Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1161

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

Улсын яллагч Б.Чинбилиг,

Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...ы ...д холбогдох 1908047121420 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, Монголын үндэсний ...ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14- 16 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ...ы ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Б.... нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын ...тоотод бүлийн хамаарал бүхий харилцаатай ээж Ж....тай “ ..хүүхдээ аваад яв гэж хөөлөө...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, цээжин тус газруудад нь хумсаараа маажин, гараараа цохиж зодон бие махбодид нь “...баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

    1.Хохирогч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хоёр хүүхэдтэй ба Б.... миний том охин байгаа юм. Б.... бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын ...тоотод тус тусдаа байшинд амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын эхээр би Б....гийн дүү Б....г “ажил хийхгүй юм байхдаа ингээд амьдраад байх юм уу” гэтэл Б.... уурлаад өөрт нь хэлээч надад хэлээд яадаг юм гээд уурлаад гараад явсан. Хэд хоног надтай дуугарахгүй юм хэлэхээр уурлаад сэлбэлзээд яваад байхаар нь 2019 оны 09 дүгээр 06-ны өдөр орой 19 цагийн үед би Б....г “чи ингэж сэлбэлзээд уурлаад дуугүй хураачихаад яваад байх юм би чамд ямар гэм хийсэн юм ингэж байхаар хүүхдээ аваад яв” гэтэл “битгий хуц өмхий авгай минь чи үхэж далд ор” гээд миний цээж рүү гараа зангидаж байгаад цохиод авахаар нь би үснээс нь зулгаагаад доош дартал миний 2 гарыг хумсаараа маажаад байсан. Тэгээд намайг үснээс тавь гэхээр нь би үснээс нь тавьтал миний 2 гарын шууг маажаад цусыг гаргасан байхаар нь гэр лүүгээ ороод цагдаа дуудсан. ...би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа надад санал хүсэлт байхгүй. Миний 2 шуунд зулгаралт цус хуралт гэмтлийг Б.... 2 гараараа маажиж учруулсан. Мөн гараа атгаж байгаад миний цээжинд 1 удаа цохиж цээжинд цус хуралд гэмтлийг учруулсан. ...Манай том охин Б.... эхлээд намайг хүүхдээ аваад хөөлөө гэх шалтгаанаар намайг элдвээр доромжилж байгаад миний цээж рүү гараа зангидаж байгаад цохисон болохоор миний уур хүрээд би Б....гийн үснээс зулгаагаад авсан юм. Өөрөөр би Б....г цохиж зодсон асуудал байхгүй. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хохиролтой холбоотой баримт байхгүй, ...гаас нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6-9, 10-12 х/,

     2.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14-16 тоотод гэртээ иртэл манай ээж надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд бид хоёр маргалдсан чинь ээж намайг “хүүхэд чинь том болчихлоо одоо манай хашаанаас нүүгээд яв зайл" гэж хөөгөөд байсан. Тэгэхээр нь би ээж Ж....д “та хоёр хүүхдийнхээ хооронд ингэж хов хутгаж явж байхаар үхэж далд ор” гэж хэлж уурлаад гараа атгаж байгаад ээж Ж....гийн цээжин хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл манай ээж Ж.... миний үснээс зулгахаар нь би ээж Ж....гийн хоёр гарнаас нь хумсаараа базаж байгаад мөн цохисон. Тэгж байгаад ээж миний үснээс тавихаар нь дахиж жоохон хэрэлдэж байгаад ээж Ж.... гэртэй орсон. ...Манай ээж Ж.... намайг цохиж зодсон асуудал байхгүй. ...тухайн үед ээж Ж.... миний үснээс зулгаасан болохоор миний уур хүрээд ээж Ж....гийн баруун, зүүн гарыг нь цохиж маажсан юм. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би ээж Ж....г цохисондоо гэмшиж байна. ...Манай хашаанд тусдаа байшинд манай ээж Ж.... ганцаараа амьдардаг, мөн манай хашаанд тусдаа гэрт манай дүү Б.... эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би энэ хаягандаа 1997 оноос хойш ээж, дүүгийн хамтаар амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 55-59, 62-69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэртэй байж байсан чинь хашааны хаалга тогшоод би онгойлготол цагдаа нар байсан тэгээд цагдаа “танайх дуудлага өгсөн үү” гэхээр нь би манайх дуудлага өгөөгүй гэтэл хойноос ээж гарч ирээд “би цагдаад дуудлага” өгсөн юм гэсэн. Тэгтэл цагдаа нар орж ирээд ээж, эгч хоёрыг цагдаагийн хэлтэст авчирсан. ...манай ээж ганцаараа тусдаа 1 байшинд байдаг, мөн манай эгч хүүхэдтэйгээ тусдаа 1 байшинд, би бас эхнэр 2 хүүхдийн хамт тусдаа нэг хашаанд гэрт амьдардаг. ...хааяа гэр бүл маргалдах үе бас байлгүй яахав дээ. Жилдээ 1 удаа хэрэлдэх үе байдаг. ...манай эгч угаасаа шударга зантай хүн. Хүнтэй их шулуун шударга харьцдаг. Хамт олонч хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

4.Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ээж, эмээ хоёр хоорондоо хааяа маргалдаж байсан болохоос зодолдож байгаагүй. ...Манай ээж, эмээ хоёр хоорондоо ээж, охин шиг л энгийн харилцаатай байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 21/,

5.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14-16 тоотод “манай охин намайг зодоод байна” гэсэн дуудлагад очсон. Тухайн дуудлагад очиход ... гэж эмэгтэйгийн гарын баруун, зүүн шууны хэсэг нь улайсан байдалтай байсан. Тэгээд холбогдогч Б.... түүний эх гэх ... нарыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

 

6.Шинжээчийн 4592 тоот дүгнэлт

            1.Ж....-н биед баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 29 х/,

            7.Шинжээч эмч О.Болороогийн “...Ж....гийн баруун, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Ж....гийн баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь олон удаагийн хумсаар маажих үед үүсэх боломжтой. ...маажих, самардах зэрэг нь мохоо зүйлд орно. ...дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл юм. ...” гэх мэдүүлэг /хх 30-32 х/,

            8.Аюулын зэргийн үнэлгээ “бага” гэх дүгнэлт /хх 41-42, 43-46 х/

            9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68 х/

           10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 69 х/ 

            11.Ажлын газрын тодорхойлолт /хх 74 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

            Б.... нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын ...тоотод өөрийн төрсөн ээж Ж....тай “ ..хүүхдээ аваад яв гэж хөөлөө...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, цээжин тус газруудад нь хумсаараа маажин, гараараа цохиж зодон бие махбодид нь “...баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ж....гийн “... миний 2 гарын шууг маажаад цусыг гаргасан байхаар нь гэр лүүгээ ороод цагдаа дуудсан. ... Миний 2 шуунд зулгаралт цус хуралт гэмтлийг Б.... 2 гараараа маажиж учруулсан. Мөн гараа атгаж байгаад миний цээжинд 1 удаа цохиж цээжинд цус хуралд гэмтлийг учруулсан. ... Манай том охин Б.... намайг “хүүхэдтэйгээ хамт яв гэж хэлсний төлөө” элдвээр доромжилж миний цээж рүү гараа зангидаж байгаад цохисон ...” гэх мэдүүлэг /хх 6-9, 10-12 х/,

Шүүгдэгч Б....гийн “...Тэгэхээр нь би ээж Ж....д “та хоёр хүүхдийнхээ хооронд ингэж хов хутгаж явж байхаар үхэж далд ор” гэж хэлж уурлаад гараа атгаж байгаад ээж Ж....гийн цээжин хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл манай ээж Ж.... миний үснээс зулгахаар нь би ээж Ж....гийн хоёр гарнаас нь хумсаараа базаж байгаад мөн цохисон. Тэгж байгаад ээж миний үснээс тавихаар нь дахиж жоохон хэрэлдэж байгаад ээж Ж.... гэртэй орсон. ...Манай ээж Ж.... намайг цохиж зодсон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 55-59, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Б....гийн “... би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14-16 тоотод “манай охин намайг зодоод байна” гэсэн дуудлагад очсон. Тухайн дуудлагад очиход ... гэж эмэгтэйн гарын баруун, зүүн шууны хэсэг нь улайсан байдалтай байсан. Тэгээд холбогдогч Б.... түүний эх гэх ... нарыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

Шинжээчийн 4592 тоот дүгнэлт

            1.Ж....-н биед баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 29 х/,

     Шинжээч эмч О.Болороогийн “...Ж....гийн баруун, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Ж....гийн баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь олон удаагийн хумсаар маажих үед үүсэх боломжтой. ...маажих, самардах зэрэг нь мохоо зүйлд орно. ...дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл юм. ...” гэх мэдүүлэг /хх 30-32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Ц.... нь Ж....гийн баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Б.... хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул  уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Б....гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, ... эх, …”. гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

             Шүүгдэгч Б...., хохирогч Ж....гийн төрүүлсэн охин нь бөгөөд тусдаа амьдардаг болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 6-9, 10-12, 55-59, 62-65 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.... нь хохирогч Ж....гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Ж.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 6-9, 10-12 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Улсын яллагч: Шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 нэгж буюу 520.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.

Б....гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс 800 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн болно.

           Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигин овогт ...ы ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б....г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.

  5.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ