Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 445

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 12 сарын 06                             Дугаар 445                                     Баруун-Урт

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг, Жаргалант Баянмөнхийн 6-6 тоотод оршин суух Боржигон овогт Зундуйн Бибишийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Бибиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Бибиш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 07-р сарын 15-аас 1991 оны 11-р сарын 10-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тракторчнаар, 1991 оны 11-р сарын 10-аас 1995 оны 01-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Баянмөнх” ХХК-д тус тус тракторчнаар ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд дээр дурдсан ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Боржигон овогт Зундуйн Бибиш нь 1980 оны 07-р сарын 15-аас 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тракторчноор, 1993 оны 01-р сарын 01-ээс 1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Баянмөнх” ХХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013 оны 03-р сарын 15-ны өдрийн 134/15 тоот, 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 279/15 тоот цалингийн лавлагаанууд /З.Бибишийн 1980-1992 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/,  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, МҮЭ-ийн гишүүний № 333029 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, З.Бибишийн шагнагдаж байсан талаарх АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1988 оны 9-р сарын 16-ны өдрийн 63/11-р тогтоолоор 8 дугаар 5 жилийн гавшгайч цол тэмдгээр шагнасан тухай, З.Бибиш нь МАХН-ын 19-р их хурал угтсан бүх ард түмний социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлсэн тул дурсамж хадгалуулсан тухай, гэрч Д.Энхээгийн шүүхэд өгсөн: “З.Бибиш бид хоёр 1980 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсан. Бибиш нь анх ажилд ороод янз бүрийн ажил хийж байгаад 1980 онд Хэнтий аймгийн Архустайд тракторын курс төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тракторчноор ажилласан. 1991 онд нэгдэл тараад 1992 онд өмч  хувьчлал болсон. Өмч хувьчлал болоод 4-5 жил орчим З.Бибиш нь  “Баянмөнх” ХХК-д тракторчноор ажиллаж байсан. Тухайн он жилүүдэд эхнэр нь хадлангийн тогооч хийгээд гэр бүлээрээ  ажилладаг байсан. Бид хадлан дээр өвс боох, хадах, тармаж хадах гэх мэт ажлуудыг хийдэг байсан. З.Бибиштэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1979-1991 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тракторчноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ган-Очирын шүүхэд өгсөн: “Би 1979 онд ЗХУ-ын ОМСК хотод трактор, комбайнчын сургууль төгсөж ирээд Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тракторчноор  ажилд орж байсан. З.Бибиш нь 1980 оноос миний туслахаар /ачигч, грушик/ хийж байсан. Тухайн үед тракторчноор ажиллуулахдаа эхлээд дагалдангаар ажиллуулж байгаад тракторчноор ажиллуулдаг байсан юм. З.Бибиш нь 1980-1991 он хүртэл буюу нэгдэл тартал 1991 он хүртэл тракторчноор ажиллаж байгаад 1992 оноос Баянмөнх” ХХК-д тракторчин, худгийн моторчин, туслах ажилчин зэрэг янз бүрийн ажил хийж байсан. Бид нэг нутаг усанд, олон жил айл аймаг явсан, би АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа энэ хүнийг ажилд томилж, хамт ажиллаж явсан болохоор З.Бибишийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1974-1984 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар, 1984-1990 он хүртэл зааварлагчаар, 1990-1994 он хүртэл сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Боржигон овогт Зундуйн Бибиш нь 1980 оны 07-р сарын 15-аас 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тракторчноор, 1993 оны 01-р сарын 01-ээс 1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Баянмөнх” ХХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч З.Бибишийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                           

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Зундуйн Бибиш нь 1980 оны 07-р сарын 15-аас 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тракторчноор, 1993 оны 01-р сарын 01-ээс 1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Баянмөнх” ХХК-д тракторчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Бибишийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА