| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06727/и |
| Дугаар | 6727 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 6727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 36 гудамж, 429 тоотод оршин суух Чонос овогт Сажийн Батзориг /Регистрийн дугаар УГ83071511/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 67 дугаар байр, 4 тоотод оршин суух Тангууд овогт Баатарын Чулуунхүү /Регистрийн дугаар РХ82030519/-д холбогдох,
1,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Батзориг, хариуцагч Б.Чулуунхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сажийн Батзориг би 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Чулуунхүүгээс DN2000 диаметртэй кольцо худалдан авахаар 1,200,000 төгрөгийг Б.Чулуунхүүгийн 5007375591 тоот данс руу мобайл банкаар өөрийн эхнэр болох Б.Энхзаяагийн 5032099121 тоот данснаас шилжүүлсэн. Б.Чулуунхүү нь мөнгө шилжүүлсэн өдрийн маргааш буюу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тохиролцсоны дагуу кольцог нийлүүлэх өдөр нь авчраагүй. Удаа дараа кольцогоо авчир гэж хэлсэн боловч авчраагүй 14 хоносон. Тохиролцсон хугацаанд кольцо авчраагүйгээс болж дахин кран хөлслөн кольцо зөөх ажил нэмэгдэж, нэмэлт 300,000 төгрөгний зардал гарсан. Б.Чулуунхүүгийн гэр лүү удаа дараа очиж, утас руу байнга залгасан боловч маргааш нөгөөдөр гэж худал ярин бидний ажилд маш их хүндрэл учруулсан. Б.Чулуунхүүтэй 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр утсаар ярьж кольцо авахаа больё гэж хэлээд мөнгө авахаар болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа манай эхнэр болох Б.Энхзаяагийн 5032099121 тоот данс руу 140,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө байнга нэхсэн боловч бас л маргааш нөгөөдөр гэж худал ярин өнөөг хүрч байна. Иймд шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 1,060,000 төгрөг, тохиролцсон хугацаандаа кольцо нийлүүлээгүйгээс гарсан краны төлбөр болох 300,000 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 37,000 төгрөгийг хариуцагч Б.Чулуунхүүгээс гаргуулан өгнө үү" гэв.
Хариуцагч Б.Чулуунхүү шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Баатар овогтой Чулуунхүү миний бие 2015 онд "Био эргэл хайрхан" ХХК-тай өөрийн эзэмшлийн "Хөх гүрэн констракшн" ХХК-аар гэрээ хийж материал худалдан авах болсон. Гэрээний үнийн дүн нь 115 сая төгрөг юм. Илүү бараа материалаа бусдад худалдан борлуулах шаардлагатай байсан учраас иргэн С.Батзоригт худалдсан. Иргэн С.Батзориг нь миний данс руу 2015 оны 10 дугаар сарын 28-нд 2,300,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 14-нд 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Иргэн С.Батзоригт худалдсан нийт бараа материалын үнэ 3,300,000 төгрөг, тээврийн зардал нь 260,000 төгрөг буюу 3,560,000 төгрөг болсон ба 2015 оны 10 дугаар сарын 28-нд хүлээлгэн өгсөн. Иргэн С.Батзориг нь үүнээс хойш хугацаанд надаас дахин бараа нэхэж, сүүлдээ мөнгө нэхэж согтуу гэрт ирж, 4-5 согтуу ажилчидтайгаа гэрт ирж дарамталж, сүрдүүлж байгаад 140,000 төгрөг шилжүүлж авсан. 300,000 төгрөгийн илүү зардал нь надаас шалтгаалах зүйл биш. Мөн эхнэртэйгээ гэрт ирж хараана, ерөөнө гэх мэтээр элдвээр доромжилдог байсан. Б.Чулуунхүү миний хувьд шилжүүлсэн 140,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны үлдэгдэл 60,000 төгрөг, нийт 200,000 төгрөг буцаан нэхэж авах үндэслэлтэй боловч нэхэмжлэхгүй. 400,000 төгрөгийг манай менежер гэрт нь очиж авсан. Бүгд санхүүгийн баримттай байгаа тул нотлох баримтаас харагдана" гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Батзориг нь хариуцагч Б.Чулуунхүүд холбогдуулан кольцо худалдан авахаар шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 1,060,000 төгрөг, тохиролцсон хугацаандаа кольцо нийлүүлээгүйгээс гарсан краны төлбөр 300,000 төгрөг, нийт 1,360,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Чулуунхүү нь захиалсан кольцо, тагийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Батзориг нь хариуцагч Б.Чулуунхүүгээс өөрийн хийж гүйцэтгэж буй ажилд шаардлагатай кольцо, таг худалдан авах санал гаргасныг хариуцагч хүлээн авч, харилцан тохиролцсон, энэ талаар зохигчид маргаагүй болно.
Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байна.
Талуудын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй ба талууд хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч кольцо, тагийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч авсан кольцо, тагны хөлс төлсөн харилцаа явагдсан байх тул тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч С.Батзориг нь “...2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Чулуунхүүгээс DN2000 диаметртэй кольцо худалдан авахаар 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн, тохиролцсон хугацаанд кольцо авчраагүйгээс болж дахин кран хөлслөн кольцо зөөх ажил нэмэгдэж, нэмэлт 300,000 төгрөгний зардал гарсан, 140,000 төгрөгийг буцааж авсан тул 1,360,000 төгрөг гаргуулна...” гэж нэхэмжилсэн.
Хариуцагч Б.Чулуунхүү нь “...“Био эргэл хайрхан” ХХК-аас өөрийн “Хөх гүрэн констракшн” ХХК-ийн нэрээр бараа материал худалдан авсан ба илүү бараа материалыг зарж борлуулах шаардлагатай болсон, С.Батзориг кольцо, ташуу таг авах хүсэлт гаргасан тул 2015 оны 10 дугаар сарын 28-нд 12 ширхэг кольцо, 6 ширхэг ташуу тагийг түүнд худалдсан, 1 кольцоны үнэ 181,500 төгрөг, 1 тагны үнэ 187,000 төгрөг, тээврийн зардал 260,000 төгрөг, нийт 3,560,000 төгрөг болсон...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч нь KC-2000-90 маркийн кольцо 12 ширхэг, ПП-2000 маркийн ташуу таг 6 ширхэгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсаныг хүлээн зөвшөөрсөн. Харин 1 кольцог 153,000 төгрөгөөр, 1 тагийг 170,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон, төлөх ёстой төлбөрөө төлсөн, нэмж кольцо авахаар 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч авсан барааны үнийг өөрийн тайлбарт дурьдсан үнээр авахаар тохиролцсон, төлөх ёстой төлбөрийг бүрэн төлсөн, тээврийн зардалд 200,000 төгрөг төлсөн, нэмж кольцо захиалсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч С.Батзориг нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан бараа материалын үнэд 2,856,000 төгрөг өгсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд Б.Чулуунхүүд 2,300,000 төгрөг, 400,000 төгрөг өгсөнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгийг кольцо нэмж авахаар шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч нь 1,200,000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн, гэхдээ уг мөнгө нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан кольцо, ташуу тагны төлбөрийн үлдэгдэл мөнгө, С.Батзориг нь нэмж кольцо захиалаагүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэмж захиалсан кольцог 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийлүүлэх ёстой байсан боловч авчраагүй, тохиролцсон хугацаанд кольцо авчраагүйгээс болж дахин кран хөлслөн кольцо зөөх ажил нэмэгдэж, нэмэлт 300,000 төгрөгний зардал гарсан гэх тайлбарыг өгсөн боловч талууд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр кольцо авах, өгөх талаар тохиролцсон нь тогтоогдохгүй байна.
KC-2000-90 маркийн 1 кольцоны үнэ 181,500 төгрөг, 12 ширхэг кольцоны үнэ 2,178,000 төгрөг, ПП-2000 маркийн 1 тагны үнэ 187,000 төгрөг, 6 ширхэг тагны үнэ 1,122,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг болох нь “Био эргэл хайрхан” ХХК, “Хөх гүрэн констракшн” ХХК-ийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичигдсэн зарлагын баримтын дагуу 12 ширхэг кольцо, 6 ширхэг ташуу тагийг авсанаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. /хэргийн 16, 17 дахь тал/
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 12 ширхэг кольцо, 6 ширхэг ташуу тагны төлбөрт 3,300,000 төгрөгийг шаардан гаргуулах эрхтэй байна. Харин тээврийн зардал 260,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах ёстой гэх тайлбарыг гаргасан боловч тээврийн зардлыг нэхэмжлэгч төлөх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь 3,900,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн барааны төлбөр 3,300,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 600,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн эхнэр Б.Энхзаяагийн данс руу шилжүүлсэн 140,000 төгрөгийг хасч үлдэгдэл 460,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд кольцо авчраагүйгээс болж дахин кран хөлслөн кольцо зөөх ажил нэмэгдэж, нэмэлт 300,000 төгрөгний зардал гарсан гэж хариуцагчаас нэхэмжилсэн боловч уг зардал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Чулуунхүүгээс 460,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Батзоригт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...шилжүүлсэн 140,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны үлдэгдэл 60,000 төгрөг, нийт 200,000 төгрөг буцаан нэхэж авах үндэслэлтэй...” гэх тайлбарыг гаргасан боловч уг мөнгийг нэхэмжлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Чулуунхүүгээс 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Батзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 /есөн зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3,290 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Батзоригт буцаан олгож, хариуцагч Б.Чулуунхүүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 14,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Батзоригт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР