Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 451

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 12                             Дугаар 451                                        Баруун-Урт

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 180 айлын орон сууцны 10-р байрны 1 тоотод оршин суух Б.Батзаяад холбогдох цахилгаан барааны үнэ 1620900 /нэг сая зургаан зуун хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Батзаяа нь 2015 оны 12-р сарын 08-ны өдөр тус компаниас 1620900 төгрөгний үнэ бүхий цахилгаан барааг 2016 оны 01-р сарын 15-ны өдөр мөнгийг нь төлөхөөр зээлээн худалдан авсан. Цахилгаан барааг худалдан авсан төлбөрөө төлөөгүй, удаа дараа шаардаж байсан. Төлнө гээд төлөхгүй явсаар одоог хүрсэн болно.  Иймд Б.Батзаяагаас цахилгаан барааны үнэ 1620900 /нэг сая зургаан зуун хорин мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Б.Батзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2015 оны 12-р сарын 08-ны өдөр тус дэлгүүрээс 1620900 төгрөгний үнэ бүхий цахилгаан барааны худалдан авалт хийж 2016 оны 01-р сарын 15-ны өдөр мөнгийг нь төлөхөөр тохирсон нь үнэн. Тус компаний нэхэмжлэлийн шаардлага болох цахилгаан барааны төлбөр 1620900 төгрөгийг энэ ондоо багтаан төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК нь цахилгаан барааны үнэ 1620900 /нэг сая зургаан зуун хорин мянга есөн зуун/ төгрөгийг хариуцагч Б.Батзаяагаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Батзаяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны 1620900 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 40885 төгрөгний тал хувь 20442.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 20442.5 төгрөгийг хариуцагч Б.Батзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны цахилгаан барааны үнэ 1620900 /нэг сая зургаан зуун хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батзаяа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны 1620900 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 40885 төгрөгний тал хувь 20442.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 20442.5 төгрөгийг хариуцагч Б.Батзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА