| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1165/Э |
| Дугаар | 1166 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадамцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1166
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Н.Бадамцэцэг,
Шүүгдэгч О.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шаргалзуутынхан овогт ...ын ...т холбогдох 1908032231546 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ...тоотод түр оршин суугаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шаргалзуутынхан овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
О.... нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн ...тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж П....той “чамаас болж бид саллаа, гартаа таарсан болгоноор цохилоо” гэх шалтгаанаар үснээс нь зулгаан зодож, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч П....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... миний том охин ...тэй 2012 онд гэрлэлтээ батлуулаад дундаасаа ... гээд охинтой, одоо 5 настай юм. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд манай охин ...надад “... ирж гэрээ авна гэнээ, би очоод хүүхдийнхээ орыг авья” гэхээр нь “чи яах гэсэн юм бэ битгий оч” гэж хэлтэл манай охин зөрөөд ...ын гэр рүү очсон. Хэдхэн минутын дараа ...над руу залгаад уйлчихсан “... намайг хэл, амаар доромжлоод байна” гэхээр нь би явж очоод “чи чимээгүй гэрээ аваад явчихаач ээ” гэтэл намайг хэл амаар доромжлоод гэрийн унь аваад шидсэнээ муу авгай минь чамаас болж бид нар саллаа гээд хараагаад байсан. Тэгснээ үснээс зулгаагаад газар унагаад чирсэн, нүүр лүү цохих гээд байхаар нь би гараараа хаасан. Тэгээд босоод гэрээ ачих гээд яваад өгсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг ... үснээс зулгааж, газар унаган чирж, намайг өшиглөж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 58-60 х/,
2.Шүүгдэгч О....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн ...тоот түрээслэн амьдарч байсан хашаанаас гэрээ авах зорилготой портер машин хөлслөөд очсон. Гэрээ буулгаад машинд ачиж байхад ... ...жалганы нөгөө талд ойрхон байдаг ээжийнхээ гэрээс ирээд, чи хүүхэд амьдарч байсан гэрийг хаана барьж дотор нь янхандах гэж байгаа юм гээд дотор нь байсан эд зүйл, гарт таарсан зүйлсээ барьж аваад гаргаж шидээд байхаар нь би нэгэнт хамт амьдарч чадахгүйгээс хойш одоо яахав дээ гэж хэлээд үргэлжлүүлэн гэрээ буулгаж байхад эхнэр ...өөрийн ээж ... руу залгаад сүх аваад ир гэж хэлсэн. Тэгтэл удалгүй ... сүх барин ирээд эхнэр ...д хандан, ийм бузартай юмтай яах гэж харьцдаг юм гэж хэлсэн. Тэгтэл ...сүх аваад гэрийн унийг цохиод ингээд гэрээ бариарай гээд байсан. ... над руу гарт таарсан болгоноо авч миний биеийн хэсэг рүү цохиод байхаар нь би өөдөөс нь хэрэлдээд, чамаас болж бид хоёрын амьдрал сүйрч байна, одоо бах чинь ханасан уу гэхэд хутга ирлэдэг зүйлийг над руу шидээд миний эрүүн тус газар онож, миний доод шүднээс цус гарч эхэлсэн. Тэгэхэд үргэлжлүүлэн гарт таарсан зүйлээр цохиж эхлэх үед би гарт нь байгаа зүйлийг булааж аваад ноцолдож эхэлсэн. Тэгээд миний үснээс зулгаахаар нь би харилцан зулгаагаад бид хоёр газар унасан... би үснээс нь зулгааж газар унагаасан... би үснээс нь зулгааж зулайн хуйханд нь зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан байна. Харин бугалга хэсэгт байгаа гэмтлийг базаж барьснаас үүссэн байх. Гуя шилбэнд үүссэн гэмтэл газар унах үед үүссэн байх. ...” гэх мэдүүлэг /хх 101-102 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Минии уур хүрээд, бухимдаад ээж рүү залгаад дуудсан. Удалгүй ээж ирээд ... чи яаж байна, хүүхдийг чинь харж өгч байхад мөрөөрөө гэрээ аваад явчихгүй хүүхэд уйлуулаад гэсэн чинь л ... уурлаад ээжийг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгсэн ээж зөрж уурлаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн ... ээж рүү унь аваад шидсэн. Гэхдээ ээжийг оноогүй. Тэгсэн ээж уурлаад ...ыг гараараа мөр лүү нь нэг удаа цохих шиг болсон. Тэгсэн ... ээжийг үсдээд газар унагаагаад толгойгоор нь газар мөргүүлээд байх шиг байсан, ээж тавиач ээ, болиоч ээ гээд орилоод байсан. ... болиод өнгийхөөр нь харсан чинь ...ын дээд уруулын баруун хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд цусаа арчингуутаа дахиад ээж рүү дайраад хашаа руу түлхээд, сэгсрээд байсан. Би гүйж очоод татаж, холдуулаад болиоч, чи миний ээжийг зодохоо боль гээд хэлсэн чинь яадаг юм бэ намайг яаж байгаа юм гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг/ хх 24- 26 х/, 4.Гэрч Х....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед ..., эхнэр ...тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаантай байсан. Тэгээд амьдарч байсан ахынхаа гэрийг өгөх гээд буулгаж байхад нь эхнэр нь өгөхгүй гэж маргалдаад байж байхад хадам ээж нь орж ирээд ...ыг муу үгээр хэлж, харааж, загинаад байсан. Тэгээд маргаан эхэлсэн. ... ээжтэйгээ л маргалдаж, ноцолдож байхад нь очиж салгасан. Хэн нь юугаар, яаж хэн хэндээ гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Тэр хоёртой өөр маргалдаж, муудалцсан хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 81-84 х/, 5.Гэрч Ө....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ... биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Сэлбэ 10-аас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ...тоот хаяг дээр зодоон болсон талаарх дуудлага, мэдээлэл ирсэнийг хүлээн авч, очиж шалгахад хүргэн нь эхнэртэйгээ хамт амьдарч байсан гэх гэрээ аваад салаад явах гэж байхад эхнэр нь гэрээ өгөхгүй гээд маргалдаж, муудалцсан байсан. Хадам ээж нь гэрээ өгч явуулахгүй гэхэд хүргэн намайг үснээс зулгааж зодчихлоо гээд туг үс гартаа барьчихсан зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 85-88 х/,
6.Гэрч Ц.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад хашааны түрээс болох эхний 3 сарын мөнгийг өгөөд, үлдсэн мөнгийг өгөөгүй болохоор нь очиж нэхэх санаатай хашаанд нь яваад очих үед хүргэн нь гэх залуу хадам ээжийгээ үснээс нь зулгаагаад газар унагасан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 89-92 х/,
7.Шинжээчийн 7544 тоот дүгнэлт
1.П....ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” дүгнэлт /хх 29 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70 х/
9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78 х/
10.Ажлын газрын тодорхойлолт /хх 73 х/
11.Эвлэрлийн баталгаа /хх 110 х/
12.Хохирогч П....ын “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх тэмдэглэл /хх 110 х/
13.Шүүгдэгч О....аас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-110-111 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч О.... нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хадам ээж П....ыг “чамаас болж бид саллаа, гартаа таарсан болгоноор цохилоо” гэх шалтгаанаар үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П....ын “...намайг хэл амаар доромжлоод гэрийн унь аваад шидсэнээ муу авгай минь чамаас болж бид нар саллаа гээд хараагаад байсан. Тэгсэнээ үснээс зулгаагаад газар унагаад чирсэн, нүүр лүү цохих гээд байхаар нь би гараараа хаасан…Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг ... үснээс зулгааж, газар унаган чирж, намайг өшиглөж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 58-60 х/,
Шүүгдэгч О....ын “...би гарт нь байгаа зүйлийг булааж аваад ноцолдож эхэлсэн. Тэгээд миний үснээс зулгаахаар нь би харилцан зулгаагаад бид хоёр газар унасан... би үснээс нь зулгааж газар унагаасан... би үснээс нь зулгааж зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан байна. Харин бугалга хэсэгт байгаа гэмтлийг базаж барьснаас үүссэн байх. Гуя шилбэнд үүссэн гэмтэл газар унах үед үүссэн байх...” гэх мэдүүлэг /хх 101-102 х/,
Гэрч Б....ий “.... Тэгсэн ... ээжийг үсдээд газар унагаагаад толгойгоор нь газар мөргүүлээд байх шиг байсан, ээж тавиач ээ, болиоч ээ гээд орилоод байсан. ... болиод өнгийхөөр нь харсан чинь ...ын дээд уруулын баруун хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд цусаа арчингуутаа дахиад ээж рүү дайраад хашаа руу түлхээд, сэгсрээд байсан....” гэх мэдүүлэг /хх 24-26 х/,
Гэрч Ц.Байгалмаагийн “...хашаанд нь яваад очих үед хүргэн нь гэх залуу хадам ээжийгээ үснээс нь зулгаагаад газар унагасан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 89-92 х/,
Шинжээчийн 7544 тоот дүгнэлт
1.П....ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 29 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
О.... нь хохирогч П....ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч О.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О....т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан байхыг ойлгоно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үйлдлийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгох бөгөөд “гэр бүлийн гишүүн” хэмээх ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуульчилсан нэр томьёоны тодорхойлолтод дурьдсанаар ойлгоно. Уг хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно. Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгох бөгөөд “төрлийн хүн” гэдэгт тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасанчлан гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хамааруулан авч үзнэ. Дээр дурьдсан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”, “гэр бүлийн гишүүн”, “төрлийн хүн” хэмээх нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан тодорхойлолтыг баримталсан нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Хохирогч П.... нь шүүгдэгч О....ын эхнэр Б....ий ээж тул шүүгдэгчийн хувьд төрлийн хүн бөгөөд гэр бүлийн гишүүнд төрлийн хүн хамаарна. Гэхдээ гэр бүлийн гишүүн хэмээх ойлголтод анхаарах гол зүйл бол тухайн төрлийн хүн гэрлэгчидтэй байнгын хамтын амьдралтай байх явдал юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч П.... нь О....ын гэр бүлд хамт амьдардаггүй тул түүний гэр бүлийн гишүүн хэмээх ойлголтод хамаарахгүй мөн тэдгээрийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-тай хүмүүст тооцохгүй.
Иймд О.... нь П....ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн.
Хохирогч П.... нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 110 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэсэн.
Улсын яллагч: О....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
О....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хор уршиг их биш, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүхээс түүнд 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 470,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О....т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шаргалзуутынхан овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....ыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан О....т үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О....т мэдэгдсүгэй.
6.О....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ