| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1202/Э |
| Дугаар | 1293 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1293
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт В.Од холбогдох 1908033881438 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Хадатын ... гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт В.О /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч В.О нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Бийн гэрт оруулсангүй гэх шалтгаанаар А.Нын цээжин тус газарт архины шилээр хатгасны улмаас “цээжинд шарх, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч В.О нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Бийн гэрт оруулсангүй гэх шалтгаанаар А.Нын цээжин тус газарт архины шилээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...Далангийн бөөний дэлгүүрт архи авахаар явж байгаад мөнгө авсан Б ахын эхнэртэй таараад тэднийх рүү орсон. Тэгээд Н эгч, том охинтой нь гурвуулаа архи хувааж уугаад сууж байтал хаалга нүдээд байхаар нь Н эгч “наад хүнийг чинь оруулахгүй явуулчих” гээд гарахад зүс таних хамар О гэгч байхаар нь “оруулахгүй” гээд түлхээд хоёулаа муудалцаад, би ертөнцийн зүгээр урд талд байх дугуй засвар руу чирч, гулдчиж явсаар ард талд нь гаргаад түлхэж унагаачихаад эргээд буцаж явтал араас зүүн суга халуу дүүгих шиг болоод нойтон оргисон. Миний бодлоор тэр хавьд хөглөрч хагарсан шил байсан, тэр зүйлээр хатгасан байх гэж бодож байна. Яг юугаар хатгасныг би хараагүй. Ямар нэгэн хутга байгаагүй. Би эргээд хартал хамар О цаашаа гүйгээд явж байсан. Би цааш 2-3 алхаад толгой эргээд замын боржуран дээр суучихсан байхад бөөний дэлгүүрийн Жавзаа гэгч түргэн дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х, 23-24х/,
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 8242 дугаартай: “...А.Нын биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28х/,
3. Шинжээч эмч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үзүүлсэн иргэн А.Нын биед үүссэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн. Цээжний зүүн талд суганы дунд шугамаар 6 дугаар хавирганы түвшинд 2.8 см урт, зах ирмэг, тэгш шархтай байсан. ...Хурц иртэй зүйлээр хатгасан. Шилээр хатгасан тохиолдолд үүсэж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
4. Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сард өдөр гэрээсээ гараад Бөөний дэлгүүр орчоод гараад ирсэн чинь хажуу талын айлын хашааны үүдэнд манай энэ хавьд амьдардаг байсан Бгийн эрэгтэй дүү нь хажуу талын байнга архидаад байдаг айлын хашааны үүдэнд цустайгаа холилдсон сууж байсан. Тэгээд Бөөний дэлгүүрийн Ж түргэн дуудаад удаагүй 103 ирээд аваад явсан. Танил Бгийн дүү хохирогч А.Ныг хэн хутгалсан эсэхийг хараагүй. Надад хохирогчийн сууж байсан хашааны хаалган дээр байсан согтуу эмэгтэй хамар Ог хутгалсан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/,
5.Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаднаас манай замын цаад талд амьдардаг байсан нябо гэж дууддаг хохирогч А.Н, манай охин Ө хоёр нэг шил архитай орж ирээд гурвуулаа хувааж уучихаад Ныг яв, Өг гаргаж өгөөд хаалгаа түгж гэж хэлсэн. А.Ныг Ө гаргаж өгөөд хашааны хаалгаа түгжиж орж ирсэн. Одоо аав чинь ирнэ архиа гарга гээд бид хоёр унтаад 16 цагийн үед сэрэхэд Ө унтаж байсан бөгөөд ямар нэг асуудал болсныг мэдээгүй. Тухайн үед Ө надад ямар нэг юм хэлээгүй, маргааш өдөр нь асуухад тэр өдөр намайг унтасны дараа хамар О ах хаалга нүдээд байхаар нь би оруулахгүй гэсэн чинь А.Н ах гараад хэрүүл хийгээд цаашаа хамт явсан гэж хэлсэн. Дараа нь хэд хоногийн дараа А.Н манай энэ хавиар ирсэн явж байгаад надтай уулзахдаа хамар О шилээр хатгасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/,
6. Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сард гэрийн гаднах дугуй засвар дээр ажил дээр байж байхад үдээс хойш суганаас цус гарсан согтуу хүн дугуй засварын зүүн талаар урдаас хойшоо ганцаараа явчихаар нь харсан чинь хойд талд Б ахын хашааны үүдэнд очоод суусан. Уг хүн хэнд хутгалуулсаныг хараагүй. Тэр өдөр Б ах байгаагүй эхнэр, охин нь байсан бөгөөд хамар О өглөө хаалгыг нь согтуу тогшиж байсан. Орсон эсэхийг мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш хамар О харагдахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/,
7. Шүүгдэгч В.Оын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны шинэ замын төгсгөлд байх Бөөний төвийн зэргэлдээ хашаа болох Бийнд би очоод хашааны хаалгыг нүдэж байхад нь гэр дотроос нь Ө, Н хоёр хамт гэрээс гарч ирээд айлын хаалга яагаад нүдээд байгаа юм бэ гээд хаалга онгойлгоод гарч ирээд үгийн зөрүүгүй хэл амаар доромжлоод намайг Н унагаагаад чирээд ямар овоо пизда бэ гэж хэлээд ертөнцийн зүгээр урд талд байх ажилладаггүй дэлгүүрийн хажууд аваачаад ахиж түлхэж унагаагаад бас дахин хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би газраас хагархай архины шил баруун гартаа бариад босохдоо шилээр хатгасан байсан. Яг хаана нь хатгасан гэдгийг сайн санахгүй байна. ...Бид хоёрыг маргалдаж байхад хажууд ямар нэгэн хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-72х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдсон болно.
Шүүгдэгч В.О нь хохирогч А.Нын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, В.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Н нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол болох 400.000 төгрөгийг В.О төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн /хх-ийн 23-24х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Од 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялаас түүний цагдан хоригдсон хугацааг хасаж тооцох тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “миний цагдан хоригдсон хугацааг оруулан тооцож, торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч В.Оыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдсан В.Оын хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч В.Оын дээрх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч В.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч В.О нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 14хоногх8цаг=112 цагаар тооцож, түүнд оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч В.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч В.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт В.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Оыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Оын цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 14хоногх8цаг=112 цагаар тооцож, түүнд оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ