Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 452

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 12                             Дугаар 452                                        Баруун-Урт

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, “Ханан жим” фитнесийн захирал О.Энхбаярт холбогдох худалдан авсан барааны үнэ 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.Энхбаяр нь 2014 оны 10-р сарын 09-ний өдөр тус компаниас 3000000 төгрөгний үнэ бүхий барааг худалдан авч 2014 оны 12-р сарын 15-ны өдөр мөнгийг нь төлөхөөр тохирсон. Бараа худалдан авсан төлбөрийг нь удаа дараа шаардаж байсан. Төлнө гээд төлөхгүй байх тул О.Энхбаяраас барааны үнэ 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч О.Энхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2014 оны 10-р сарын 09-ний өдөр тус компаниас 6000000 төгрөгний үнэ бүхий барааны худалдан авалт хийж 2014 оны 12-р сарын 15-ны өдөр мөнгийг нь төлөхөөр худалдан авсан. Зээлээр авсан барааны төлбөрөөс 3000000 төгрөгийг өмнө нь төлсөн байсан. Үлдэгдэл 3000000 төгрөгийг төлөөгүй байсан. Тус дэлгүүрээс худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 3000000 /гурван сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК нь зээлээр худалдсан авсан барааны үнэ 3000000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч О.Энхбаяраас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч О.Энхбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны 3000000 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 62950 төгрөгний тал хувь 31475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 31475 төгрөгийг хариуцагч О.Энхбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны зээлээр худалдсан барааны үнэ 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Энхбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны 3000000 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 62950 төгрөгний тал хувь 31475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 31475 төгрөгийг хариуцагч О.Энхбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА