Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 113/ШШ2018/0002

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигон овогт Б-ын Т (РД:ЕЮ74033016), Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын 1-9 тоотод оршин суух;

Хариуцагч: ГСА-ын ШГС-ын д;

 “ГСА-ын ШГС-ын д-ын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/80 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, өлсгөлөн зарлах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл олгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагчдын цалинг олгуулахгүй улстөржсөн үйл ажиллагаанд оролцож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгатай төсвийн хуваарилалтыг батлуулахад саад учруулж төсвийн ажилтнуудыг банкны зээлийн хугацаа хэтрэлтийн дарамтад оруулж байна. Хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дууссан Засаг даргыг огцруулах, нэр дэвшигч С.Я-ийг сумын Засаг даргыг томилуулах талаар шаардаж, өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүссэн. Миний өргөдлийг бүртгэхээс татгалзсан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, Онц байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасныг зөрчсөн. Үндсэн хуульд заасан үгээ хэлэх эрхийг минь хязгаарлаж дарамт учруулсан. Иймд ГСА-ын ШГС-ын д-ын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/80 дугаар албан бичгийг хүчингүй болгож, өлсгөлөн зарлах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл олгуулж, гэр бүл ард түмнийхээ төлөө үг хэлэх эрхийг хангуулж туслана уу. Миний ойлголтоор бол сумын Засаг даргын гаргасан захирамжууд нь дандаа Гамшгаас хамгаалах тухай хуулийг үндэслэсэн байгааг үндэслэлгүй, онц байдал болохгүй гэж үзэж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар онц байдал зарласан тохиолдолд бол хориглодог. Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрчиж Монгол улсын иргэн миний үгээ хэлэх эрхийг хязгаарлаж, Говьсүмбэр аймгийн иргэдтэй хийсэн Ерөнхийлөгчийн уулзалт дээр сумын Засаг дарга маань очиж хувийн байдлаар намайг сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэж ард түмний өмнө нэр хүндийг маань гутаасанд гомдолтой байгаа юм. Иргэнийхээ хувьд үгээ хэлэх эрхийг маань хязгаарлаж байна. Тийм учраас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу өлсгөлөн зарлах хүсэлтээ бүртгүүлэхийг хүссэн. Улстөржсөн үйл ажиллагаа суманд хэрээс хэтэрч байна. Ард түмэн бид дуу хоолойгоо илэрхийлээд ямар ч хүчинд хүрэхгүй байна. Намайг ийм байдлаар тэмцэхгүй бол үгээр хэлээд ямар ч нэмэргүй” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т-ын гаргасан өлсгөлөн зарлах тухай 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтийг хянаж үзээд хуулийн дагуу хариу хүргүүлсэн. Өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа 1/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тогтоолыг хүчинтэйд тооцох, 2/ Шивээговь сумын Засаг даргад С.Я-ийг томилуулах, 3/ сумын Засаг дарга миний биеийг огцрохыг шаардсан байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдааныг зарлаж, хуралдаан албан ёсоор болж төсвийн ерөнхийлөн захирагч миний бие холбогдох албан тушаалтнуудын хамт орж 2017 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийг төлөөлөгчдийн олонхи буюу 11 хүнээр хэлэлцүүлэн батлуулсан билээ. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э нь тамгаа өгөөгүй. Хууль бусаар хурал хаяж гарсан төлөөлөгчид дахин хурал зарлаж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж төсөв өргөн барих холбогдох хүнгүйгээр төсвийг баталж, тамга дарсан байна. Хуулийн дагуу хийгдсэн тамгагүй төсөв, хууль зөрчиж хийгдсэн тамгатай 2 төсвийг миний бие аймгийн Засаг даргад уламжилсан. Шивээговь суманд үүссэн нөхцөл байдалтай танилцсан Ерөнхийлөгч Х.Баттулга Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзах үеэр уг асуудлыг шийдвэрлэх талаар Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э-д үүрэг өгснөөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дахин хуралдуулж 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр сумын 2018 оны төсвийг баталж дээд шатны байгууллагад хүргүүлээд байна.

Сумын Засаг даргад томилуулахаар С.Яг-ийг дэвшүүлсэн асуудлыг аймгийн Засаг дарга судалж үзээд томилох боломжгүй гэж хариу хүргүүлсэн. Энэ асуудал шүүхээр эцэслэж шийдвэрлэгдээгүй байна. Сумын Засаг дарга миний бие хуулийн хүрээнд дараагийн хүн томилогдоод ирсэн нөхцөлд ажлаа өгөхөд бэлэн байна. Өлсгөлөн зарлахын тулд эрүүл мэндийн нарийн үзлэгт орсон, цагдаагийн зөвшөөрөл авсан байх ёстой гэж бодож байна. Би бол энэ хүнийг өөр байдлаар үзэл бодлоо илэрхийлж над дээр орж ирсэнийг санахгүй байна. Эхнэрийн цалинг тавихгүй байгаа болохоор өлсгөлөн зарлана гэж байна. Иргэн Б.Т нь 2014 онд Сум хөгжүүлэх сангийн зээлээс махны чиглэлээр 7 сая төгрөгийн зээл авсан одоог хүртэл төлөөгүй. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээ байгуулж хэсэгчлэн төлөхөөр болсон ч ямар нэг төлөлт хийгдээгүй байна. Б.Тэгшбаярын өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь үүнтэй холбоотой байх. Сумын нутаг дэвсгэрт малын шүлхий өвчин гарсан тул 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу хорио цээрийн дэглэм тогтоож, сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байгаа. Манай суманд, мөн хил залгаа аймгийн сумдад өвчин намдаагүй тул 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгасан. Нэгэнт суманд ийм өвчин гарчихаад байхад өлсгөлөн зарлах шаардлага гаргасан тул зөвшөөрөөгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б.Т нь “Шивээговь сумын төсвийг батлуулах, тус сумын Засаг дарга В.Б-ийг огцруулах, нэр дэвшигч С.Я-ийг сумын Засаг даргаар томилуулах”-ыг шаардаж, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өлсгөлөн зарлах тухай өргөдөл гаргасныг сумын Засаг дарга 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/80 дугаар албан бичгээр бүртгэхээс татгалзсан тухай хариу өгсөн байна.

Ингэхдээ хариуцагчаас “суманд малын шүлхий өвчин гарч онц байдал зарласан тул жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулахыг хуулиар хориглодог, С.Я-ийг сумын Засаг даргаар томилохыг шаардаж байгаа нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг уриалах гэдэгт хамаарч байсан тул зөвшөөрөөгүй” гэж тайлбарлах бол нэхэмжлэгч нь “өлсгөлөн зарлах хүсэлтийг бүртгээгүй нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн, суманд онц байдал зарлаагүй, Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал нь онц байдал биш” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж, маргажээ.  

Иймд маргааны үйл баримтын хүрээнд хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба татгалзлын үндэслэлтэй холбогдуулан өлсгөлөн зарлах харилцааг хуульчлан зохицуулсан эсэх буюу нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг бүртгээгүй нь хууль зөрчсөн эсэх, түүний хүсэлтийг бүртгээгүйн улмаас нэхэмжлэгчийн “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрх, эрх чөлөө хязгаарлагдсан эсэх зэрэгт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

“Өлсгөлөн зарлах хүсэлтийг бүртгээгүй нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан” гэх нэхэмжлэгчийн тайлбарын тухайд;

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно”, Жагсаалт, цуглаан хийх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь тайван жагсаал, цуглаан хийх иргэдийн Үндсэн хуулийн эрх чөлөөг баталгаажуулах, жагсаал цуглаах хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний үед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзэхэд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь Үндсэн хуулиар олгосон “тайван жагсаал, цуглаан хийх замаар үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, жагсаал цуглаан хийх журмыг тогтоосноос бус “үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө”-г хэрэгжүүлэх бүх хэлбэрийг тусгайлан зохицуулж, хамгаалаагүй байна.

Тухайлбал өлсгөлөн зарлах нь хүн үзэл бодлоо хамгаалах, тэмцэх, бусдад нөлөөлөх зорилгоор, өөрийн сонголтоор, хийж буй үйлдлээ ойлгож хоол идэхээс татгалзах агуулгыг илэрхийлдэг ойлголт тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2-т тодорхойлсон “жагсаал”, “цуглаан” гэдэгт хамаарахгүй.

Тус хуулийн 4 болон 8 дугаар зүйлийг гарчгийг 8 дугаар зүйлийн 6-д “Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулахыг хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйлдэл гэж үзэж хориглоно”, 11 дүгээр зүйлийн 2-т “Жагсаал, цуглааныг санаачлагч иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж үзнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “... өлсгөлөн зарлах, ...-ыг хориглоно” гэж тус тус зааснаас харьцуулан дүгнэвэл өлсгөлөн зарлахтай холбоотой харилцааг хууль тогтоомжоор тусгайлан зохицуулаагүй, улмаар энэ асуудлаар захиргааны байгууллагад өргөдөл мэдэгдэл гаргах, захиргаа түүнийг бүртгэж, зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд тусгагдаагүй байна.

Олон улсын хэмжээнд Токиогийн тунхаглал (1975 он), Малтийн тунхаглал (1996 онд батлагдаж, 2006 онд нэмэлт орсон)-аар өлсгөлөн зарлах асуудлыг хөндсөн боловч тэдгээр нь Монгол улсын алба ёсоор нэгдсэн орсон олон улсын гэрээ конвенцийн жагсаалтад ороогүй тул тайлбарлаж хэрэглэх боломжгүйг дурдав.

Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, түүний хүрээнд үйлчлэх эрх зүйн зохицуулалтаар үл хязгаарлагдан, өргөн хүрээнд хэрэгжих тул өлсгөлөн зарлах өргөдлийг бүртгэхээс татгалзсан сумын Засаг даргын шийдвэр нь нэхэмжлэгчийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаагүй байна гэж дүгнэв.

“Б.Т нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг уриалсан, онц байдал тогтоосон тохиолдолд энэ үйл ажиллагааг хуулиар хориглоно” гэх хариуцагчийн тайлбарын тухайд;

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн ...”, Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлийн 1-д “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, ...” гэж зохицуулсныг харьцуулан дүгнэхэд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “... төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах” гэдгийг дээрх хуулиудад заасан “Улсын Их Хурал” гэсэн агуулгаар ойлгох тул Б.Т-ын “Шивээговь сумын Засаг дарга В.Б-ийг огцруулах, нэр дэвшигч С.Я-ийг сумын Засаг даргаар томилуулах” тухай шаардлагыг улс төрийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлж буй хэлбэр гэж үзнэ.

            Онц байдлын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулснаас үзэхэд Шивээговь суманд малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь тус хуульд заасан онц байдал биш тул хариуцагчийн гаргасан “суманд онц байдал зарласан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Харин Шивээговь сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/142, А/143, 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/04, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/05, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/08, аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/12 дугаар захирамжуудаас дүгнэхэд Шивээговь суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн болон сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулснаас үзэхэд тус суманд бий болсон дээрх нөхцөл байдал нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-д заасан “... тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд .... гамшиг болон аюул тохиолдсон... “ гэдэгт хамаарч, энэ тохиолдолд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглосон байна.

Гэвч өмнө дурдсанчлан өлсгөлөн зарлах өргөдлийг захиргааны байгууллага бүртгэж, зөвшөөрөл олгох харилцааг тухайлан журамлаагүй учраас “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн зүгээс Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж, хуульд нийцсэн хэлбэрээр хэрэгжүүлэхэд ямарваа хязгаарлалт тогтоогоогүй болохыг тэмдэглэв.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан Б.Т-ын гаргасан “ГСА-ын ШГС-ын д-ын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/80 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, өлсгөлөн зарлах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл олгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ