйл баримт тодорхойгүй байх тул уг үйл баримтыг анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулан тогтоох шаардлагатай байна.

Хариуцагч хэсгийн хорооноос энэхүү 5 саналын хуудсыг хүчингүй болгохдоо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 дугаар зүйлийн 65.6-д “Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.”, 65.7-д “Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.” гэж заасныг зөрчсөн аливаа үйлдэл гаргасан эсэхийг шалган тогтоох шаардлагатай.

Сонгогчийн саналаа өгсөн 5 саналын хуудас хууль ёсоор, эсхүл хууль бусаар хүчингүй болсон талаарх үйл баримт нь нэхэмжлэгчээс “миний сонгуулийн дүн дараагийн нэр дэвшигчийн авсан саналаас 5 хүний саналын зөрүүтэй байгаа”  гэж маргаж буй нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой юм. 

Түүнчлэн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Эхний үзлэгээр 1207 хүн санал хураах өдөр санал хураах байранд очиж санал өгөхөөр гарын үсэг зурсан байна гэж үзсэн. Шүүх хуралдааны явцад дахин үзлэг хийж тоолоход 4 удаа 1 хүн 2 хүний өмнөөс гарын үсэг зурсан байхыг тогтоож, нийт 1192 хүний гарын үсэг зурсан байна гэж үзсэн. 1 хүн 2 хүний өмнөөс гарын үсэг зурсан болохыг нэрсийн жагсаалтаас зургийг дарж томруулж хэрэгт хавсаргасан...” гэж дүгнэжээ.

Энэхүү дүгнэлт нь ойлгомжгүй байх бөгөөд 4 сонгогч андуурсны улмаас өөр эгнээнд гарын үсэг зурсан эсэх, эрүүл мэндийн шалтгааны улмаас гарын үсэг зурах боломжгүйн улмаас түүнийг төлөөлөн өөр этгээд гарын үсэг зурсан эсэх, хууль бусаар бусад сонгогчийн өмнөөс гарын үсэг зурсан эсэх, илүү гарын үсэг зурсан тухайн сонгогчид илүү саналын хуудас олгосон эсэх үйл баримт тодорхойгүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.6-д “Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.”, 64.7-д “Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл саналаа өгөхөөр санал авах байранд хүрэлцэн ирсэн сонгогчийн бүртгэл нь анхлан сонгогчдын гарын хурууны хээг сануулсан “сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж”, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарт үндэслэн бүртгэгдэнэ. Хэрэв тухайн төхөөрөмж нь ажиллахгүй, ажиллах боломжгүй болсон бол тэмдэглэл үйлдэх талаар хуульд тусгайлан заажээ.

Хэрэгт тухайн хэсэг дэх сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй болсны улмаас тэмдэглэл үйлдсэн талаарх баримт материал авагдаагүй байна.

Тиймээс тухайн хэсэгт хэдэн сонгогч саналаа өгөхөөр хүрэлцэн ирж бүртгүүлсэн, өөр хүний нь өмнөөс гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн сонгогч нь сонгуулийн өдөр санал авах байранд хүрэлцэн ирж бүртгүүлсэн эсэх үйл баримтыг “сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж” (иргэний үнэмлэх, хурууны хээгээр бүртгэдэг төхөөрөмж), түүний баримт, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбараас тогтоох шаардлагатай.

Үүнээс гадна Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Сонгогч санал авах байранд биечлэн ирж саналаа өгнө.”, 65.9-д “Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатайгаар саналаа өгч болно.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмнөөс санал өгөх тухай ойлголт сонгуулийн тухай хууль тогтоомжид зохицуулаагүй.

Харин эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалсан сонгогч нь өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатайгаар биечлэн санал өгөх боловч энэ тохиолдолд заавал бичгээр итгэмжлэл авсан байхыг хуулиар заагаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

   1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                 О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 5, 88, 89 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 10 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 10, 23, 86, 87 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 128-136 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 149 дэх тал