| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06753/и |
| Дугаар | 6753 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 6753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 34 гудамж, 6 тоотод оршин суух Жолооч овогт Болдын Наранбат /Регистрийн дугаар ЧБ82042775/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашнамсрайн Жаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 1 хэсэг, Баатархайрхан гудамж, 320 тоотод оршин суух Жинст овогт Намгаржавын Алтансүх /Регистрийн дугаар УХ66040273/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 7а байр, 504 тоотод байрлах "Беринг" ХХК нарт холбогдох,
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагч Н.Алтансүх, хариуцагч "Беринг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гэрч П.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Наранбат миний эзэмшлийн 3771 УБ улсын дугаартай, Samsung mx-202w загварын эксковаторыг өдрийн 900,000 төгрөгийн хөлстэйгөөр 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал нийт 15 хоног Төв аймгийн Баянчандмань суман дахь "НВЦ" ХХК-ийн гадна талбайн тохижилтын ажилд Н.Алтансүх авч явсан. Төлбөр тооцоог хийхдээ "Беринг" ХХК-ийн захирал П.Болормаатай уулзаж, П.Болормаагаас миний бие дансаар 5 сая төгрөг, бэлнээр 1 сая төгрөг, нийт 6 сая төгрөг авсан. Уг ажлыг "Беринг" ХХК, Н.Алтансүх нь хийж гүйцэтгэхээр ажлын гэрээ "НВЦ" ХХК-тай байгуулсан бөгөөд олсон ашиг алдагдлаа "Беринг" ХХК, Н.Алтансүх нар тохиролцож байсан гэж боддог. Миний хувьд нийт ажлын хөлснөөс одоо аваагүй байгаа 7,500,000 төгрөгийг Н.Алтансүх, "Беринг" ХХК-ийн захирал П.Болормаа нараас нэхэж ярихаар энэ хоёр хүн бие бие лүүгээ түлхээд байдаг юм. Сүүлд Н.Алтансүх надад төлөх ёстой төлбөрийг “Беринг" ХХК буюу захирал П.Болормаа төлөх ёстой гэсэн бичиг хийж өгсөн. П.Болормаатай утсаар ярьсан боловч төлбөрийг Н.Алтансүх хариуцах ёстой, бид шүүхдэлцсэн, чамд төлөх ёстой төлбөрийг Н.Алтансүх төлнө гэж хэлсэн. Н.Алтансүх болон "Беринг" ХХК-ийн хоорондох маргаанаас болж би өөрийн эксковаторыг түрээслүүлсний мөнгөний үлдэгдэл 7,500,000 төгрөгийг авч чадахгүй хохирч байна. Миний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг Н.Алтансүх, "Беринг" ХХК нар нь адил тэнцүү хэмжээгээр хариуцаж надад төлөх үүрэгтэй гэж миний бие үзэж байна. Иймд Б.Наранбат надад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн Н.Алтансүхээс 3,750,000 төгрөг, "Беринг" ХХК-ийн захирал П.Болормаагаас 3,750,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү" гэжээ.
Нэхэмжлэгч Б.Наранбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Б.Наранбатын эзэмшлийн 37-71 УБ улсын дугаартай Samsung mx-202w загварын эксковаторыг өдрийн 900,000 төгрөгөөр тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 15 өдөр түрээслэсэн, үүний төлбөр нь 13,500,000 төгрөг гарсан байдаг. Энэ мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг "Беринг" ХХК өгсөн. Үлдэгдэл 7,500,000 төгрөгийг "Беринг" ХХК болон Н.Алтансүх нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудтай уулзсан. "Беринг" ХХК-аас 6,750,000 төгрөг, Н.Алтансүхээс 750,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Яагаад Н.Алтансүхээс 750,000 төгрөг гаргуулах гэж байгаа вэ гэвэл энэ асуудал түүнээс болж үүссэн учраас, Н.Алтансүх огт гэм буруугүй юм шиг зүйлийг өнөөдөр ярьж байна, энэ нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд өөрчлөлт ороогүй. Иймд нийтдээ 7,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ эксковатор байгаагүй бол "Беринг" ХХК ажлаа хийж, ашиг олохгүй байсан. Н.Алтансүх нь тус компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул Н.Алтансүхийг хариуцагчаар татахаасаа татгалзаж, "Беринг" ХХК-аас 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна" гэв.
Хариуцагч Н.Алтансүх шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.Алтансүх би “Беринг” ХХК-ийн Баянчандмань суман дахь замын ажлыг туслан гүйцэтгэсэн биш, хариуцан зохион байгуулсан бөгөөд богино хугацаатай замын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэгтэйгээр ажилласан ба бүх машин техник, хүн хүчний зардлыг “Беринг” ХХК-ийн тал бүрэн хариуцаж ажлын дараа ашиг хуваах тохиролцоотой ажилласан билээ. Миний үүрэг анхнаасаа дан ганц ажил зохион байгуулах байсан бөгөөд бүх тооцоо төлбөрийг “НВЦ” ХХК, “Беринг” ХХК хоорондоо гэрээний дагуу хийдэг байсан юм. Эксковаторыг Болор захиралтай ярьж авсан ба ажлын гүйцэтгэлийг гарган өгч, тэд хоорондоо төлбөр тооцоогоо хийж байсан, хоорондоо хэдийг өгч авалцсаныг ч өнөөдрийг хүртэл мэдээгүй. Энэ байдлыг нэхэмжлэгч Б.Наранбат сайн мэдэх бөгөөд нэхэмжлэлдээ “Төлбөр тооцоог хийхдээ “Беринг” ХХК-ийн захирал Болормаатай уулзаж, Болормаагаас миний бие дансаар 5 сая төгрөг, бэлнээр 1 сая төгрөг, нийт 6 сая төгрөг авсан” гэснээр төлбөр тооцоо тэдний хооронд хийгдэж байсныг батална. Нэхэмжлэгч Б.Наранбат Болороос яаж мөнгөө авах тухай надтай ярьж зөвлөдөг байсан ба Алтансүх надаас өнөөдрийг хүртэл мөнгө нэхэж байгаагүй болно. Тэд удаа дараа тов гаргаж мөнгө төгрөгөө авч өгөлцөх тухай л ярьдаг байсан. Мөн нэхэмжлэлд “Уг ажлыг “Беринг” ХХК, Алтансүх нь хийж гүйцэтгэхээр ажлын гэрээ “НВЦ” ХХК-тай байгуулсан бөгөөд олсон ашиг алдагдлаа “Беринг” ХХК, Алтансүх нар тохиролцож байсан гэж ойлгодог” гэсэн нь Алтансүх намайг энэ төлбөрийн хариуцагч биш гэдгийг ойлгож мэдэж байсныг гэрчилж байна. Эксковатороос гадна түрээсээр индүү 3ш, ковш 1ш, тээврийн машин нийт 30 гаранг ажиллуулсан бөгөөд бүх төлбөрийг “Беринг” ХХК миний гаргаж өгсөн бүртгэлийн дагуу тооцон хийж байсан. Надад дан ганц ажил зохион байгуулах, түүнд хэрэгтэй машин техникийг хариуцаж ажиллахаас өөр үүрэг байгаагүй болно. Ажлын явцад би ажилчдын хоол хүнс, түлш шатахууны зардалд 17,5 сая төгрөг авч зарцуулсан тооцоог бүх баримтын хамт гаргаж “Беринг” ХХК-д өгч тооцоо нийлж, үлдэгдэлгүй болсон. Би өнөөдрийг хүртэл 2 жилийн өмнө хийгдсэн ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй байгаа бас нэг хохирогч. Миний гаргаж өгсөн тооцоогоор нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо тооцоо хийхээс биш би хариуцах үндэслэл байхгүй. Ажлын ашиг 150 сая төгрөг байсан ба тохиролцоогоор 50 хувь нь надад оногдох ёстой байсан. Болор захирал би НӨАТ төлж байгаа тул чамд 50 сая төгрөг өгвөл болж байна уу гэсэн гуйлтыг Алтансүх би зөвшөөрсөн ба Болорын өмнөөс гүйж явж байж захиалагч талаас 40 сая төгрөгийг жилийн турш цувуулан байж олж авч ажилчдынхаа цалинд олгож давхар хохирсон. Одоо 10 сая төгрөгийг Болор захирлаас нэмж авч тооцоо дуусна гэж хүлээж яваа. Би Наранбатад Болор захирал мөнгө төлөх ёстойг мэдэх хүний хувьд шүүхэд гэрч болно гэдгээ илэрхийлж өөрийн гарын үсэг бүхий тодорхойлолт хийж өгсөн. Эксковаторын төлбөрт гэж надад мөнгө өгөгдөөгүй, мөн төлбөр тооцооны ажлыг би хариуцаагүй тул намайг энэ нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Алтансүх шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: "Нэхэмжилж буй 750,000 төгрөг нь татварын мөнгө юм. Би энэ хүний өмнөөс татварын мөнгө төлөхөөр гарсан тохиолдолд төлье. Би хүний авсан мөнгийг төлмөөргүй байна. Миний гарын үсэгтэй гэрээнд 15 өдөр гэдэг нь ажилласан хоногийн тоо юм. Үүнийг дотор нь задлаад ажилласан, ажиллаагүй хоногийг ялгах юм бол 5 хоног сул зогссон байдаг. Энэ дотор нь 3 хоног ажил хийгээгүй алга болсон байдаг, эдгээр өдрүүдэд өөр эксковатор ажиллуулсан. Үүнийг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн 1 өдөр дугуй хагарсан гээд бүтэн нэг өдөр ажил хийгээгүй, үүнийгээ өөрсдөө хэлсэн. Нэхэмжлэгч тал шударга байя гэвэл эдгээр өдрүүдийг хасч тооцуулах нь зүйтэй. Би танай ажилласан хоног энэ гээд үзүүлж байсан. Би хүний өмнөөс татвар төлдөг буяны байгууллага биш. эксковаторыг би ажилтай болгосон. Цагдаад баригдсан талаар битгий хэлээрэй гэхээр нь хэлээгүй юм. Б.Наранбатын торгуулийн мөнгийг би төлсөн, энэ мөнгийг нэхэмжилнэ" гэв.
Хариуцагч “Беринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “"Беринг" ХХК нь "Мон эгг" ХХК буюу "НВЦ" өндөг, шувууны махны үйлдвэрийн хашаан доторх зам талбайн ажлыг 16 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулж 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс ажил явагдсан. Бид Баянчандманьд улсын чанартай зам дээр давхар ажиллаж байсан учир эксковатор түрээслэж ажилласан. Түүний нэг нь Б.Наранбат гэх иргэний эксковатор ажилласан юм. Бид өдрийн 900,000 төгрөгөөр төлбөр төлөхийг зөвшөөрсөн учир үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн эксковатор маань 15 хоногийн хугацаанд бүрэн ажил хийгээгүй, 12 хоногийн хугацаанд ажил хийсэн нь тогтоогдсон байдаг. Иймд бид 12 хоногт ногдох төлбөрийг төлөх үүрэгтэй. Энэ төлбөрөөс бид өмнө нь төлсөн 6,000,000 төгрөгөөс хассан. 12 хоногийн төлбөр нь 10,800,000 төгрөг болж байгаа. Үүнээс бид 10 хувийн шимтгэлийг аваад 6,000,000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийн төлөхөд татгалзах зүйлгүй. "Беринг" ХХК-ийн зүгээс 3,720,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна" гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранбат нь иргэн Н.Алтансүх болон “Беринг” ХХК-д холбогдуулан Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж 3,750,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа доорхи байдлаар тус тус өөрчлөн нэхэмжилсэн. Үүнд:
- “Беринг” ХХК-аас 6,750,000 төгрөг, иргэн Н.Алтансүхээс 750,000 төгрөг гаргуулах,
- “Беринг” ХХК-аас 3,750,000 төгрөг, иргэн Н.Алтансүхээс 3,750,000 төгрөг гаргуулах,
- Хариуцагч Н.Алтансүхийг хариуцагчаар татсан шаардлагаас татгалзаж, “Беринг” ХХК-аас 7,500,000 төгрөг гаргуулах.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн талаар хариуцагч Н.Алтансүх болон хариуцагч "Беринг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт ороогүй тул холбогдох тайлбарыг хуралдаан дээр гаргах боломжтой гэх тайлбарыг өгч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хэлэлцсэн болно.
Хариуцагч Н.Алтансүх нь эксковаторыг “Беринг” ХХК ашигласан тул төлбөрийг тус компани төлөх ёстой, өөрт нь хамааралгүй асуудал гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Хариуцагч "Беринг" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид Б.Наранбатын эзэмшлийн 3771 УБ улсын дугаартай, Samsung mx-202w загварын эксковаторыг 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал нийт 15 хоног хөлсөлж, өдрийн 900,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд хийгдсэн дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн шинжийг агуулсан байна.
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байх боловч талуудын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй ба талууд хүсэл зоригоо илэрхийлж, эксковатор хөлсөлж, хөлсийг төлсөн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тэдний хооронд гэрээ байгуулагдсанд тооцно.
Хэргийг хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Хариуцагч "Беринг" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд эксковатор шаардлагатай болсон тул хариуцагч Н.Алтансүх нь өөрийн танил Б.Наранбатын эксковаторыг хөлслөх саналыг тавьсны дагуу талууд уулзаж, Б.Наранбатын эзэмшлийн 3771 УБ улсын дугаартай, Samsung mx-202w загварын эксковаторыг 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал нийт 15 хоног хөлсөлж, өдрийн 900,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. "Беринг" ХХК-ийн захирал П.Болормаа эксковатор хөлсөлсний төлбөрт дансаар 5,000,000 төгрөг, бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг өгсөн. Энэ талаар талууд маргаагүй.
Талууд эксковаторын ажилласан хоногийн талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас замын цагдаад 2 хоног саатуулагдаж ажил хийгээгүйг хүлээн зөвшөөрч, харин 1 өдөр дугуй хагарсан ч засаад тэр өдөр ажил гүйцэтгэсэн тул энэ 1 хоног ажил гүйцэтгэсэн хоногоос хасагдах ёсгүй гэх тайлбарыг өгч маргасан. Хариуцагч "...эксковатор 3 хоног ажил хийгээгүй, үүнээс 2 хоног нь замын хөдөлгөөний зөрчил гаргаснаас саатуулагдсан, 1 хоног нь дугуй хагарч ажил хийгээгүй учраас энэ 3 хоногийг хасч 12 хоногийн хөлс төлөх ёстой..." гэж маргаж, дугуй хагарсан өдөр ажил хийж гүйцэтгээгүй гэх тайлбарыг өгсөн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт "Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаар нэхэмжлэгч Б.Наранбат нь эксковатор ашигласан төлбөрийг хөлслөгчөөс шаардах эрхтэй, хөлслөгч болох "Беринг" ХХК нь эксковатор ашигласан төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. Хариуцагч "Беринг" ХХК нь эксковатор ашигласан төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч "Беринг" ХХК нь "...эксковатор 15 хоногийн хугацаанд бүрэн ажил хийгээгүй, 12 хоногийн хугацаанд ажил хийсэн тул 12 хоногт ногдох төлбөрийг төлөх үүрэгтэй, төлбөр нь 10,800,000 төгрөг болж байгагаас өмнө нь төлсөн 6,000,000 төгрөгөөс хасаад, төлөх төлбөрөөс 10 хувийн шимтгэлийг аваад 3,720,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө..." гэх тайлбарыг гаргасан.
Талууд бичгээр гэрээ байгуулаагүй тул эксковатор ашигласан төлбөрийг төлөх асуудлаар хэрхэн тохиролцсон талаар нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг асуудал тэдний хооронд хийгдсэн аман тохиролцоогоор тодорхойлогдож байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч "Беринг" ХХК нь нийт төлбөр болох 13,500,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг нь суутгаж авах талаар нэхэмжлэгчид хэлж, нэхэмжлэгч нь 10 хувийн үнийн дүнд тохирох түлшний баримт авчирч өгөх санал гаргасныг хариуцагч "Беринг" ХХК-ийн захирал П.Болормаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь түлшний баримт авчирч өгсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрч Д.Болормаа, гэрч О.Ганзориг нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нийт үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийн шимтгэлийг суутган тооцуулсан байх тул хариуцагч нь үлдэгдэл төлбөрөөс 10 хувийн шимтгэлийг дахин тооцож авах үндэслэлгүй байна.
Талууд эксковаторыг 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал нийт 15 хоног хөлсөлж, өдрийн 900,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсоноос замын цагдаад саатуулагдаж ажил гүйцэтгээгүй 2 хоногийг хасч, 13 хоногийг 900,000 төгрөгөөр тооцож, нийт 11,700,000 төгрөгийг хариуцагч "Беринг" ХХК төлөх үүрэгтэйгээс Б.Наранбатад төлсөн 6,000,000 төгрөгийг хасч, 5,700,000 төгрөгийг хариуцагч "Беринг" ХХК-аас гаргуулах үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Беринг” ХХК нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлтэй гэж үзэн, хариуцагчаар Н.Алтансүхийг татсанаас татгалзсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй ба нэхэмжлэгч нэг хариуцагчаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.
Шүүх хариуцагч “Беринг” ХХК-аас Б.Наранбатын эзэмшлийн 3771 УБ улсын дугаартай, Samsung mx-202w загварын эксковаторыг ашигласан төлбөрт 5,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.Алтансүхэд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Н.Алтансүх “...Б.Наранбатын торгуулийн мөнгийг би төлсөн, энэ мөнгийг нэхэмжилнэ..." гэх тайлбарыг гаргасан боловч уг мөнгийг Б.Наранбатаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Беринг” ХХК-аас 5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.Алтансүхэд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Беринг” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР