Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2017/00003

 

                                                               Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй,

П.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч Д.Сэргэлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/01277 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулууны давж заалдах гомдлоор Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Эрдэнэбатад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1960000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "2014 оны 01 сарын 22-нд би өөрийн эзэмшлийн 45-85 УБЕ улсын дугаартай портер машины клапан тавиулна гэж очсон. Тэгээд Эрдэнээ, засварчин залуутайгаа хамт үзээд нударган голын эрүү солих шаардлагатай, тэгж байж клапан тохирно гэж хэлээд манайд эрүү байгаа гээд энгийн портерын 2 номерын эрүүг, 3 номерын эрүү таарах байтал болдог юмаа гэж хэлээд тавьсан. Би тэр үед нь "болох юм уу, таарах юм уу" гэж болгоомжлоод байхад таарна гэсээр байгаад тавьсан юм. Надаас нийт 160000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан. Би бараагаа ачиж хөдөө сумдаар борлуулах гээд засвар хийсний дараа шууд Цагаан-Овоо сум руу яваад 43 км газарт машины мотор цохиж блокоо цөм цохиод гарч ирсэн. Энэ нь таарахгүй эрүү тавьсантай холбоотой, өөр юмнаас ч болоогүй гэж үзэж байна. Өөрсдөө буруу клапан тавьчихаад 1 км газар яваад ирэхэд асахгүй байхаар нь чирүүлээд гараашид хийсэн. Тэгээд надад нударган голын эрүү нь суларчихсан байна гэж хэлсэн.  Тэр нударган голын 3 номерын эрүүг буруу авьснаас болж эвдэрдэг. Энэ чинь болохоо байчихсан байна, солих хэрэгтэй гэсэн. Тэгээд энгийн Портерын 2 замтай нь таарна гэж хэлээд тавьсан. Мөн клапангийн тагийг их хэмжээний циликон цавуу түрхсэн байдалтай байсан. Циликон цавуу их хэмжээгээр түрхэхэд маслын суваг бөглөрдөг. Тэрнээс болоод л тосны суваг битүүрээд мотор цохьсон. Энэ хүн клапангаа ч тавьж чадахгүй байсан. Тавьж чаддаг байсан юм бол тэр өдөр 11 цагийн үед эхэлчихээд орой болтол тавьж чадаагүй. Зэв арилгагчид яваад ирье гэхэд пижигнээд асахаа больсон. Тэгээд бас эвдэрхий хуучин сэлбэг тавихдаа өндөр үнэлж тавьсан. Би машины мотороо дахин солиулсан. Иймд моторны үнэ 1700000 төгрөг, Улаанбаатар хотоос мотор ачуулахад гарсан тээврийн зардал 100000 төгрөг, засварын зардал 160000 төгрөг нийт 1960000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 сарын сүүлчээр Сэргэлэн гэдэг хүний Портер машины нударган голын эрүүг сольж клапан тохируулуулна гэж ирсэн. Машиных нь нударган голын эрүү нь резвагүй болсон байсан тул өөрт нь харуулж байгаад өөр нударган голын эрүү тавьж өгсөн. Сэргэлэнгийн мотор нь блокоо цөм цохиж гарч ирсэн нь миний хийсэн засвартай ямар ч хамаагүй. Нударган голын эрүү сольсноос болж мотор цохих үндэсгүй. Миний засаж өгсөн зүйл бол моторын дээд анги, энэ хүний эвдрэл нь моторын доод анги. Моторын дээд ангийг зассанаас болж доод ангид нөлөөлөхгүй. Хэрвээ миний засаж өгсөн зүйл эвдэрсэн бол моторын дээд ангид эвдрэл гарна. Мөн моторт таарахгүй эрүү хийснээс болж мотор нь цохисон гэж гомдол гаргасан байна. Энэ хүний машинд 3 номертой эрүү тавьсан. 2, 3 номерын эрүү хоорондоо таардаг. 1, 5 номерын эрүү хоорондоо таардаггүй. Тийм учраас 2 номерын эрүүнд 3 номерын эрүү тавьснаас болж мотор цохисон гэдэг нь үндэслэлгүй гэдгийг машин мэддэг захын жолооч, засварын газрууд гэрчлэх болно. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл мотороо харуулаагүй. Тэр мотор нь цохьсон юм уу үгүй юм уу тэрийг мэдэхгүй байна. Иймд би энэ хүний нэхэмжилж байгаа моторын үнэ 1700000 төгрөг, зардлын 160000 төгрөг, нийт 1960000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/01277 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэбатад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1960000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн өмгөөлөгч Р.Ганчулуун давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/001277 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай, стандарт бус, хуулийн шаардлага хангаагүй, өрөөсгөл, нэг хариулт нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт юм. Ийм учраас дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгчийн дотоод итгэлд итгэж байсан билээ. Гэрч нарын мэргэжлийн болон бодит үнэнийг өгүүлсэн мэдүүлгүүдийг огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтийг иргэний хэрэгт бусад нотлох баримтыг үндэслэж баталгаажуулдаг бөгөөд эсхүл үнэлэх боломжгүй байдаг. Байгалмаа шүүгчид “моторт үзлэг хийлгэх” талаар хүсэлт тавихад “...шаардлагагүй, харин зургийг нь аваад ир” гэхээр нь 6 ширхэг зураг авчирсан боловч хэргийн материалд огт байхгүй, энэ талаар шүүх хуралдаан дээр яригдсан болно. Бидний хувьд моторт үзлэг хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн сүүлд авчирсан зурагнаас харахад 1 номерийн эрүүг 3 номерийн эрүүнд тавьсан байгаа нь мэдэгдэж байсан, нэхэмжлэгч 2, 3 номер гэж андуурсан бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагч өөрөө хараад гайхаад байсан. Энэ шүүхийн шийдвэр нь урьдах шүүхийн шийдвэрүүдийн дүгнэлтийг үл хүндэтгэсэн бөгөөд нэг талыг барьж гаргасан шийдвэр гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь хариуцагч П.Эрдэнэбатаас “ Портер “ маркийн автомашины моторын үнэ 1700000 төгрөг, мотор ачиж ирсэн тээврийн зардал 100000 төгрөг, уг машинд засвар хийлгэсэн ажлын хөлс 160000 төгрөг, нийт 1960000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.Эрдэнэбат эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь 2014 оны 01 сарын 22-ны өдөр хариуцагч П.Эрдэнэбатын засварын газраар өөрийн 45-85 УБЕ улсын дугаартай, Портер маркийн автомашины моторын клапан тавиулах, моторын нударган голын эрүүг солиулах ажил хийлгэж, ажлын хөлсөнд 160000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч уг автомашины нударган голын эрүүг солихдоо 100 мотортой Портер машины 2 номерын эрүүг биш хуучин өвгөн гэж нэрлэгддэг Портер машины 3 номерын эрүүг тавьж засварласан болох нь зохигдын тайлбараар тогтоогддог бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

            Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь “ машиндаа засвар хийлгэсний дараа буюу маргааш нь Цагаан-Овоо сум руу явж байгаад аймгаас 43 км-т машины мотор цохиж блокоо цөм цохиод гарч ирсэн. Үүнийг би таарахгүй эрүү тавьсантай холбоотой. Өөр юмнаас болоогүй. “ гэж тайлбар гаргадаг боловч нотлох баримтаар хариуцагч П.Эрдэнэбатын  хийсэн засварын ажлаас болж  мотор цохисон гэдгийг нотолж чадаагүй байна.

            Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулууны гаргасан хүсэлтээр техникийн тусгай мэдлэг шаардсан шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтэд “ ... моторын дээд ангид үүссэн гэмтэл нь доод ангид нөлөөлөхгүй ... “ гэснийг үндэслэн  шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /хх-ийн 226 тал/

            Иймд нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн өмгөөлөгч Р.Ганчулууны “ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46310 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/01277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн өмгөөлөгч Р.Ганчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

 

       

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

          ШҮҮГЧ                                                                   Я.АЛТАННАВЧ

                                                                                         З.ЭНХЦЭЦЭГ